Гэгээн Риана

Далд мэдрэмж, ур чадвараа ашиглаад Женнифер Лауренс, Кристиан Стюарт, Натали Портман нар шиг кинонд жүжиглэх-гүйгээр, эсвэл Селена Гомез, Жастин Бибер, Ариана Гранде, Тайлор Свифт нар шиг тайзан дээр дуулахгүйгээр дэлхий дахинаа алдаршиж болдог гэдгийг харуулсан нэгэн бүсгүйг уншигчиддаа танилцуулах гэж байна.

Ази тивдээ өөрийн өвөрмөц төрх, ид шидийн, аймшгийн гэмээр үзүүлбэрээрээ ялгарч, бас алдаршиж чадсан хүн бол яах аргагүй “Гэгээн Рианна”. Тэрбээр “Авьяаслаг Азичууд” шоунд нурууны хөлс гарам, толгойтой үс босом, дагжин чичирмээр үзүүлбэрүүдийг үзүүлж, Гран при шагналыг хүртэн 100 сая ам.долларын эзэн болж чадсан юм. Шоу шилдгээ олон нийтийн санал асуулгаар тодруулсан бөгөөд бүсгүйн өвөрмөц дүр төрх, гүйцэтгэлд Азийн сая сая хүн саналаа өгчээ. Товчхондоо өнгөрсөн өдрүүдэд дэлхий, тэр дундаа Ази тивийн ард иргэдийн анхаарлын төвд байсан кадруудын нэг бол яах аргагүй тэр байсан учраас “Дэлхийн хүн” буландаа онцолж байна.

Риана хоёр ч үзүүлбэртээ шүүгчдийг оролцуулсан байдаг. Нэг нь Жэй Парк. Түүнийг үзэгчдийн хамт тайзнаа гаргаж, ширээн дээр гарыг нь байрлуулж улмаар өнгөрсөн үеийн сүнснүүдийг дуудан, ширээг нь эргүүлж гайхшруулсан юм. Харин эмэгтэй шүүгч Анггуныг золтой л ухаан алдуулчихаагүй.

Түүний гар дээр чөтгөр шулмын гэмээр дүрс зурсанаас гадна яг араас нь гэнэт гарч ирж цочоосон нь түүний хамгийн шилдэг үзүүлбэр байсан гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Тиймдээ ч шүүгчид одоо ч түүний үзүүлбэрт оролцсондоо айдаг байж магад. Ямартай ч хэд хоногийн турш үзэгчдийг цочоож, айлгаж чадсан тэрхүү өвөрмөц хэв маягтай бүсгүй чухам хэн байв гэдгийг сонирхуулья.

“The Scared Riana” буюу “Гэгээн Риана”-гийн жинхэнэ нэрийг Мариэ Антойнетте Риана Грахарани гэдэг. Тэр индонез хүн. 1992 оны долдугаар сарын 12-нд тэрбээр Индонезийн Жакарта хотод төржээ. Эдүгээ тэрбээр 25 настай. Түүнийг үзэг-чид “Авьяаслаг Азичууд” шоуны үеэр үзүүлсэн үзүүлбэрийнхээ үеэр бүрдүүлсэн дүр төрх, имижээр нь хүлээн авах нь бий. Гэхдээ тэр зүгээр л илбэчин. Гагцхүү түүний имиж нь “Садако Ямамура” байсан хэрэг.

Японы зохиолч Кожи Сүзүкигийн “Бөгж” гэх зохиолоос сэдэв-лэсэн телевизийн уран бүтээлийг уншигчид андахгүй мэдэх билээ. Тэгвэл яг тэрхүү киноны гол дүрийн аймшгийн дүр болох Садаког Риана дуурайж, өөрийн имижээ болгож чадсан юм. Риана улаан богино даашинз, цагаан трико өмсч, үсээрээ нэг нүдээ халхалж, үе үе татаж буй мэт хөдөлгөөнийг үзүүлж байлаа. Энэ нь ч түүний үзүүлбэрийг яг л бодит мэт, тэр үнэхээр нөгөө ертөнцийн далдын хүчтэй харьцдаг мэт харагдаж чадаж байсан гэдэг.

Риана өмнө нь 2014 онд “The Next Mentalist” гэх реалити шоу нэвтрүүлэгт ч оролцож байжээ. Тэр багаасаа л илбийн урлагт шимтэн суралцдаг байсан гэнэ. Түүний шүтээн нь илбийн урлагийн супер од Дэвид Копперфилд. Риана яг л түүн шиг супер од болох хүсэлтэй. Харин энэ удаагийн шоугаар тэр өөрийн шүтээний нэгэн адил алдаршиж чадсан билээ. Бүсгүй нэг дүүтэй аж.

Риана хэр өндөр эсэх нь эргэлзээтэй. Мөн түүний эцэг эх ямар хүн байдаг тухай мэдээлэл ч тодорхой бус байдаг юм байна. Тодорхой бус гэдэг нь илбэчин бүсгүй нэг ч удаа эцэг, эхийнхээ талаар болоод бусад хувийн мэдээллээ олонд дэлгэж байгаагүй гэнэ.

“Гэгээн Риана” хараахан гэрлээгүй. Гэхдээ түүнд найз залуу байдаг, бас болзоонд явдаг эсэх нь эргэлзээтэй. Учир нь тийм ямар ч мэдээлэл олдоогүй юм. Мөн түүнийг найз залуутай эсэхийг ойрын хүрээллийнх нь хэн ч мэддэггүй юм байна. Тэр илбийн урлаг шигээ амьдрал дээр ч оньсого мэт нууцлагдмал бүсгүй аж.

Шоуны дараа түүний менежер Вернон хэвлэлд ярилцлага өгсөн байдаг. Тэрбээр “Шоуны шилдгийн шагнал Рианад маш гэнэтийн зүйл байсан. Учир нь тэр зүгээр л үзүүлбэрээ олон хүнд хүргэхийг хүссэн юм. Миний бодлоор хүмүүс яг түүний үзүүлсэн шиг илбийн үзүүлбэрийг урьд өмнө нь үзэж байгаагүй байх. Тийм учраас олон хүнд хүрч, бас таалагдсан болов уу” гэж ярьжээ. Харин үйлчлүүлэгчийнх нь өвөрмөц хэв маягийн талаар асуухад “Риана төрөлхийн даруу зантай. Чалчих түүний хэв маяг биш” гэж хариулсан байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here