Төрийн тайлангийн цаг буюу “Эдийн засгийн чуулган-2018”

“Монголын эдийн засгийн чуулган-2018” өчигдөр “Хүчээ нэгтгэе” уриатайгаар Төрийн ордонд эхэллээ. Найм дахь удаагаа болж буй энэхүү чуулган энэ жил хоёр үе шаттай болж байгаа гэдгээрээ онцлог. Ердөө сар гаруйн өмнө Монголын эдийн засгийн чуулганы нэгдүгээр шатны хуралдаан ордонд болж байлаа.

Чуулганыг нээж худалч хүнд бүх дарга, сайд үг хэлж, сайхан сайхан амлалт өгч байсан. Энэ удаад ч гэсэн Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга тэргүүтэй хүмүүс бүгд үг хэлсэн. Бүгд л хийж байгаа ажил, цаашид хийх ажлынхаа талаар л тайлан, амлалтын шинжтэй зүйл ярьсан.

“Төр, хувийн хэвшил хамтарч ажиллах ёстой”, “Хуулийн хэрэгжилт, авлигын хяналтын чиглэлд төдийлэн амжилт гаргаж чадахгүй байна гэж биднийг дүгнэжээ. Тийм учраас хууль хэрэгжүүлэх, хээл хахууль, хүнд сурталтай тэмцэх эрхзүйн орчныг улам чангатгах арга хэмжээг Монголын парламент авч хэрэгжүүлэх болно”, “Аж үйлдвэрийн IV хувьсгалыг эхлүүлэх боломжийг бүрдүүлж байна.

Аж үйлдвэрийн салбарын мэдээллийн платформ байгуулж 3400 гаруй жижиг, дунд үйлдвэрийг цахим платформд нэгтгэлээ” гэх мэтээр олон сайхан амлалт, мөрийн хөтөлбөрийн шинжтэй зүйлс ярьсныг дурьдаж болно. Уг нь “Хүчээ нэгтгэе” гэдэг сайхан уриатай чуулган эхэлсэн ч өмнөх уламжлалаараа төрийн сайд, дарга нар л баахан тайлан тавьж, амлалт өгч, тоо дурьдлаа.

Цөөн хэдэн гадныхан ирж, монголчууд тэгэх ёстой, ингэх хэрэгтэй гэдэг зөвлөгөөгөө ч бас өгөв. Яг л 10 жилийн өмнө ярьж байсан сэдэв, хэлэлцэж байсан санаа. 2010 онд анх Монголын эдийн засгийн чуулган болж, ярьж байсан сэдвээс юу өөрчлөгдөв. Юу ч өөрчлөгдсөнгүй гэж хэлэхэд болно.

Ядаж л 2016 онд болсон эдийн засгийн чуулганаар хэлэлцсэн, ярьсан, амласан зүйлээс ажил хэрэг болсон зүйл байна уу. Үр дүн хаана байна. Жил болгон татвар төлөгчдийн мөнгийг “цацаж”, чуулган зохион байгуулдаг. Үр дүн гарсангүй. Энэ жил хувийн хэвшлийнхнийг илүүтэй татан оролцуулж, “Хүчээ нэгтгэе” гэдэг уриаг дэвшүүлсэн ч тэдний үгийг бараг сонссонгүй.

Өглөө сайд, дарга нар нь үг хэлээд л өнгөрсөн. Харин үндсэн хуралдааны үеэр л хувийн хэвшлийнхэнд санал бодлоо илэрхийлэх багахан цаг олдлоо. Энэ талаар МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав “Өглөө дарга нар илтгэлээ тавилаа, гоё гоё тоонуудаа хэллээ.

Олон улсын байгууллагын хэдэн нөхдүүд ярьсан. Хувийн хэвшлийнхэн л байдаггүй. Чуулганы хоёр дахь хэсэгт л хувийн хэвшилд хоёр гурван үг хэлэх бололцоо олголоо. Манай хувийн хэвшлийнхэн, жишээлбэл би сүүлийн дөрвөн жилд дөрвөн Ерөнхий сайдтай хамтарч ажиллаж.

Цаана нь 60 сайд бас бий. Бод доо, жил болгон л нэг Засгийн газартай хамтарч ажиллаж байна. Тэндээс би ямар төрийн бодлого, алсын хараа олж харах юм бэ. Сүүлийн Засгийн газрын сайдууд зургаан сар л ажиллаж байна. Тэд сая хуралдааны үеэр гоё гоё тоо хэлж байна.

Жишээлбэл, ойрын хоёр жилд 32 их наядын хөрөнгө оруулалт орно ч гэх шиг. Багш, эмч нарынхаа цалинд 200 тэрбумыг өгч байгаа хүмүүс яаж 32 тэрбумыг олох юм бэ. Амьдралгүй юм битгий ярь” хэмээн зөвлөх, бухимдахын хооронд ярьж байна.

Эдийн засгийг солонгоруулах зөв гэдэг нь улам бүр батлагдаж байна

Монголын эдийн засгийг төрөлжүүлэх, солонгоруулах ёстой гэж амтай болгон ярьсаар 10, 20 жилийг үдсэн. Гэтэл 2018 онд болж буй эдийн засгийн чуулганы нэг гол сэдэв эдийн засгийг солонгоруулах байлаа. Монголын эдийн засгийг солонгоруулах зөв гэдэг нь улам бүр батлагдсаар байна гэсэн утга бүхий санааг цөөнгүй хүмүүс хэлж байв. MIBG компанийн захирал А.Билгүүн энэ талаар “Монгол Улсын эдийн засаг өрх толгойлсон ээж шиг л болчихоод байна.

Таван сайхан хүүтэй. Таван сайхан хүүгийнх нь нэг нь эрийн цээнд хүрч, гадуур явж биеийн хүчний ажил хийдэг. Тэр хүүгээ уул уурхайн салбар гэж үзье. Нөгөө дөрвөн хүү нь дунд сургуульд сурч байна. Тийм болохоор дөрвөн дүү нь ажил хийдэг болоход 5-10 жил хэрэгтэй биз дээ.

Эдийн засаг солонгорох байдал ийм л байна” хэмээн ярьсан. Монголын төр, хувийн хэвшлийнхэн бусад салбараа хөл дээр нь босгох өөрчлөлт, шинэчлэлийн ажлыг хийж байж л эдийн засаг солонгорох учиртай. Түүнээс биш эдийн засгийг солонгоруулах нь зөв гэж эдийн засгийн чуулган болгон дээр яриад яах билээ.

“Монголын эдийн чуулган-2018” үдээс хойш салбар хуралдаанаар үргэлжилсэн. Салбар хуралдааны заримд нь хувийн хэвшлийнхэн оролцож, асуулт асуусан. Тухайлбал, “Улаанбаатар хотын эдийн засаг ба хөрөнгө оруулалт” сэдэвт хурал болоход хувийн хэвшлийнхэн асуулт асууж, хотын дарга хариулсан маягтай л болсон.

Ямар сайндаа л оролцогчид нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал шиг байна гэж хэлэх вэ дээ. Хотын дарга оролцогчдын асуултад хариулахдаа мөрийн хөтөлбөрийн шинжтэй амлалтуудаа л ярьсаар. “Хариуцлагатай уул уурхай ба хүртээмжтэй өсөлт” гэсэн сэдэвт хуралдаанд оролцогчдоос “Таныхаар хариуцлагатай уул уурхай гэж юу вэ” гэж санаа, бодлыг нь асууж ч байх шиг.

Бүхэл бүтэн эдийн засгийн чуулган болж байхад “Хариуцлагатай уул уурхай гэж юу вэ” гэсэн онолын шинжтэй асуулт асууж, гишүүд, сайд нар, компанийн захирлуудын мэдлэгийг шалгах хэрэгтэй юу. Харин хариуцлагатай уул уурхайг яаж бий болгох талаар бодлого ярьж, шийдэл хайх хэрэгтэй биз дээ.

Бүхэл бүтэн найман жилийн турш болж байгаа эдийн засгийн чуулган нэг иймэрхүү л болж байна. Төрийнхөн хийсэн гээд байгаа, хийнэ гэж байгаа ажлаа тайлагнах өөр хурал олдохгүй байгаа бололтой юм. Татвар төлөгчдийн мөнгөөр чуулган зохион байгуулж, үрэн таран хийж, хувийн хэвшлийнхнээс такс хурааж оролцуулж байж тайлагнах л ёстой байж.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here