Биткойныг бүү худалдаж ав

-Энэ бол хөрөнгө оруулалт биш мөрийтэй тоглоом юм-

Биткойн худалдан авагчдын тоо сүүлийн үед эрчимтэй нэмэгдэж, өсвөр насныхан их сургуулийн сургалтын төлбөрөөрөө биткойн худалдан авч, гэр бүлүүд нь байраа барьцаанд тавин хөрөнгө орууулалт хийж байгаа бол тэрбумтнууд нийт хөрөнгийнхөө 10 хувиар биткойн худалдан авахыг зөвлөж байна.

Гэхдээ хэн ч биткойн цаашдаа хэрхэн савлахыг тааварлаж чадахгүй байгаа юм. Ханшийн огцом хөөрөгдөл, хакеруудын довтолгоо зэрэг нь эрсдэлийн төвшинг хэт өндөрт хүргэж байна. Үүгээрээ тус валют мөрийтэй тоглоомтой төстэй.

Өчигдрийн байдлаар нэг биткойн 18.168 ам.долларт хүрэв. Үүнийг монгол төгрөг рүү шилжүүлбэл, 44.3 сая төгрөг. Гэтэл уг криптовалют өнгөрсөн жилийн яг энэ үед 1000 ам.доллартай тэнцэж байсан юм.

Харин сар гаруйн өмнө огцом өсч 8000 ам.долларт /19 сая төгрөг/ хүрсэн. Гэтэл түүнээс хойш ердөө долоо хоногийн дотор 35 хувиар нэмэгджээ. Биткойны үнэ цаашид хэд ч хүрч магадгүй байна. Зарим шинжээчдийн тооцож буйгаар, уг валют 200-300 мянган ам.долларт /480-733 сая төгрөг/ ч хүрч магадгүй аж.

Шинжээч Ронни Моас “На­майг анх долдугаар сард Бит­койныг худалдан авахыг са­нуулснаас хойш үнэ нь 500 хувиар өслөө. Одоо энэ байгаа үнэ нь да­хиад 500 хувиар өснө” хэ­мээн CNBC-д өгсөн ярилц­лагадаа дурьдсан бай­на. Тэрбээр өнгөр­сөн зун биткойныг 2018 он гэ­хэд 5000 ам.дол­ларт хүр­нэ гэж таамаг­лаж бай­сан юм. Тухайн үед нэг бит­койн 2600 ам.дол­лар хүрч бай­жээ.

Энэ мэтээр крипто валю­тын зах зээлд томоохон хөөс үүсээд байна. Хэд хоногийн турш тасралтгүй өсч байсан тус валютын өсөл­тийг ажиглавал сүүлийн 2-3 хоногт бууралттай байгаа. Тодруулж хэлбэл, өнгөр­сөн бямба гарагт нэг биткойн 19.700 ам.доллар буюу 49 сая төгрөгтэй тэнцэж байсан бол өчигдөр дээр дурьдсан 18.168 ам.доллар хүрч буурсан үзүүлэлттэй гарсан юм. Үүнээс үзвэл тус валютын өсөлт бууралтыг хэн ч хянаж, тодорхойлох боломжгүй.

Нөгөөтэйгүүр, өнөөдөр биткойн худалдан авч, түүнд хө­рөнгө оруулалт хийсний хэрэггүй гэж биткойноос төрсөн саятан Грант Сабатьер зөвлөж байна. Тэрбээр www.cnbc.com сайтад ярилцлага өгөхдөө яагаад тус валют эрсдэлтэй вэ гэд­гийг гурван үндэслэлтэйгээр тайлбарласан байсан юм.

Грант Сабатьер таван жилийн дотор саятан болсон. Түүний хувьд 2013 онд анх нэг биткойн 72 ам.доллартой тэнцэж байхад 5000 ам.доллароор 69.2 биткойн худалдан авч байжээ. Тэгвэл өчигдрийн ханшаар тооцвол түүний анх биткойн худалдан авсан 5000 ам.доллар 1.257.225 хүртлээ өсчээ.

Энэ талаар тэрбээр “Би өнгөрсөн таван жилийн хугацаанд долоо хоног бүр 80 цаг зогсолтгүй ажиллаж байж хөрөнгийн зах зээл дээр нэг сая доллар босгож чадсан нөр их хөдөлмөртэй маань биткойн өсөлт дангаар даваад гарчихлаа. Энэ бол эргэлзээгүй амьдралдаа олсон хамгийн амархан мөнгө юм.

Гэх­дээ энэ бүхний дараа би биткойн худалдан ав гэж зөвлөж чадахгүй. Өдөр бүр надаас 100 орчим хүн биткойн худалдан авах нь зөв үү гэж лавладаг. Өнгөрсөн долоо хоногт нэг залуу надаас 11000 ам.доллароор хөрөнгө оруулалт хийвэл ямар вэ гэж асуусан.

Энэ бол өнөөдрийн бодит байдалд айм­шигтай санаа юм” гэж ярьсан байв. Үүнд гурван шалтгаан бий гэнэ. Түүний тайлбарласнаар нэгдүгээрт, биткойныг үнэ­лэх боломжгүй. Биткойны ханш дэлхийн зах зээлд хэр хэмжээнд өсч, монгол төгрөгөөр хэдий хэрийн үнэд хүрч буйг дээр дурьдсан билээ.

Блокчайны талаар ямар ч ойл­голтгүй хүн хүртэл биткойныг ху­далдан авч байна. Хүмүүс маш олноороо, хурдацтай уг валютыг худалдан авч буй нь өөрөө биткойныг зөв үнэлэх боломжгүй болгож байгаа аж.

Биткойны ханш нэг өдөрт 20-30 хувиар савлаж буй бөгөөд энэ тохиолдолд маш богино хугацаанд бүх мөнгөө алдах эрсдэлийг үүсгэдэг байна. Иймд ирэх жил мөнгөө хэрэг­лэхээр төлөвлөж байгаа бол бит­койныг битгий худалдаж ав, түүнд бүү хөрөнгө оруул хэмээн тэрбээр зөвлөжээ.

Хоёр­дугаарт, Биткойн ямар ч үнэ цэ­нэгүй байх магадлалтай гэнэ. Бит­койныг үнэ цэнэтэй болгож байгаа хамгийн гол зүйл нь блокчайн тех­нологи. Өөрөөр хэлбэл, бусад крипто мөнгө дэвсгэртээр маш амархан орлуулах боломжтой юм. Гэсэн ч зах зээлд хэрэглэхэд хялбар, сайжруулсан хувилбарууд өдөр бүр гарч байна.

Түүнчлэн технологиос ха­маараад зах зээл хөрөнгийн эргэлт дэндүү том байгаа учраас мөнгө оруулж, гаргахад удаашрал үүсч заримдаа 10 хүртэл хонох тохиолдол байдаг аж.

Тиймээс биткойны анхны технологид хийсэн хөрөнгө оруулалт утгаа алдаж, одоогоор хэ­рэг­лэгчид зөвхөн өсөлтөд хөрөнгө оруулалт хийж эхэлжээ. Нэг үгээр хэлбэл, хөрөнгө оруулалт бус мөрийтэй тоглоом болж хувирсан байна.

Гуравдугаарт, биткойн крипто валютын биз­нес эрхлэгчдийн тайлбарлаад байгаа шиг найдвартай биш аж. Өнгөрсөн долоо хоногт “NiceHash”-аас 70 сая долларын бит­койныг хакерууд хулгайлсан байдаг.

Тиймээс “Coinbase” шиг 200 сая ам.долларын крипто хөрөнгийн зах зээл байсан ч, хакердуулахгүй гэсэн баталгаагүй юм. Учир нь крипто мөн­гөн дэвсгэртийг зохицуулах нэгдсэн хууль дүрэм журам гэж байдаггүй. Тиймээс энэ хөрөнгө оруулалт биш мөрийтэй тог­лоом гэж биткойны саятан Грант Сабатьер тодорхойлсон байв.

Биткойн гэж юу вэ

Хамгийн товчхондоо бол биткойн нь онлайнаар ашиглагддаг виртуал мөнгө юм. Талх худалдан авч, ямар нэг үйлчилгээ авсныхаа төлөө төлдөг манай төгрөг шиг л мөнгөн тэмдэгт. Үүгээр хүссэн бүхнээ худалдан авч, хүссэн үйлчилгээгээ авч болно.

Гэхдээ төгрөгөөс ялгарах хамгийн том ялгаа нь биткойныг зохицуулах банк байхгүй. Анх 2008 оны арваннэгдүгээр сард өөрийгөө Сатоши Накамото гэж нэрлэсэн нэгэн програмист биткойны санааг гаргаж, загварыг нь боловсруулан эх кодыг нь бичжээ.

Тэрбээр аливаа Засгийн газраас хараат бус хүн болгоны хэрэглэж болох аливаа шилжүүлэг хийхэд дундын банк эсвэл гуравдагч этгээдийг ашиглах шаардлагагүй, шимтгэл төлөхгүй мөнгөн тэмдэгт бүтээх зорилготой байжээ.

Гэхдээ Накамотог хэн ч хараагүй, хэн ч түүнтэй ярилцаж байгаагүй, биткойны хөгжлийн эхэн үед бусад хөгжүүлэгчид түүнтэй и-мэйлээр харилцдаг байсан боловч 2011 оноос хойш тэрбээр нэг ч и-мэйлд хариу ирүүлээгүй ор сураггүй алга болжээ.

Түүнийг бодит хүн гэдэгт итгэх хүн бараг байхгүй. Nakamoto-ийн цаана ямар нэгэн байгууллага, эсвэл зохион байгуулалттай бүлэг хүмүүс байгаа гэж үздэг аж. Гэхдээ ихэнх хүмүүс хэн байх нь чухал бус юу бүтээсэн нь чухал хэмээн үзэж биткойныг хөгжүүлж хэрэглэсээр байна. Бүр эдийн засгийн хямралд өртсөн Венесуэль, Умард Солонгос ч эл зах зээлд хошуурч байгаа гэх мэдээлэл байгаа юм.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here