С.Чинзориг: Төрийн албан хаагчдын цалинг 50 хувь нэмэх боломж Засгийн газарт байхгүй

ХНХ-ын сайд С.Чинзоригтой цөөн хором ярилцлаа.

-Засгийн газар 2017 үйл ажиллагааны үр дүнг үнэлж, бусдаасаа өндөр үнэлгээ авсан гурван яамыг шагналаа. Түүний нэг нь танай яам байлаа. 2017 онд ямар ажил хийж хэрэгжүүлснээр энэ шагналыг авав?

-Засгийн газраас 2017 оны үйл ажиллагааны үнэлгээгээр яамдын ажлыг дүгнэсэн. Тэр дундаас өндөр үнэлгээ авсан яамдад шагнал гардуулах ёслолын боллоо. ХНХЯ Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлаараа шалгарч, шагнал авсанд баяртай байна. Яамныхаа хамт олон, нийгмийн түншүүддээ баяр хүзргэе. 2017 онд хууль,  эрх зүйн орчиг боловсронгуй болгохтой холбоотой олон чухал ажлыг хийлээ. Ялангуяа Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль. Залуучуудын хөгжлийн тухай хууль гэх мэт шинэ хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Төрийн албан хаагчиддаа нэг удаагийн урамшуулал олгох асуудлыг шийдвэрлэсэн. Тэтгэврийн нэмэгдэл олгох асуудлыг шийдлээ. Мөн ОУВС-тай хийсэн зарим гэрээнд зарим өөрчлөлт оруулж, тэтгэвэрт гарах насыг 6 насаар нэмснийг гурав болгосон. Гэх мэт олон асуудлыг 2017 онд шийдсэн. Ахмад настнууддаа хишиг олгосон байгаа. Энэ мэт багагүй ажлыг хийжээ. Цаашид ч олон ажлыг хийж, хэрэгжүүлнэ. Хөдөлмөрийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах. Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, ажлын байр нэмэгдүүлэх гэх мэт олон зорилт байна.

-Тэтгэвэрт гарах цагдаа нарын тэтгэврийн хэмжээг шинэ хуулиар бууруулж байгаа гэсэн мэдээлэл гарсан. Тийм зүйл, заалт байгаа юм уу?

-Хөдөлмөрийн тухай хуулиар цэргийн байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэрт гарч буй иргэдийн эрх ашгийг хөндсөн асуудал байхгүй. Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулж, дараалсан таван жилийнхээ цалингийн дунджаас тэтгэврээ бодуулдаг байсныг шинэчилж байгаа.  2019 оноос дараалсан зургаа, 2020 оноос дараалсан долоон жилийн цалингийн дундажаас тэтгэврийг нь боддог болохоор болсон. Ийм л өөрчлөлт орж байгаа. С.Бямбацогт, Ж.Энхбаяр нарын гишүүд яг асуудалтай холбоотойгоор ХНХ-ын сайдад асуулга хүргүүлсэн. Асуулгын хариуг чуулган дээр өгнө.

-Төрийн албан хаагчдын цалинг нэмэхээр ярьж байгаа. Гэхдээ эмч, сувилагч, багш хүнд ажил хийж байгаа хүмүүс цалингаа яаралтай нэмүүлэхээр тэмцэж байна. Мөн 50-иас доошгүй хувиар нэмүүлэх шаардлага ч тавьж байгаа. Энэ хэмжээгээр цалин нэмэх боломж Засгийн газарт байгаа юу?

-Өмнөх Засгийн газар ОУВС-тай Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээ байгуулахдаа 20174, 2018 онд төрийн албан хаагчдын цалинг нэмэхгүй гэж тохиролцсон. Өмнөх Засгийн газар цалин нэмэхгүй гэж гэрээ байгуулсан учраас нэмэх боломжгүй гээд суугаагүй,  бид. Төрийн албан хаагчдын тавьж байгаа шаардлагад бид бодьтой, үндэслэлтэй хандах ёстой. Төрийн албан хаагчдын цалинг нэмэх ёстой гэдэг шаардлагатай би санал нэг байгаа. 2014 оноос хойш төрийн албан хаагчдын цалинг нэмээгүй. Энэ хугацаанд өргөн хэрэглээний барааны үнэ өссөн. Инфляцийн төвшин нэмэгдсэн.

Төрийн албан хаагчдын худалдан авах чадвар тэр хэмжээгээр буурч байгаа. Шинэ Засгийн газар байгуулагдсан цагаас хойш төрийн албан хаагчдын бодит орлогыг нэмэгдүүлэх зорилгоор тодорхой алхмуудыг хийж байгаа. Өнгөрсөн жил 54 тэрбум төгрөгт багтааж төрийн албан хаагчдад ажлын урамшуулал олгосон. Үндсэн цалин нэмэгдээгүй ч гэсэн төрийн албан хаагчдын бодит орлогыг нэмэгдүүлсэн үр дүнтэй ажил болсон гэж үзэж байгаа. Энэ онд 2017, 2018 онд цалин нэмэхгүй гэж ОУВС-тай гэрээ хийснийг өөрчлөөд, энэ оны дөрөвдүгээр улирлаас төрийн албан хаагчдын цалинг инфляцийн төвшинтэй уялдуулан нэмэхээр зөвшилцсөн.

Энэ хүрээнд цалин нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа. Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхдээ жигдхэн л нэмнэ. Улсын хэмжээнд байгаа 192 мянган төрийн албан хаагч байгаа. Багш, эмч, сувилагчдын ажлын ачаалал их байдаг гэдэгтэй санал нэг байна. Гэхдээ 192 мянган төрийн албан хаагчдаа төр ялгавартай хандаж, эхний ээлжинд нэг хэсгийг нэмэх. Эсвэл нэг хэсгийх нь цалинг өндөр, бусдыг нь бага нэмэх зарчим баримтлахгүй. Төрийн албан хаагчиддаа ижил хандах л ёстой. Төрийн албан хаагчдын цалинг 50 хувиар нэмэх боломж Засгийн газарт байхгүй.

-Яагаад?

-Төрийн албан хаагчдын цалинг 50 хувиар нэмэгдүүлнэ гэвэл жилдээ 900 орчим тэрбум төгрөг шаардагдана. Хэрвээ бүтэн жил цалин авна гэж тооцвол үндсэндээ дараа жилийн төсөвтөө 2 их наядын ачаалал нэмнэ л гэсэн үг. Тийм болохоор төрийн албан хаагчдын цалинг нэг удаа шууд 50 хувиар нэмэх боломжгүй. Ямар ч байсан 2018-2020 он хүртэл төрийн албан хаагчдын цалинг бодьтойгоор нэмэгдүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. МҮЭХ-той бид хэлэлцээрийн ширээний ард суусан. Улмаар инфяцийн төвшинтэй уялдуулж, төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх асуудлаар ОУВС-тай хэлэлцээр хийхээр тохирсон. Түүнээс гадна, 2018 оны хоёрдугаар улиралд төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх асуудлаар нэмэлт хэлэлцээр байгуулна гэж тэр үед ярилцсан.

 Энэ хоёр амлалтаа Засгийн газар хоёуланг нь биелүүлсэн. Гэтэл Үйлдвэрчний эвлэлийнхэн тухайн үед хэлэлцсэнээсээ давсан шаардлага тавьж байгаад би харамсаж байна. Цаашид бид жагсаж, цуглах биш. Гурван талт хэлэлцээрээ хийгээд, зөвшилцөж асуудлыг шийдэх хэрэгтэй байна. Нэг тал нь нөгөөдөө хүлээж авах боломжгүй шаардлага тавиад суугаад байвал мухардалд орохоос өөр аргагүй. Өчигдөр Сангийн сайд Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөлтэй уулзсан. Өнөөдөр Сангийн сайд бид хоёр хамтарсан тушаал гаргаж байгаа. Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх ямар эх үүсвэр байгааг судалж, тооцож судлах ажлын хэсгийг байгуулсан. Маш богино хугацаанд Үйлдвэрчний эвлэлийн байгууллагад тооцоо, судалгаа, бодит боломжоо тайлагнаар ажиллаж байна.

-Цалин нэмэхээр бол хувь тогтоохгүй биз дээ. 10 хувиар гэхээр өндөр цалинтай хүнийх нь их, бага цалинтайнх нь бага л нэмэгддэг шүү дээ?

-Одоо бол инфляцийн төвшинтэй уялдуулж нэмнэ л гэдэг байр суурьтай байгаа. Их дээр нь бага, бага дээр нь ахиу нэмнэ гэдэг асуудлыг тодорхой яриагүй байгаа. Ерөнхийдөө Үйлдвэрчний эвлэлийн байгууллагатай тооцоо нийлье. Их дээр нь бага, бага цалинтай дээр нь их нэмье гэдэг асуудлаа ярих гэхээр 50 хувь нэм гэсэн шаардлага тавьчихаад суугаад байна. Тийм болохоор энэ асуудал мухардалд орох шинжтэй л байна даа.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here