Л.Буянтогтох: Төгсөлтийн баяр нэрээр мөнгө хураасан иргэнийг 100 мянган төгрөгөөр торгоно

БСШУС-ын яамнаас сурагчдаас төгсөлтийн баяр нэрийдлээр мөнгө хураахыг хориглосон. Гэвч, уг шийдвэр бодит байдалд хэрэгжилгүй, эцэг эхчүүдэд санхүүгийн дарамт учруулж байгааг иргэд шүүмжилж байгаа юм. Тиймээс төгсөлтийн баярын үйл ажиллагаатай холбоотойгоор мөнгө хураасан тохиолдолд ямар хариуцлага ногдуулах талаар Нийслэлийн боловсролын газрын Захиргааны хэлтсийн дарга Л.Буянтогтохоос тодрууллаа.

-Төгсөлтийн баяр нэрээр сурагчдаас мөнгө хураахгүй байх шийдвэр гардаг ч, төдийлөн хэрэгждэггүй. Энэ тохиолдолд ямар арга хэмжээ авч байна вэ?

-Энэ хичээлийн жил есдүгээр ангийг 18663, арванхоёрдугаар ангийг 16200 хүүхэд төгсөнө. Эрдмийн баярын нэгдсэн үйл ажиллагааг тавдугаар сарын 14-нөөс зургадугаар 14-нийг хүртэлх хугацаанд зохион байгуулж байгаа. Энэ хүрээнд 85 их дээд сургууль, 14 МСҮТ, 189 ЕБС-ийн удирдлагад эрдмийн баяр тэмдэглэх тухай шаардлага хүргүүлсэн. Шаардлагын хэрэгжилтийг хангах чиглэлээр хяналт тавьж, биелүүлээгүй газруудад Зөрчлийн тухай хуулиар холбогдох хариуцлагыг хүлээлгэнэ. Үүнээс гадна үйл ажиллагаа явуулах эрхийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авах саналыг холбогдох байгууллагуудад хүргүүлэх юм.

-Зөрчлийн тухай хуулийн дагуу ямар хариуцлага ногдуулах талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Зөрчлийн тухай хуулийн 5.9 дүгээр зүйлд зааснаар иргэнд 100 нэгж, ААН-д 1000 нэгжтэй тэнцэх мөнгөн торгууль ногдуулна.

-Зарим сургууль, цэцэр­­лэгийн эцэг эхийн зөв­лө­лөөс санаачлан мөнгө ху­раах асуудал гардаг. Энэ та­лаар гомдол гаргах бол хэнд хандах вэ?

-БСШУС-ын сайдын эрдмийн баяр тэмдэглэх тухай чиглэл бүхий албан тоотыг аймаг нийслэлийн бүх боловсролын газарт хүргүүлсэн. Энэ дагуу нийслэлийн Засаг даргын албан даалгавар гарсан. Сайдын албан бичиг болон Засаг даргын албан даалгаварт төгсөлтийн баяр арга хэмжээтэй холбоотойгоор ямар нэгэн мөнгө хураах аялал зугаалга хийх болон анги удирдсан багшид бэлэг сэлт өгөхийг бүрэн хориглох тухай тодорхой заасан. Сургууль, цэцэрлэгийн удирдлагууд багш нартаа мэдээлэл хүргэж ажиллах үүрэг өгсөн байгаа. Мөн нийслэлийн өргөдөл гомдол хүлээн авах нэг цэгийн үйлчилгээний газар болон нийслэлийн боловсролын газрын өргөдөл гомдол хүлээн авах 70113030 дугаарын утсаар холбогдож, гомдол гаргах боломжтой.

-Хэрвээ энэ шаардлагыг зөрчсөн нь тогтоогдвол ямар арга хэмжээ авах вэ?

-Сургуулийн захирал, багш нар бол төрийн үйлчилгээний албан хаагч. Төрийн үйлчилгээний албан хаагч нь Хөдөлмөрийн тухай хууль, Багшийн ёс зүйн дүрэм, тухайн ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчил гэж тооцогддог тодорхой заалтууд бий. Зөрчлийн хэм хэмжээнд нь тохируулан сануулах, цалингийн тодорхой арга хэмжээ авах, шаардлагатай бол ажлаас чөлөөлөх, хөдөлмөрийн гэрээг цуцлах гэсэн шат дараатай арга хэмжээ авна. Мөн насанд хүрээгүй хүүхдэд үйлчилсэн цэнгээний газруудад тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна.

-Хуулийн дагуу хариуцлага хүлээсэн багш, удирдах ажилтан бий юу?

-Өнөөдрийн байдлаар байхгүй. Харин өнгөрсөн жил яг энэ асуудлаар зарим захиралд сануулах арга хэмжээ авсан.

-Жил бүрийн хавар хүүх­дүү­дээс анги засварын мөн­гө гэж авдаг. Хуулийн да­гуу сурагчдаас анги зас­ва­рын мөнгө авах ёстой юу?

-Нэг зүйлийг хаа хаанаа ойлгох хэрэгтэй. Улсын төсөвт анги танхим засах мөнгө байдаггүй. Жил бүр сургууль, цэцэрлэгийн төсөвт урсгал засварын мөнгө гэж тухайн сургууль цэцэрлэгийн хүчин чадлаас хамаараад цэцэрлэгт бол 300 мянгаас 1.5 сая, сургуульд 1.5 саяас таван сая төгрөг төсөвлөгддөг. Энэ мөнгө нь сургууйль цэцэрлэгийн хонгил, шат, биеийн тамирын талбай гэх мэт нийтийн эзэмшлийн газрын урсгал засварт зарцуулагдаад дуусдаг. Анги танхимын элэгдэл хорогдлыг засах зайлшгүй шаардлага нь багш сурагчдад тулгарч байгаа юм. Эцэг эхчүүд санаачлагаар Боловсролын тухай хуульд заасан эцэг эхийн үүргийн хүрээнд энэ засварын мөнгийг хураадаг. Харин хууль бусаар тэгшитгэсэн байдлаар ямар нэгэн мөнгө хураахыг хатуу хориглоно.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here