Р.Дүгэржав: Прокурор, цагдаа нар хуйвалдаж хэргийг хэрэгсэхгүй болгосон

0
317

“Чингис Лэнд Девелопмент” группын хэрэгжүүлж буй “Талын зам” төслийг хэрэгжүүлэгчдэд 104 сая төгрөгөө залилуулж, хохирсон Төв аймгийн Борнуур сумын малчин Р.Дүгэржавтай ярилцлаа.

-Та яаж яваад их хэм­жээний мөнгөө залилуул­сан талаараа ярихгүй юу?
-Намайг Р.Дүгэржав гэдэг. Би насаараа ерөнхий боловсролын сургуульд багш, захирал хийж тэтгэвэртээ гарсан хүн. Тэтгэвэрт гарснаасаа хойш Төв аймгийн Борнуур суманд мал маллан амьжиргаагаа залгуулж байна. Зах зээлээс өмнөх үеийн багш нар одоогийн багш нартай ижилгүй байлаа. Хань бид хоёр зах зээл эхлэх үед нэлээд хэмжээний мөнгө цалингаасаа хуримтлуулсан байсан юм. Миний бага хүү Д.Адъяабаатар БНСУ-д ажиллаад, 30 гаруй сая төгрөг хуримтлуулсан. Том хүү маань мал, мах борлуулж хураасаар мөн 30 орчим сая төгрөгтэй болсон байсан. Энэ бүх мөнгөө “Чингис Лэнд Девелопмент” группээс 30 км хурдны зам тавих тендер авсан гэх хүмүүст залилуулаад, хохирчихоод явж байна.

-Таныг залилсан хүмүүстэй та ямар холбоотой байсан бэ?
-Манай бэрийн төрсөн эгчийнх нь хүү болох М.Сугар гэдэг залуу 2007-2014 оныг хүртэл миний хүүгийнд амьдарч байсан. Тэгж амьдрах хугацаандаа М.Сугар “Байгаль” гэдэг компанид түгээлтийн жолоочоор ажиллаж, нойтон салфетка, 00-ийн цаас дэлгүүрүүдэд түгээдэг л хүүхэд байсан. Түгээлтээр явж байхдаа жижигхэн осол гаргаж, М.Эрдэнэсувд гэх хүүхэнтэй танилцсан юм билээ. Тэр хүүхэн М.Сугарыг нэг гадны компанид дэд захирал болгож дэвшүүлсэн гэсэн. Тэр хоёр миний хүүхдүүдийнхээр байнга орж гардаг, мөн М.Сугар олон жилийн турш миний хүүгийнд амьдарсан учраас их ойр дотно харилцаатай байсан. Тэр хоёр нийлснээс хойш жил гаруйн дараа М.Эрдэнэсувдын аав н.Мөнхбаатар гэдэг хүн “Үйлдвэр комбинат”-ын тэнд “Гэгээн өглөө” гэдэг хотхонд хоёр өрөө байр авч өгснөөр тэд тусдаа гарсан. Манай хүүхдүүд шинэ байрных нь найранд хүртэл очиж байсан. Түүний дараахан М.Сугар хадам аав авч өгсөн гээд бас “Ланд Круйзер-200” машин уначихсан явж байсан учраас нэлээн боломжийн хадмуудтай болж дээ гэж тухайн үедээ бид ярьдаг байсан.

-Тийм баян хүмүүст жирийн малчин хөгшнийг залилах шаардлага байсан л юм байх даа?
-2014 онд М.Эрдэнэсувд манайд ирээд “Чингис Лэнд Девелопмент” группээс хэрэгжүүлж буй “Талын зам” төслийн гүйцэтгэгчээр манайх ажиллахаар болсон. Би аавтайгаа нийлээд “Абсолют” гэдэг компани байгуулж, компанийхаа нэр дээр 30 км зам тавих эрх авчихлаа. Аав маань БНХАУ-аас замын ажлыг гүйцэтгэх мөнгөтэй компани олно гээд явчихсан байгаа. “Чингис Лэнд Девелопмент” группын Бизнес хөгжлийн захирал П.Баяртай манай нөхөр дотно танил болсон. М.Сугар маань П.Баярт үйлчилдэг. П.Баяр захирал Алтанбулаг-Замын-Үүд чиглэлд тавих 1000 км хурдны замаасаа 30 км зам барих тендерийг манай компанид өгчихсөн байгаа. Тендер авах эрхээ баталгаажуулахын тулд 400 сая төгрөгөө “Чингис Лэнд Девелопмент” группын дансанд байршуул гэж шахаад байна. Аав маань 300 сая төгрөгөө байршуулчихсан байгаа. Одоо нэн яаралтай 100 сая төгрөг хэрэгтэй байна. Та бүхэн туслаач гэж гуйсан.

-Уг мөнгийг авахын тулд ямар нэгэн барьцаа хөрөнгө тавьсан уу. Та нарт юу амласан бэ?
-Миний ээж Дарханы төмөрлөгийн үйлдвэрт нягтлан хийж байгаад саяхан ажлаасаа гарсан. Одоо манай “Абсолют” ХХК-ийн нягтлангаар ажиллаж байгаа. Аав маань Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрт ган бөмбөлөг нийлүүлдэг. Тиймээс авсан мөнгөө найдвартай эргэн төлнө гэж хэлээд авсан. М.Эрдэнэсувдыг бид танина. Нөхөр М.Сугарыг нь бүр сайн танина. Тэгээд боломжтой хүмүүс болоод л охин хүргэн хоёртоо орон сууц, “Ланд круйзер-200” машин авч өгсөн байж таарна гэж бид итгээд мөнгө зээлсэн.

-Хэдэн сарын хугацаанд эргүүлэн төлнө гэж зээлсэн бэ?
-Ердөө 14-хөн хоногийн дотор төлнө гэж хэлсэн. Бид мөнгөө банкинд хугацаатай хадгаламжид хийсэн байгаа. Хүүг цуцлачихаар бидний авах ёстой есөн сая төгрөгийг хэн төлөх вэ гэхэд “Өө наадах чинь асуудал биш. Замын ажил гэдэг чинь бөөн мөнгө. Замын тендэрээ авчих л юм бол БНХАУ-ын хөрөнгө оруулагчдын мөнгө шууд ороод ирнэ. Тэр үед та нарт хүүтэй нь буцааж төлнө. Банкнаас авах ёстой хүүгээ дээр нь нэмээд бич” гэж хэлсэн. Бид гэхдээ М.Сугарт тэр мөнгийг зээлээгүй. М.Сугар бол манайханд толгой хорогдож байсан шалдан залуу шүү дээ. Харин М.Эрдэнэсувд бол өөр. Ядаж л аав, ээж нь боломжийн амьдралтай гэж бодсон учраас би өөрийнхөө болон хоёр хүүгийн хадгаламжид байсан бүх мөнгийг М.Эрдэнэсувдад өгсөн.

-Яг хэдэн төгрөг өгсөн бэ?
-Би өөрийнхөө данснаас 37.5 сая төгрөгөө бэлнээр өгсөн. Бага хүү маань байрны урьдчилгаанд хадгалж байсан 30 сая төгрөгөө болон өөрт байсан 7.5 сая төгрөг нэмээд 37.5 сая төгрөгийг М.Эрдэнэсувдын данс руу шилжүүлсэн. Том хүү маань мөн хадгаламжиндаа байсан 30 сая төгрөгөө өгсөн. Нийтдээ 104 сая төгрөгийг М.Эрдэнэсувдад 2014 оны арваннэгдүгээр сарын 10-нд бэлэн болон бэлэн бусаар зээлсэн. Ингээд 14 хоносон мөнгө байдаггүй. Зээлээ төлөх хугацаа болж байна гэж асуусан чинь “Чингис Лэнд Девелопмент” группээс замын тендерээ авчихсан. БНХАУ-аас хөрөнгө оруулагчид маань мөнгөө шилжүүлэхгүй байна. Хэрвээ мөнгө ороод ирвэл тэр дор нь өгнө л гэсэн байдаггүй. Бид хөөцөлдөж хөөцөлдөж арай гэж тэднээс 30 сая төгрөгөө буцааж авсан. Үлдсэн 74 сая төгрөгөө одоог хүртэл авч чадаагүй. Хэрвээ тэр 104 сая төгрөгөө банкинд хадгалуулж байсан бол дөрвөн жилийн хугацаанд 119 сая төгрөгийн хүү бодогдох байсан.

-Авах мөнгөнийхөө оронд байр, машиных нь аль нэгийг авч болоогүй юм уу?
-Зээлээ төлөхгүй байгаа юм чинь байрыг нь авна гээд найр хийгээд байсан байранд нь очсон чинь нь түрээсийнх болж таарсан. Машиныг асуусан чинь мөн л байхгүй болж таарсан юм. Сураглаад хөөцөлдөөд байсан чинь М.Эрдэнэсувдын аав, ээж хоёр нь АНУ руу явсан болохыг мэдсэн. Харин М.Эрдэнэсувд, М.Сугар нар ор сураггүй алга болцгоочихсон. Ингээд арга мухардсан учраас хоёр жилийн дараа буюу 2016 онд Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст өргөдөл өгсөн. Анх тус хэрэгт н.Баттуяа гэдэг байцаагч томилогдоод тухайн өдөртөө М.Эрдэнэсувд, М.Сугар нарт хилийн хориг тавиулж нэлээн шуурхай ажлаа эхэлсэн. Гэтэл удалгүй тус хэрэг н.Цогзолбоо гэдэг байцаагчид шилжсэнээс хойш уг хэргийг шалгах ажил замарсан. н.Цогзолбоо тус хэрэгт цагдаа хүнээс гарамгүй хөнгөн хуумгай хандсан.

-Чухам яаж?
-Биднээс мөнгө зээлж авсан М.Эрдэнэсувдыг нэг л удаа дуудаж уулзсан болоод орхичихсон байсан. Харин биднээс мөнгө зээлээгүй М.Сугарт бүх бурууг чихэж, хэргээ үүрүүлэхийг оролдсон. Цагдаа М.Сугарыг хэсэг хугацаанд барьж хорьсон л юм гэсэн. М.Эрдэнэсувдын аав н.Мөнхбаатар гэдэг хүн, эхнэр охинтойгоо нийлж бусдаас их хэмжээний мөнгө залилчихаад тэр хэргээ хүргэн рүү гээ чихэж асуудлыг шийдэхийг оролдсон. Бид М.Сугарт биш М.Эрдэнэсувдад мөнгө зээлсэн учраас түүнээс л мөнгөө гаргуулж авахыг хүсээд байгаа. Тэгэхэд энэ хэрэг дээр ажилласан н.Цогзолбоо байцаагч, Баянгол дүүргийн прокурор М.Мөнхцэцэг нар ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилтэйгээр тус хэргийг хэрэгсэхгүй болгон хаасан байсан. Анх Эрүүгийн хуулийн 148.4 дүгээр заалтаар эрүүгийн хэрэг үүссэн боловч явцын дунд Эрүүгийн хуулийн 152.1 гэдэг заалт болж зүйлчлэл нь өөрчлөгдөөд уг хэрэг хэрэгсэхгүй болон хаагдсан. Би Баянгол дүүргийн байцаагч н.Цогзолбоо, прокурор М.Мөнхцэцэг хоёр хуйвалдаж, уг хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж боддог.

-Бусдын их хэмжээний мөнгийг залилсан хэргийг хэрэгсэхгүй болгон хааж болдог юм уу?
-Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хаасан байна билээ. Тиймээс бид хэрэгсэхгүй болгон хаасан асуудлыг эсэргүүцэж, УЕПГ-т гомдол гаргаад байгаа. УЕПГ-аас уг хэргийг хянаж үзээд “Мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу явагдсан байна. Уг хэргийн гэрчүүдээс мэдүүлэг аваагүй байна” хэмээн Баянгол дүүрэг рүү дахин шалгуулахаар буцаасан. М.Эрдэнэсувд, М.Сугар нарт хилийн хориг тавьж өгөөч ээ гэдэг хүсэлтийг прокурорт гаргахад “Шинэчлэгдэн найруулагдсан эрүүгийн хуулиар шүүхийн шийдвэрийн дагуу хилийн хориг тавьдаг болсон” гэж хэлээд халгаагаагүй.

-Хэрэгт илт хайхрамжгүй хандсан прокурор, цагдаа нарт хариуцлага ногдуулсан уу?
-Хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн, мөнгө авсан хүнийг шалгаагүй гэдэг үндэслэлээр гомдол гаргасны дараа М.Мөнхцэцэг прокурорт сануулах шийтгэл оногдуулсан байна билээ. Ийм шударга бус прокурорууд хүний амьдралаар тоглож байна. Баянголын прокурорууд нийлж, мөнгөтэй хүнд үйлчилж байгаад гомдолтой байгаа. Луйварчид бидний мөнгийг залилж авчихаад, тэр мөнгөө прокурор цагдаадаа өгч хохирогчдын эсрэг шийдвэр гаргуулж байна гэж би сэжиглэж байгаа. Ийм хачин нийгэмд л бид амьдарч байна даа. Одоо залилагчид нь хөлжөөд хохирогчид бүр хохирдог цаг болж. Тэр ч бүү хэл прокурор, цагдаа нар миний гаргасан өргөдлийг хэрэгсэхгүй болгон хаачихаад бидэнд тэр тухайгаа мэдэгдэхгүй хав дарсан байсан.

-Хав дарсныг нь та яаж мэдсэн бэ?
-Цагдаа, прокурор дээр хэргийг хэрхэн шалгаж байгааг асуухад “шалгаж байна” гэж хариулдаг байсан. Ингээд таг болчихоор нь УИХ-ын дарга М.Энхболдод бид өргөдөл гаргасан юм. УИХ-ын даргаас ирүүлсэн хариу албан бичигт “Бидний их хэмжээний мөнгийг залилсан асуудлыг хэрэгсэхгүй болгон хаасан тухай прокурорын тогтоолын хуулбарыг хавсарган ирүүлсэн. Ингэж л бид хууль хүчний байгууллагынхан хууль бусаар ажилласан болохыг нь олж мэдсэн.

-Цагдаа, прокурорын байгууллага уг хэргийг шударгаар шийдэх найдвар боломж байгаа болов уу?
-Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нь өөрчлөгдсөнөөс хойш прокурор цагдаа нар өөрчлөгдөж байгаа юм шиг байна. Хариуцлага хяналтыг чангатгаж байгаа шинж байдал ажиглагдаж байна. УЕПГ-т дахин гомдол гаргахад бидний зовлонг ойлгож, хохирлыг минь барагдуулах талаар идэвхтэй ажиллаж магадгүй нь гэдэг итгэл төрөөд байгаа. Прокурорын газраас хэргийг эхнээс нь дахин шалга, иргэдийн хохирлыг барагдуул гэсэн үүргийг өгсөн. Нэг зүйлийг нэмж хэлэхэд “Эрдэнэт” үйлдвэрийг гадаадын банкны барьцаанд тавьсан асуудал шүүхээр тогтоогдонгуут Монгол Улсын Засгийн газар “Жаст” группын авсан зээлийг хүүгийнх нь хамтаар төлөхөөр боллоо гээд сүүлийн үед сурталчлаад байх болсон. Тэгтэл жирийн иргэн их хэмжээний мөнгө залилуулаад хохирлоо нэхэмжлэхээр та нар яах гэж зээлсэн юм. Та нарын алданги хүүг төлөхгүй. Үндсэн зээлийг чинь төлүүлбэл их юм гэж хариулж байна. Монголын хууль хохирогчдын талд биш харин мөнгөтэй залилагч луйварчдын талд үйлчилдэг болж.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here