FT: Рио Тинто Оюутолгойн гэрээг цуцлахгүй байхыг Монголд анхааруулав

Их Британийн Лондонд төвтэй “Financial times” сонин Рио Тинто групп Монгол Улсад оюутолгойн төслийн гэрээг цуцлахгүй байхыг анхааруулсан тухай мэдээлжээ. Тус мэдээллийг “Тэд бидний тухай” буланд орчуулан хүргэе.

Рио Тинто групп хэрвээ гадаадын хөрөнгө оруулалтыг улсдаа татахыг хүсч байгаа л бол говьд орших томоохон зэсийн ордын хөрөнгө оруулалтын гэрээг цуцалж болохгүй гэдгийг Монгол Улсад анхааруулав.
Мягмар гарагт болсон Монголын эдийн засгийн форумд Рио Тинто группын Зэсийн группын захирал Арно Сойрат үг хэлэхдээ “Монгол бүх л орц бүрдсэн байгалийн нөөц баялагтай үндэстэн. Гэхдээ зөвхөн татвар, нөөц ашигласны төлбөрт тохиролцоонд хүрсэн тохиолдолд л гэрээ хэлцэл хийдэг. Оюутолгой хэрхэн хөгжиж буйг дэлхий нийт харж байгаа. Энэ бол орон нутгийн хөгжил, бизнесийн шинэ боломж, ажлын байр бий болгох Монголын ирээдүйн хөрөнгө оруулалтын үлгэр жишээ авах туршилтын төсөл юм” хэмээн тэнд хүрэлцэн ирсэн албаныхан, Засгийн газрын сайд нарын өмнө онцлон тэмдэглэлээ.

Байгалийн асар их нөөцтэй, ердөө гуравхан сая хүн амтай Монгол Улсад гадны шууд хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай байгаа юм. Өнгөрсөн жил гэхэд БНХАУ, ОХУ-ын дунд орших тус улс Олон улсын Валютын сангаас тусламж авсан байдаг.
Одоогоор Рио Тинто групп Монгол дахь хамгийн том гадны хөрөнгө оруулагч. Тус групп Оюутолгойн төслийн эхний үе шатанд долоон тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Төслийг бүрэн хүчин чадлаар нь хэрэгжүүлэхийн тулд дахин далд бүтээн байгуулалтын хөгжилд 5.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөөд байгаа юм. Гэвч эдгээр төсөл зогсч магадгүй нөхцөл байдал үүсээд буй. Энэ оны эхээр тус улсын Засгийн газар Рио Тинтод 155 сая ам.долларын татварын торгууль тавьж, УИХ-аас Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсэг байгуулагдсан юм.

Шинжээчдийн үзэж буйгаар гэрээ хэлцлийн хэрэгжилтэд сэтгэл хангалуун бус байгаа нь Оюутолгойн 34 хувийг эзэмших Засгийн газрын шийдвэртэй холбоотой аж.
Рио Тинто далд бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтыг хийхийн тулд Улаанбаатарт мөнгө төлөх шаардлагатай. Тус өрийг төлөх хүртэл ашиг хүртэх боломжгүй.
“Гэрээг хамгаалах, гэрээ байгуулах эрхийг хүндэтгэх нь нэн чухал. Ялангуяа уул уурхай цаг хугацаа, их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг зүйл. Гэрээ, хэлэлцээрийг хүндэтгэж үзэх аваас олон улсын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх болно” хэмээн Сойрат онцолж байв.

Мөн тэрбээр хэлсэн үгэндээ татварын орчныг дурьдаж, “Монгол шиг байгалийн баялагтай орон маргааныг шийдвэрлэх механизмыг бий болгож, бодит байдал, үр дүнд суурилсан чуулга уулзалтыг зохион байгуулж байх хэрэгтэй” гэлээ.
Түүнчлэн, Рио Тинто групп татварын маргаантай холбоотой асуудлаар Монголын Засгийн газартай тохиролцоонд хүрч чадахгүй бол олон улсын арбитрын шүүхэд хандах байр суурьтай байгаа аж.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here