Хүүхдийн тусламжийн 108 төвийн үйл ажиллагааг өргөжүүлнэ

Засгийн газрын 2016 оны 55 тоот  тогтоолоор Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэд “Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв”-ийг  байгуулсан. Тус төвд  сард дунджаар 10 мянга гаруй дуудлагын хандалт ирж байна.  2017 онд 144869 дуудлага хүлээн авсны 3173 тохиолдлыг  аймаг, орон нутгийн ГБХЗХГ, хэлтэс, хамтарсан багт шилжүүлж, 63 хувийг бүрэн шийдвэрлэж, 1392 тохиолдлыг шийдвэрлэхээр ажиллаж байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдрийн А/292 тоот тушаалаар шинэчлэгдэн батлагдсан “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэх журам”-ын 2.1.3.4 дахь заалтад Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвийн тээврийн хэрэгсэлд тусгай болон гэрлэн дохио тавьж хэрэглэх тусгай зөвшөөрөл олгох тухай асуудлыг шийдвэрлэж, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдэд хүүхэд хамгааллын яаралтай тусламж, үйлчилгээ үзүүлэх боломж сайжирсаар байна.

Цаашид тус төвийн үйлчилгээг өргөжүүлж, олон ажил хийхээр төлөвлөн өнөөдөр Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Дэлхийн Зөн Монгол Олон Улсын байгууллага, Мобиком корпораци хамтын ажиллагааны санамж бичгийг үзэглэлээ.

Энэ үеэр ГБХЗХГ-ын дарга О.Алтансүх “Өнөөдөр хүүхдийн тусламжийн 108 утас нь 24 цагийн турш сардаа 10 мянга гаруй дуудлага хүлээн авч, яаралтай хүүхдийн эрхийн зөрчил дээр очиж шуурхай тусламж үзүүлж байна. Бид өнгөрсөн онд 108 утасны төвийн дэргэд хамгаалах байр байгуулж, шуурхай тусламжийн машинтай болгосон нь хувийн хэвшил, төр мөн олон улсын байгууллагын, үр дүнтэй хамтын ажиллагаа юм. Иймд өнөөдөр хамтын ажиллагааны санамж бичгээ үргэлжлүүлэн зурах аз тохиож байна. Энэ нь монголын хүүхдүүдийн хувьд том аз юм. Тийм учраас Дэлхийн Зөн Монгол Олон Улсын байгууллага болон Мобиком корпорацийн хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье” гэв.  Харин Мобиком корпорацийн ерөнхий захирал Тацуяа Хамада хэлэхдээ “Хүүхэд бол маш эмзэг амьтан. Тэр ч утгаараа томчуудын туслалцаа дэмжлэг тэдэнд хамгийн их хэрэгтэй байдаг. Ялангуяа хүүхэд бүр амьдарч буй орчиндоо аюулгүй амьдрах нь чухал. Манай байгууллага нийгмийн хариуцлагын үүднээс Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвийн үйл ажиллагааг дэмжин ажиллаж буй нь ирээдүй хойч үедээ оруулж буй хөрөнгө оруулалт”  гэдгийг онцолсон бол Дэлхийн Зөн Монгол Олон Улсын байгууллагын суурин төлөөлөгч Филипп Эверт “Аливаа ажлыг сайн хийхэд түншлэл хамгийн чухал. Монголын мянга мянган хамгаалал шаардлагатай хүүхдүүд 108 утас  руу залгаад тэдэнд “Биднийг хамгаалдаг хүмүүс байдаг юм шүү” гэсэн итгэл найдвар төрүүлж байгаадаа бид баяртай байна. Бидэнд цаашид хийх маш их ажил бий. Дэлхийд 108 утасны үйлчилгээ нь шилдэг туршлага болгохын төлөө бид хичээн ажиллах болно” гэдгээ хэлсэн юм.

2018 онд Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвийн программын 3 дугаар шатны шинэчлэлийг хийж, хүний нөөцийг мэргэшүүлэх, дуудлагын тоог нэмэгдүүлж, онлайн чат, утасны мессэжээр зөвлөгөө, мэдээлэл өгч, хариу үйлчилгээг чанаржуулна гэдгийг талууд энэ үеэр онцолж байлаа.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here