Х.Баттулга: Монгол Улс маань гадаадын хөрөнгө оруулалтад ээлтэй 80 улсын жагсаалтад багтаагүй

Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр “Монголын эдийн засгийн чуулган 2018”-д нээж үг хэллээ. Тэрбээр “Хөгжлийн төлөө хүчээ нэгтгэхийн тулд бидэнд нухацтай бодох зүйл нэлээн их байна. Бодит үнэн, сонсоход бэрх гашуун үнэнийг энд ярихаас аргагүй цаг мөч тулгарч байна. Монголчууд бидний хөгжлийн талаар элдвийг төсөөлөн цэцэрхэх, өөр хоорондоо шөргөөлцөлдөн мөчөөрхөх, шүүмжлэн цэцэрхэх болон янз бүрийн гоё нэртэй, дэврүүн төсөл санаачлах зэргээс үл хамаараад Монголын эдийн засагт бодитоор нөлөөлж, эрх ашгаа тулгаж, гацааж бас урагшлуулж байдаг хүчин зүйл бол Их гүрнүүдийн геополитик, гео эдийн засгийн хандлага, хүчний хуваарилалт, таталцал, түлхэлцэл юм.

Олон улсын санхүү, бизнесийн тэргүүлэх сонин “Файнэншл таймс”-д судлаач, нийтлэлч Люси Хорнби (Lucy Hornby) Монголын эдийн засгийн талаар бичихдээ: “Уг нь Монголын уул уурхай, гадаадын хөрөнгө оруулалтын хуулиуд нь дэлхий дээр хамгийн либерал, чөлөөт гэж болохоор юм” гэжээ. Хатагтай Хорнби Монголын уул уурхайн хөрөнгө оруулалтын орчинг дэлхий дээр хамгийн либерал гэж үнэлэхээс гадна Монголын Засгийн газрууд томоохон гэрээ хэлэлцээрүүд хийх бүртээ эрдэс баялгийн хуулиа хөрөнгө оруулагчдын таалалд нийцүүлэн өөрчилж, улам либерал хэлбэртэй болгохоос буцдаггүй хэмээн дүгнэжээ.

Ийм байтал өдий болтол дорвитой хөрөнгө оруулалт хийгдэхгүй байгаагийн шалт­гааныг засаглалын тогт­вор­гүй байдал, шийдвэргүй байдлаас, их гүрнүүдийн геополитикоос хайх учиртайг судлаачид нэгэн дуугаар хэлж байна.
Хөрөнгө оруулалтын хамгийн “таатай” аядуу хуультай гэгдсэн Монгол Улс маань гадаадын Хөрөнгө оруулалтад ээлтэй 80 улсын жагсаалтад багтаагүй байгаа юм. Энэ жагсаалтад урд хөрш маань 50-д, хойд хөрш 60-д эрэмблэгджээ. Бидэнтэй ижил гараанаас хөдөлсөн гэж болохоор Вьетнам 59, Казахстан 64-т эрэмблэгдсэн байна. Үүгээр юуг хэлэх гээд байна гэхээр монголчууд хөрөнгө оруулалтын хуулиа яаж ч зөөлрүүллээ гээд их гүрнүүдийн геополитикт нийцсэн бодлого гаргаж, хэрэгжүүлэхгүй л бол наашаа том хөрөнгө оруулалт хийгдэхгүй. Харьцуулахад 2017 оны байдлаар БНХАУ-ын зүгээс Казахстанд 42.8 тэрбум долларын шууд хөрөнгө оруулалт, 50 тэрбум долларын зээл олгожээ. Хөрөнгө оруулалтын нэн таатай хуультайгаараа болдог бол Монголд үүнээс дутахааргүй л хөрөнгө оруулалт хийгдсэн байх учиртай.

Энэ бүхнийг цаг гарган нуршихын учир нь бүс нутгийн интеграцид нэгдэн орох замаар хөрш гүрнүүдтэйгээ ашиг сонирхлоо нэгтгэхгүйгээр Монголын хөгжлийн талаарх элдэв сайхан төсөөлөл, хөтөлбөр, төслүүд тодорхойгүй төлөвт орно гэдгийг л хэлэх гээд байгаа юм. Монголын эдийн засаг нь гадаад хүчин зүйлсээс дэндүү хамааралтай, дотоод хүчин зүйлээ бүрэн ашиглаж чаддаггүй үлбэгэр нөхцөлд 28 жил тийчилж байгаагийн мөн чанарыг ойлгохгүйгээр бид цааш явж чадахгүй нь ээ.
Өнгөрсөн оны сүүлээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Үндэсний аюулгүй байдлын шинэ бодлогоо зарласны дараахан түүний аюулгүй байд­лын зөвлөх Херберт Макмастер “Геополитик эргэн ирлээ, ингэхдээ хоёр дахин ихэсгэсэн хүчтэйгээр эргэн ирлээ” хэмээн мэдэгдсэн нь өдрөөс өдөрт биеллээ олж байна.

Өнөөдөр дэлхийн хүчний харьцаа, дахин хуваарилалт нь Монгол Улсад таатай, таагүй янз бүрийн нөхцөлийг тулгаж байна. 2017 онд ДНБ 5.1 хувиар өссөн гэдэг тооны цаадтай ердөө л Хойд Солонгосын нүүрсний экспорт олон улсын хориг арга хэмжээнд өртсөнөөр Монголын нүүрсчдэд таатай боломж гарсан явдал бий. Засгийн газар, уурхайчдын нөлөө энд байхгүй гэдгийг хэлмээр байна.
Бүх цаг үед Монголын эдийн засагт бидний өөрсдөө зохицуулж болох дотоод хүчин зүйлсээс илүүтэйгээр биднээс үл хамаарах гадаад хүчин зүйлс нөлөөлж ирсэн, цаашдаа ч нөлөөлөхөөр байна. 1990 оны Ардчилсан хувьсгалын дараа чөлөөт зах зээл, үл үзэгдэгч гар, хувийн өмч эдийн засгийг сэвхийтэл өргөөд явчихна гэх бидний гэнэхэн төсөөлөл бодит байдлын ханыг мөргөн унтарлаа. Үл үзэгдэгч гар үндэсний эрх ашгийг хангаж чадахгүй, харин геополитик бодит үйлчлэлтэй оршсоор байна.

Манай гадаад орчин маш хурдацтай өөрчлөгдөж, шинэ бүлэглэл, талцал үүсэх шинж тэмдэг илэрхий тодорхой болж байна. БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны Өмнөд Солонгос, АНУ-тай харьцах харьцаагаа гэнэт эерэг чиглэлд өөрчилсөн, БНХАУ-ын дээд удирдлага Хойд Солонгосын удирдагчтай сарын дотор хоёр ч уулзсан, Ираны цөмийн гэрээнээс АНУ гарч байгаагаа зарласан, Сири болон Ирантай ОХУ-ын түншлэл зузаарч, Европын холбоо цаашид Америкт найдахгүй болсноо зарлан ХБНГУ-ын зүгээс ОХУ-тай харилцаагаа сэргээхээр чармайж , хийн хоолойн хоёр дахь хойд урсгалын талаар хэлэлцэж эхэлсэн, хятадууд Америктай хийх гадаад худалдаанд буулт хийсэн зэрэг нь геополитикийн эрс өөрчлөлт, түүнийг дагасан гео эдийн засгийн тулгалт, нөхцөлүүдийг авчрах нь гарцаагүй боллоо” гэсэн юм.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here