УИХ-ын гишүүн О.Баасанхүү Солонгост эмчлүүлнэ

МАХН-ын зарим гишүүд ”Монгол ньюс” мэдээллийн төвд өнөөдөр хэвлэлийн хурал хийв. Хэвлэлийн хурлын үеэр Улсын дээд шүүхийн МАХН-ын дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан асуудал болон О.Баасанхүү гишүүн МАХН-ын нэр бүхий гишүүнд зодуулсан гэх асуудлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.

Энэ үеэр МАХН-ын гишүүн Г.Бямбасүрэн  “Улсын Дээд шүүхийн танхимд МАХН-ын Тамгын газрын дарга Н.Уламбаяр УИХ-ын гишүүн О.Баасанхүү рүү дайрч элэг рүү нь өшиглөсөн, цохисон. Тэр даруйд цагдаад хандаад, шүүх эмнэлэгт очсон. Өнөөдөр шүүх эмнэлгийн дүгнэлт гарах байх. Уг маргааныг Э.Эрдэнэжамъян эхлүүлсэн юм. Гэтэл Ц.Шаравдорж, Ц.Оюунбаатар нар О.Баасанхүүгийн буруу мэтээр ярьж байна лээ. Харин ч тэд өөрсдөө л маргаан эхлүүлсэн байхгүй юу.

Маргааш О.Баасанхүү гишүүн биеэ үзүүлэхээр Солонгос явна. Эмч үзүүлэх шаардлагатай гэж хэлсэн учраас Солонгос явахаас өөр аргагүй болсон. УИХ-ын гишүүний биед халдаж, цохиж зодсон энэ үйлдэл нь МАХН-ын зарим гишүүдийн ёс зүйг харуулж байна. УИХ-ын гишүүн бол ард түмний сонголтоор гарч ирсэн, Үндсэн хуулиар хамгаалагдах бүрэн эрхтэй. Гэтэл Н.Уламбаяр энэ эрхэнд нь хадлаа. Н.Уламбаяр өнгөрсөн оны аравдугаар сард манай намын бас нэг гишүүнийг зодож, танхайрсан. Одоо бол давтан танхайрч байна” хэмээв.

Өнгөрсөн долоо хоногт Улсын Дээд шүүх хуралдаж, МАХН-ын мөрийн хөтөлбөр, дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан байдаг. Шүүх хуралдааны үед О.Баасанхүү МАХН-ын зарим гишүүдтэй ам зөрж, зодуулсан гэх мэдээлэл бий. Уг хэргийн талаар

Ц.Шаравдорж, Ц.Оюунбаатар нар “О.Баасанхүү өөрөө салаавч гаргаад, шүүх танхимд танхайрсан. Энэ талаар УИХ-ын Ёс зүйн дэд хороонд хандана” хэмээн мэдээлж байсан юм.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here