Охин “ээж ээ” гэж дуудсаар амьсгал хураажээ

Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт хоёр настай охин эмч нарын буруутай үйл ажиллагааны улмаас энджээ. Охин өнгөрсөн сарын 28-ны өдрөөс шалтгаангүйгээр халуурч эхэлсэн тул ээж нь нэг хоног харж хоноод маргааш нь буюу ням гарагт аймгийнхаа хүүхдийн яаралтай тусламжийн тасагт очсон байна.

Тухайн үед эмч нь “Түргэн тусламжийн эмч дуудаж үзүүлэхгүй яасан юм бэ” хэмээж, халуун бууруулах эм бичиж өгөөд буцаасан аж. Гэвч, эмийг нь уулгасан ч охины халуун буурсангүй.

Улмаар 39 хүртэлх хэмтэй халуурч эхэлсэн учраас айж балмагдсан Б.Уянга маргааш нь дахин эмч царайчлахад, амбулатортоо очиж үзүүл хэмээн явуулсан байна. Гэвч тус тасгийн эмч ч мөн адил цээжийг нь чагнаж үзээд, хатгаагүй гээд өмнөх эмчийн нэгэн адил халуун бууруулах болон ханиадны эм бичиж өгсөн байгаа юм.

Тэр эмчилгээ ч үр дүнгээ өгөхгүй, охин халуурсаар байсан тул аргаа барсан бүсгүй Улаанбаатар хотод ирж, хувийн хэвшлийн хүүхдийн эмнэлэгт үзүүлсэн байна. Харин хувийн эмнэлгийн эмч нь “Хүүхэд чинь хордлогод оржээ. Яаралтай эмнэлэгт хэвт” хэмээн зөвлөж, хэвтэх бичиг хийж өгсөн байна.

Балмагдаж, бас сандарсан эмэгтэй гэрээрээ ч оролгүй аймгийнхаа нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт охиныхоо хамт очсон байна. Тухайн үед 15.00 цаг өнгөрч байжээ. Улмаар н.Түвшин гэх эмчид бичгээ үзүүлж, өвчний түүхээ нээлгэн эмчилгээгээ бичүүлсэн аж. Тухайн өдөр н.Ганцэцэг гэх эмч жижүүртэй байж таарчээ.

Тэрбээр 18.00 цагийн үед цагийн тариа хийхдээ охиныг нэг удаа чагнаж үзсэн бөгөөд “уух юм сайн өгөөрэй” гэж зөвлөсөн байна. Түүнээс хойш нэг ч удаа өвчтэй охиныг эргээгүй, зөвхөн сувилагчаа л хоёр удаа явуулжээ. Гэтэл 23.00 цагийн тариаг сувилагч хийсний дараа охин огиулж эхэлсэн байна.

Уусан усаа, идсэн хоолоороо огиулж, “ээжээ горшок”, “ээжээ ус ууя”, “ээжээ би унтмаар байна” гэх үгсийг давтсаар байсан гэдэг. Энэ үед бүсгүй эмч, сувилагчийг дуудсан ч, “Эмчилгээг нь хийчихсэн шүү дээ” гэж хэлээд тоогоогүй байгаа юм. Гэтэл гурван өдөр халуурч, хордлогод орсон бяцхан хүүхдийн нүд гэнэт солийж, шүдээ зууж, таталт өгч эхэлжээ. Жижүүр эмч ч ирж.

Гэвч ямар нэг анхан шатны тусламж үзүүлээгүй бөгөөд ирмэгцээ доод давхар руугаа амьсгалын аппарат авчрахаар буцжээ. Тухайн нөхцөл байдлын талаар охины ээж “Хүүхдээ орон дээрээ тавьж бай гэж хэлээд аппарат авчрахаар явсан. Байж байж нэг аппарат авчирч тогонд залгах гэж байснаа болиод тарианы өрөө рүү ороорой гэсэн.

Тэгээд ортол хүүхдийн чинь зүрх зогсчихсон байна гэж хэлсэн. Би итгэж чадаагүй. Та чинь юу яриад байгаа юм бэ гэхэд чи гэрийнхнээ дууд гээд миний охиныг тарианы өрөөнийхөө ширээн дээр тавьж, гараараа зүрхэнд нь иллэг хийсэн болоод өөрийгөө хамгаалахын тулд зүрх нь хэдийнэ зогсчихсон байхад адерналин тарьсан. Хоёр, гурван тариа хийсэн гэж байна билээ.

Тэдгээрийг бүгдийг нь миний охины зүрх зогссоны дараа л хийсэн. Хөөрхий охин минь татах хүртлээ л ээжийгээ дуудсан” гэв. Хүүхдийн тасгийн жижүүр эмчийг аппаратаа авчрах, өөр өрөө рүү шилжүүлэх гэх мэтээр хугацаа алдаж байхад хөөрхий охин таталтандаа амь тэмцэж, ээждээ тэврүүлсэн чигтээ амьсгал хураажээ.

Үргэлжлэлийг “Монголын мэдээ” сониноос уншина уу

1 COMMENT

Leave a Reply to Охин “ээж ээ” гэж дуудсаар амьсгал хураажээ – Шударга нийгмийн төлөө Cancel reply

Please enter your comment!
Please enter your name here