Чөлөөтийн эмэгтэйчүүд шагналын 10 мянган ам.доллараа эмчилгээний зардалд хандивлалаа

“Стамбул-2011” ДАШТ-ий мөнгөн медальт, 2010 оны оюутны ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий мөнгө, “Mongolia Open” ОУТ-ий хошой мөнгөн медальт, ОУХМ Банзрагчийн Оюунсүрэн мөрөндөө хүнд бэртэл авч, дөнгөж 23 настайдаа зодог тайлсан. Урт хугацааны турш маш олон удаа мөрөө мулталж гаргаснаас болж, бугалаганы яс элэгдэн ясанд үрэвсэл үүссэн. Энэ нь түүний амь насанд нь аюул учраад байгаа бөгөөд БНСУ-д яаралтай хагалгаа хийлгэх шаардлагатай болсон.

Б.Оюунсүрэнгийн эмчилгээний зардалд 65 сая төгрөг хэрэгтэй болсон бөгөөд түүнтэй хамт мөр зэрэгцэн хүчин зүтгэж тамирчид, багш дасгалжуулагч, найз нөхөд, хамт олон “Нэг сэтгэл” аяныг өрнүүлээд байгаа юм. МЧБХ-ны шинэ жилийн цэнгүүний үеэр түүнд Монголын чөлөөт бөхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ж.Түмэн-Аюуш, удирдах зөвлөлийн гишүүн П.Гансүх нар тус бүр тав, МЧБХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, гавьяат тамирчин Б.Болд гурав, ДБНХ-ны хүндэт шүүгч, гавьяат эдийн засагч Н.Дүгэрсүрэн нэг сая төгрөгийг хувиасаа хандивлажээ.

Харин Биеийн тамир, спортын газраас Б.Оюунсүрэнгийн эмчилгээнд явах замын зардлыг даахаар болсон юм. Түүнчлэн арванхоёрдугаар сарын эхээр ОХУ-ын Чебоксар хотод болсон Дэлхийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртсэн эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн тамирчид ярилцаж байгаад шагналын 10 мянган ам.долларыг Б.Оюунсүрэнд хандивлахаар болсон нь үнэхээр бахармаар бахадмаар сайхан үйл явдал боллоо.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here