Цэцийн гишүүдийн сунгаа эхэллээ

Үндсэн хуулийн цэцийн дөрвөн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж дараагийн хүмүүсийн томилгоо яригдаж байгаа билээ. Тухайлбал, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Жанцан, Д.Наранчимэг, Т.Лхагва, Д.Сугар нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж, дараагийн томилгооны нэрс тодорхой болов. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Ц.Нанзаддорж, Г.Туулхүү, Б.Буяндэлгэр нарын хүмүүсийг цэцийн гишүүнд нэр дэвшүүлж байгаа бол УИХ-ын даргын зүгээс Ш.Солонгыг санал болгосон юм. Ингээд тэдний талаарх товч мэдээллийг “Хэн хэн бэ” булангаараа хүргэж байна.

Ц.Нанзаддорж нь арав гаруй жил Төрийн өмчийн хорооны даргаар ажилласан туршлагатай нэгэн. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад өрнөсөн өмч хувьчлалыг бүхэлд гардан хийсэн хүн гэдгээр нь олон нийт мэддэг. Тэрбээр төрийн албанд 18 ажилласан, Говь-Алтай аймгаас гаралтай гэхээс өөр мэдээлэл ховор байгаа юм.

Г.Туулхүү нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд хорих ял эдлүүлэх албаны даргаар ажилладаг. Тэрбээр эрх зүйч мэргэжилтэй, хурандаа цолтой. ШШГЕГ-ын дэд даргаар 2014 оноос өдгөө хүртэл ажиллаж буй. Тэрбээр Гаалийн ерөнхий газар, Дархан-Уул аймгийн шүүхэд ажиллаж байсан аж.

Б.Буяндэлгэр нь Дорнод аймгаас АИХ-д сонгогдсон 19 депутатын нэг. Тэрбээр Эрхүүгийн улсын их сургуулийг хуульч мэргэжлээр дүүргэжээ. Сургуулиа төгссөнөөс хойш аймгийн Засаг даргын Тамгын газар, Залуучуудын холбоонд ажиллаж байсан аж. Мөн хувийн хэвшилд хүч үзсэн бөгөөд 2009 оноос УИХ-ын Тамгын газрын судалгааны төвийн ахлах референтээр ажиллаж байжээ. 2012 оны орон нутгийн сонгуулиар Дорнод аймгийн ИТХ-д ИЗНН-аас нэр дэвшин сонгогдсон байна.

Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугарын бүрэн эрх дууссан учир түүний оронд Ш.Солонгыг УИХ-ын даргаас нэрийг дэвшүүлж байгаа юм. Ш.Солонго нь хуульч мэргэжилтэй, гавьяат хуульч цолтой, төрийн албанд 30 гаруй жил ажилласан, туршлагатай нэгэн аж. Тэрбээр Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр ажилладаг бөгөөд Сайд нарын Зөвлөлийн Хэрэг эрхлэх газарт мэргэжилтэн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт дэс түшмэл, түшмэл, тасгийн даргын үүрэг гүйцэтгэгч, референт, ахлах референт, Хуулийн хэлтсийн дарга зэрэг ажлыг хийж байсан юм.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here