Жирэмсэн эмэгтэйчүүдийг хоорондоо “шидэлцдэг” төрөх эмнэлгүүд

Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг байсан иргэн Б.Болд Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороонд шинээр баригдсан хороололд орон сууц худалдан авчээ. Тэрбээр шинэ байрандаа нүүн орсон даруйдаа эхнэрийнхээ хамтаар Сонгинохайрхан дүүргээс хасалтаа хийлгэж, Хан-Уул дүүргийн шинэ хаяган дээрээ албан ёсоор бүртгүүлсэн байна.
Тэднийх шинэ байрандаа нүүн орсноос хойш жил гаруйн дараа эхнэр нь бие давхар болжээ. Гэвч хоёр сар гаруйн дараа ургийн өсөлт зогссон гэдэг нь эхо үзлэгээр тогтоогсон байна. Улмаар яаралтай цэвэрлүүл гэсэн өрхийн эмчийн тодорхойлолттойгоор харьяаллын дагуу “Өргөө” амаржих газар буюу бидний нэрлэж заншсанаар Нэгдүгээр төрөхөд очсон байна.

Гэвч тус амаржих газрын хүлээн авахын эмч хүүхэн та нар хаягаа Хан-Уул дүүрэг рүү шилжүүлсэн боловч паспорт шинээр хэвлүүлж аваагүй байна. Манайх нарийн хуудастай цахим үнэмлэхийг хүчин төгөлдөр гэж үздэггүй. Цаана чинь байгаа ТҮЦ машинаас цахим үнэмлэхийн лавлагаагаа аваад ир гэж хэлжээ.
ТҮЦ машин дээр очоод хорооны тодорхойлолт гаргахаар Хан-Уул дүүрэг дээр бүртгэлтэй хэмээн гарч ирэх мөртлөө цахим үнэмлэхийн лавлагаа гаргуулахаар Сонгинохайрхан дүүрэгт бүртгэлтэй хэмээн зөрүүтэй гарч ирсэн байна.
Албан ёсны шилжүүлэгтэй бичиг баримтыг нь “Өргөө” амаржих газрынхан хүлээн зөвшөөрөөгүй хөөсөн учраас арга буюу ЭХЭМҮТ-д очсон байна. Гэтэл тус төвийнхөн та нар Хан-Уул дүүргийн хүмүүс байна шүү дээ. Харьяаллынхаа дагуу “Өргөө” амаржих газартаа очиж үйлчлүүл хэмээн мөн л буцаажээ.

Улсын амаржих газрууд хүнд суртал гаргаж нэг нэгэн рүүгээ явуулан чирэгдүүлж хугацаа алдах хооронд эхнэр нь доошоо цус алдаж эхэлсэн тул Б.Болд яаралтай хувийн эмнэлэгт хандаж цэвэрлүүлсэн байна. Хэрвээ хувийн эмнэлэгт очиж үйлчлүүлэх боломжгүй, мөнгө төгрөгийн гачигдалтай хүн байсан бол төрийн эмнэлгүүдийн хүнд суртлын хооронд чирэгдэж, ноцтой үр дагаварт хүрэх байсныг таашгүй. Энэ асуудлыг сурвалжилж өгөөч гэх хүсэлтийг бидэнд гаргасны дагуу Нэгдүгээр төрөхөд очлоо.
Албан ёсны шилжүүлгээ хийлгэсэн нарийн хуудастай хүнд “Өргөө” амаржих газар үйлчлэхгүй байна гэх гомдол нэг бус удаа би сонсож байсан билээ.

“Төрөх эхийг хүлээж авахдаа оношноос нь урьтаж хаягийг нь хардаг болоод удаж байна”

Иргэний гомдлын мөрөөр “Өргөө” амаржих газарт очиж тус амаржих газрын эмчилгээ эрхэлсэн захирал Ц.Мөнхцэцэгтэй уулзаж дээрх асуудлыг тодруулахад, Яаралтай тусламжийн тасгийн эх барих эмэгтэйчүүдийн их эмч н.Оргилсайхантай холбож өгөв. Цахим иргэний үнэмлэх болон шилжүүлэг хийлгэсэн нарийн хуудастай ирсэн эхэд яагаад тусламж үйлчилгээ үзүүлээгүй талаар түүнээс асуухад “Хоёр, гурван жилийн өмнө манай эмнэлэг ирж байгаа эхчүүдээс шилжилт хөдөлгөөн хийгдсэн цахим үнэмлэх авчрахыг шаарддаг байсан. Энэ асуудал нэг сар орчим үргэлжилсэн бөгөөд иргэдээс гомдол санал их ирсэн. Мөн ОӨУБЕГ-аас хоёр удаа дээрх асуудлыг зогсоож, иргэдэд хүндрэл учруулахгүй үйлчлэх талаар албан бичиг ирсний дагуу тэгж шаардахаа больсон. Манай эмнэлэгт Хан-Уул, Баянгол, Чингэлтэй, Багахангай дүүргийн иргэд үйлчилгээ авах ёстой. Гэвч Баянзүрх, Сүхбаатар дүүргийн иргэд манай эмнэлэгт төрөх хүсэлтэй байдаг.

Гомдол гаргасан иргэний хувьд хорооны тодорхойлолт юм уу бичгийн цаасан дээр хөх тамга дарсан албан ёсны тодорхойлолтгүй хүн байсан байх. Түүнээс биш Хан-Уул дүүргийн иргэн мөн л бол бид авах ёстой. Хэрэв хурууны хээгээр лавлагаа авахад Сонгинохайрхан дүүрэг гэж гарч ирсэн бол ЭХЭМҮТ хүлээж авах ёстой байсан. Шилжилт хөдөлгөөний энэ замбараагүй байдал иргэд болон бидний ажлыг хүндрүүлэн үл ойлголцол гарахад хүргэдэг. Яаралтай, амь насны заалттай, цус алдсан, төрөхөөр завдсан, ус нь гарсан эхэд бид харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлдэг” гэсэн юм. Төрөх эхийг хүлээж авахдаа оношноос нь урьтаж хаягийг нь хардаг болоод удаж байна гэх тайлбарыг өглөө. “Өргөө” амаржих газрын эмэгтэйчүүдийн их эмч Б.Амаржаргал “Өдөрт 100-120 эх яаралтай тусламжийн төвөөр үйлчлүүлдэг. 50-60 эхэд стор нээж хэвтүүлдэг. Жилдээ 15-16 мянган эх манай эмнэлэгт төрдөг. Бид эмнэлгээс эмнэлэг рүү шилжүүлэхдээ анхаарал, хариуцлагатай байж эрсдэлээ нарийн тооцдог. Манай харьяалал биш эхчүүд төрөл садныхаа хаяг дээр ганцаараа шилжүүлэг хийлгээд харьяалал болоод ороод ирдэг. Эмнэлгээс гарч хүүхдийн гэрчилгээгээ авахдаа буцаад хаяг руугаа шилждэг. Энэ асуудлыг бодлогоор зохицуулах шаардлагатай байна. Заавал хаягийн өөрчлөлт хийж байхаар эхчүүд хүссэн газраа төрж болох бөгөөд эрүүл мэндийн зарим үйлчилгээг төлбөртэй болговол энэ хүндрэл амархан шийдэгдэнэ гэж бодож байна” гэсэн юм.

17-той охин 22 настай хүний цахим үнэмлэх ашиглан төрсөн тохиолдол гарчээ

Үүний дараа ЭХЭМҮТ-ийн яаралтай тусламж, хүлээн авах тасгийн хаалгаар ороход таваар гагнагдсан зургаан эгнээ сандал байрлуулсан хүлээлгийн өрөөнд 10 гаруй хүн сууж байв. Тус төвд төрөхөөр ирсэн эхчүүд дор бүрнээ хувийн бэлтгэлээ базааж, тор цүнхэнд шаардлагатай эд зүйлсээ хийж барьцгаасан байв. Гэтэл тус эмнэлгээс гарч ирсэн тулгар биетэй эмэгтэй “Манай харьяалалтай иргэн биш байна. Нэгдүгээр төрөх рүү яв гэж байна” хэмээн гарч ирсэн юм. Төрөхөөр ирсэн эхчүүдийг харьяаллын биш хэмээн буцааж буй асуудлыг тодруулахаар Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч М.Камаратай цөөн хором уулзаж, зарим зүйлсийг тодруулахад “Манайх гуравдугаар шатлалын эмнэлэг учир 21 аймгийн болон бүх амаржих эмнэлгийн хүндэрсэн эхчүүдийг хүлээн авдаг. Сонгинохайрхан дүүргийн 10 хорооны эхчүүд харьяаллын дагуу ЭХЭМҮТ-д үйлчлүүлдэг. Мөн Эрүүл мэндийн сайдын 338 дугаар тушаалын дагуу нэмэлтээр зарим тусламжуудыг үзүүлдэг. Жишээ нь, үр шилжүүлэн суулгасан эх жирэмсэн талаасаа асуудалтай бол, улсын хэмжээний бүх зүрх судасны өвчтэй эхчүүд, мөн олон урагтай жирэмсэн болон ураг нь төрөөд шууд хагалгаанд орох гэх мэт тав зургаан заалтаар хүмүүсийг авч үйлчилдэг. Тэгэхээр манай ачаалал маш их гэсэн үг. Тийм учраас дураараа ирсэн хүмүүсийг харьяаллын дагуу шилжүүлэх шаардлагатай байдаг. Гэхдээ маш хурдан хариу үйлчилгээ үзүүлэх шаардлагатай өвчтөнүүдийг буцаадаггүй. Эхчүүдийн тухайн үеийн нөхцөл байдлыг үнэлж, эрсдэлийг тооцсоны үндсэн дээр харьяалалтай газарт шилжүүлэх арга хэмжээ авдаг.

Улаанбаатар хотод оршин сууж байгаа жирэмсэн эх хаана ч хяналтад байж болно. Төрөх эмнэлгээр үйлчлүүлэхдээ цахим үнэмлэхийн хаягаар л үйлчилгээ авах ёстой. Манай иргэд асар хэнэггүй. Хөдөөнөөс хотод орж ирээд 15 жил амьдарсан хэрнээ хаягийн шилжүүлэг хийгдээгүй байх жишээтэй. Цахим үнэмлэх нь орон нутгийн харьяалалтай, жирэмсний хяналтын дэвтэр нь хотын дүүргийн хаягтай байдаг нь хүндрэл будлиан үүсгэдэг гол нөхцөл болдог.
Мөн эхчүүд ЭХЭМҮТ-д төрөх сонирхолтой байдаг. Энэ үүднээсээ хороондоо түр зуурын хуурамч шилжилт хөдөлгөөн хийлгэдэг тохиолдол их байдаг. Эмнэлэгт хэвтэх үед эхийн хаяг тодорхой байх ёстой. Манайд ирэхдээ нэг хаягаар хэвтдэг. Эмнэлгээс гарах болохоороо би бичүүлсэн хаягтаа биш жинхэнэ хаягандаа тодорхойлолт авмаар байна гээд зогсоод байдаг.

Дээрээс нь манай эмнэлэгт хөдөө орон нутгийн оюутнууд их ирдэг. Оюутан хүүхдүүдэд янз янзын асуудал их гаргадаг. Жишээ нь, хүүхдээ орхиод явна. Төрөхөөр ирэхдээ цахим үнэмлэхгүй ирнэ. Хаягаа худлаа буруу хэлнэ. Нэгэнт цахим үнэмлэхгүй ирсэн яаралтай тусламж шаардлагатай тохиолдолд амаар нь хаягийг нь бичиж аваад л явуулдаг байсан. 2014 оноос хаягийн асуудлыг цэгцлэх үүднээс ОӨУБЕГ-т хүсэлт тавьж ТҮЦ машиныг байрлуулсан. Эмэгтэйчүүддээ зөвлөхөд жирэмсэн болсон үеэсээ эхлээд бичиг баримтаа бэлдэх ёстой. Манай эмнэлэгт 17-той охин 22 настай хүний цахим үнэмлэх ашиглан төрсөн тохиолдол хүртэл гарсан. Цахим үнэмлэхээ бүртгүүлэх үед манай эх баригч анзааралгүй сторийг нь нээгээд гаргасан байдаг. ТҮЦ машины лавлагаа нь энэ бүх эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга” гэв.
Төрөх эмнэлгүүдэд очиход өөдөөс ийм тайлбар тавин өөрсдийгөө өмгөөлцгөөж байв. Монгол Улс цахим бүртгэлд шилжээд багагүй хугацаа өнгөрсөн. Цахим үнэмлэхийн лавлагаа нь зөрүүтэй гарч байгаа явдал ОӨУБЕГ ч буруутай санагдсаныг нуух юун. Хэрвээ “Өргөө” амаржих газар нарийн хуудас бүхий үнэмлэхтэй иргэнийг хүчингүй бичиг баримттай хэмээн чирэгдүүлээгүй байсан бол ийм асуудал анхнаасаа үүсэхгүй байсан хэмээн бидэнд гомдол гаргасан Б.Болд нэмж хэлсэн юм.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here