“Ювентус”, “Наполи” 90 онооны босго давж, “Интер” дөрөвдүгээрт байрт бичигдлээ

Италийн Сери А лигийн 38 дугаар тойргийн тоглолтууд өнгөрсөн шөнө болж өндөрлөлөө. Энэ улиралд “Ювентус” түрүүлэх болзлоо 37 дугаар тойрогт хангасан. Харин сүүлчийн тойрогт “Верона”-г талбайдаа хүлээж авч, 2:1-ээр хожсоноор 95 оноотой түрүүллээ.

Тэгвэл улирлын туршид хүчтэй өрсөлдөөн үзүүлсэн “Наполи” клуб сүүлчийн тойрогт “Кротоне” клубыг талбайдаа 2:1-ээр буулгаж авч, ээлжит хожлоо авлаа. Тоглолтын 23 дахь минутад Милик тооны харьцааг нээж, Кальехон 32 дахь минутад нэгийг нэмжээ. Харин зочин багаас Тумминело 90 дэх минутад нэр төрийн ганц гоол оруулсан байна. Ийнхүү “Наполи” 91 оноо авч, хоёрдугаар байрт шалгарлаа.

Гуравдугаар байрт “Рома” клуб шалгарсан. Сүүлчийн тойрогт “Сассуоло”-г талбайд нь 0:1-ээр хожсон юм. Тэгвэл ойрын хэдэн жил уналтад орчихоод байсан “Интер” клуб энэ улирлын дөрөвдүгээр байраар өндөрлүүлж чадлаа. Сүүлчийн тойрогт гол өрсөлдөгч “Лацио”-г талбайд нь 2:3-аар буулгаж авснаар топ дөрөвт багтах эрхээ авсан.

Доод лиг рүү “Беневенто”, “Верона”, “Кротоне” гэсэн гурван баг уналаа. Мэргэн буучийн жагсаалтыг 29 гоолтой Икарди, Иммобиле  нар тэргүүллээ. Араас нь Дибала 22 гоолтой гуравт бичигдсэн юм. Гоолын дамжуулалтын тоогоор “Лацио”-гийн Луис Альберто 16 ассисттай тэргүүлсэн бол “Наполи”-гийн Хосе Кальехон 15-тай удаалав.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here