Бидэнд буруу байхгүй л дээ

Нөхөр нь архичин болбол архины буруу. Эхнэр уурлавал эмэгтэй болж төрсөн хүйсийн буруу. Хүүхэд түлэгдвэл халуун тогооны буруу. Таргалалттай бол идэж буй хоолны, батгатай бол тамхины буруу. Орцонд хог хаясан байвал СӨХ-ны буруу. Мал үхвэл ган, зудын, шүлхий гарвал өвсний буруу. Хотод өмхий үнэртвэл салхины, утаатай байвал нүүрсний буруу. Мориноос хүүхэд унавал хурдан морины, уралдаан шөнөдөж дуусвал нарны буруу.

Алдаатай бичсэн байвал дүрмийн, эрдэм сураагүй нь Боловсролын яамны, эрүүл бус эмгэгтэй байгаа нь Эрүүл мэндийн яамны буруу. За тэгээд машин осолд орвол замын, ой хээрийн түймэр гарвал хуурайшилтын, мод тариад ургахгүй бол хөрсний буруу. Гэмт хэрэгт холбогдох юм бол хуулийн, ялтан болбол шүүхийн, УИХ-ын гишүүд муу байгаа нь Үндсэн хуулийн буруу. Ядуу амьдарч байвал төрийн буруу. Ер нь ямар ч зүйл, яаж ч байсан монголчууд бидэнд бол буруу байхгүй л дээ. Байх ч ёсгүй. Голдуу л амьгүй зүйлд буруу байдаг билээ. Гэхдээ хаа нэг хүмүүст буруу байх нь бий. Тухайлбал, баян биш байгаа нь эцэг, эхийн буруу.

Гэрт хэрүүлтэй байгаа нь хадам ээжийн буруу. Арчаагүй амьдарч байгаа нь авгайгийн буруу. Тэр бүү хэл хүүхэд нь өөрийг нь дуурайсан залхуу байгаа нь хүртэл эхнэрийн, эрдэм сурахгүй бол багшийнх нь буруу. Эдгээж чадаагүй бол эмчийн буруу. Зам дээр түгжирвэл замын цагдаагийн буруу. Монгол хөгжихгүй байгаа нь дарга нарын, Ер нь явж, явж бид залхуу байгаа нь хятадуудын буруу.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here