Ц.Буянтөгс: Зүрх ачааллаа дийлэхээ болихоор “ажил хаялт” зарладаг

Зүрх бол хүний биеийн цорын ганц зогсолтгүй ажилладаг эрхтэн. Та биднийг унтаж байхад ч, амарч байхад ч, ажиллаж байхад ч зүрх ажиллаж л байдаг. Харин энэ эрхтэн “ажил хаявал” яах вэ. Тэгвэл зогсолтгүй ажилладаг энэхүү эрхтнээ бид хэр анхаардаг бол. Ингээд хүний хамгийн чухал эрхтэн болох зүрх, түүний бүтэц, өвчлөл, цаашлаад мэс заслын талаар “Сонгдо” эмнэлгийн Зүрх судасны мэс заслын их эмч Ц.Буянтөгстэй ярилцсанаа хүргэе.

-Манай улсад зүрхний мэс засал хөгжөөд хэр удаж байгаа вэ. “Сонгдо” эмнэлэгт зүрхний мэс засал хийдэг болсон талаар ярилцлагаа эхлэх үү?

-Монголд зүрхний мэс засал хөгжөөд 50 орчим жил болж байгаа. Зүрх бол хүний биеийн цорын ганц зогсолтгүй ажилладаг эрхтэн. Та биднийг унтаж байхад ч, амарч байхад ч, ажиллаж байхад ч зүрх ажиллаж л байдаг. Харин энэ эрхтэн “ажил хаявал” яах вэ. Тэгвэл зогсолтгүй ажилладаг энэхүү эрхтнээ бид хэр анхаардаг бол. Ингээд хүний хамгийн чухал эрхтэн болох зүрх, түүний бүтэц, өвчлөл, цаашлаад мэс заслын талаар “Сонгдо” эмнэлгийн Зүрх судасны мэс заслын их эмч Ц.Буянтөгстэй ярилцсанаа хүргэе. Анх Улсын гуравдугаар төв эмнэлэгт академич Т.Шагдарсүрэнгийн санаа­чилгаар боловсон хүчнээ бэлтгэж, Зүрх, судасны мэс заслын тасаг байгуулагдсан. Анхны мэс заслууд тэнд л хийгдэж эхэлсэн түүхтэй. Тэр ч утгаараа Монголын зүрхний мэс заслын голомт гэж үздэг. Энэ байгууллагаас л үе үеийн зүрхний мэс заслын эмч нар төрөн гарсан. 2012 оныг хүртэл өөр аль ч эмнэлэгт зүрхний мэс засал хийдэггүй байлаа. Том судас болон зүрхний гэмтлүүд, төрөлхийн гажиг, тээвэрлэх боломжгүй яаралтай тохиолдолд Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрх, судасны мэс заслын тасгаас эмч дуудаж, тухайн эмнэлэгт мэс заслын тусламж үзүүлдэг байсан. 2011 оноос Б.Болдсайхан багшийн хичээл зүтгэлээр “Сонгдо” эмнэлэгт Зүрхний мэс заслын тасаг байгуулахаар бэлтгэл ажил явагдаж эхэлсэн. Б.Болдсайхан эмчийг удам дамжсан зүрхний мэс засалч гэдгээр нь та бүхэн мэдэх байх. Төрийн соёрхолт Ц.Бундан эмч бол Монголын зүрхний мэс заслын анхдагчийн нэг бөгөөд Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрх судасны мэс заслын тасаг түүний нэрэмжит юм.

-Зогсолтгүй ажиллагаатай зүрхэнд мэс засал хийнэ гэхээр санаанд багтахгүй юм. Хагалгааны мэдээгүйжүүлгээс эхлээд өөр байдаг байх. Зүрхийг зогсоож болохгүй биз дээ?

-Тийм ээ. Зүрх бол нэг минут, нэг секунд ч амрахгүй ажилладаг эрхтэн. Зүрх зогсоод таван минут өнгөрөхөд хүн цаашид амьдрах боломжгүй болно. Анх зүрхний мэс засал гипотерми буюу 37 байх ёстой хүний биеийн хэмийг 30-32 хүртэл бууруулж, бодисын солилцоог удаашруулсан нөхцөлд мэс засал хийдэг байсан юм. Сүүлийн үед цусны зохиомол эргэлттэй нөхцөлд хийдэг болсон. Энэ нь зүрхийг системээс тусгаарлаад аппаратаар зүрх, уушги, бөөрний үйл ажиллагааг орлуулж ажиллуулна гэсэн үг. Ингэснээр зүрхэнд хагалгаа хийх, хамгаалах уусмалаар түр зогсоох нөхцөл бүрэлдэж байгаа юм. Үүнийг цусны зохиомол эргэлтийн эмч буюу перфузиологич эмч хийнэ. Зүрхний цоорхой нөхөх мэс засал хийхэд 20-30 минут, хавхлагын хагалгааны үед түүнээс ч удаан хугацаагаар зогсоох шаардлагатай болно. Удаан зогсоох тутам зүрх сэргэхгүй байх эрсдэл нэмэгддэг тул биднээс сайтар бэлтгэл, сэтгэлгээний болон гарын хурд, багийн ажиллагаа шаарддаг. Ерөнхийдөө зүрхний мэс заслыг хийхийн тулд маш өндөр хэмжээнд бэлтгэгдсэн, мэргэшсэн баг бүрдсэн байх ёстой. Хамгийн түрүүнд зүрхний мэс заслын үед мэдээгүйжүүлэг өгөх, хагалгааны явцад биеийн байдлыг хянах, өөрчлөлт илэрвэл нэн даруй арга хэмжээ авах үүрэгтэй нарийн мэргэшсэн нойрсуулагч эмч байх шаардлагатай. Учир нь ихэвчлэн эмийн болон судсан дотуурх эмчилгээ хийх боломжгүй буюу үр дүнгүй байгаа хүнд тохиолдолд нээлттэй мэс засал хийдэг. Цээжний хөндий өөрөө вакум орчин. Гэтэл энэ орчинг нээхэд, эсвэл нээж амжаагүй байхад хүртэл арай гэж ажиллаж байсан зүрх зогсож болно. Тиймээс хүнд тархины үхэл үүсэхээс өмнө маш богино хугацаанд арга хэмжээ авах, цусны зохиомол эргэлтэд холбох шаардлагатай болдог. Мэдээж эмч нартайгаа хамтарч ажиллах ур чадвар, авьяас, хурдтай сувилагч мөн байх ёстой.

-Танай эмнэлэг энэ бүхнийг хэрхэн бүрдүүлсэн нь сонирхол татаж байна?

-Б.Болдсайхан эмчийн чин сэтгэл, өөрийнх нь сонирхол, эцэг, эхээс өвлөсөн мэргэжил, мэдлэг нөлөөлсөн. Зүрхний эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн эмч Н.Доржсүрэн байна. Н.Доржсүрэн эмчийг хамт ажиллаж байсан хүмүүс нь үхэр буугаар ялааг ч онохоор тийм нарийн мэдрэмжтэй гэж хэлдэг. Мөн цусны зохиомол эргэлтийн буюу перфузологич эмч Б.Гэрэлмаа манайд ажиллаж байна. Олон жил ажилласан, маш туршлагатай хагалгааны сувилагч Д.Дулмаа эгч байна. Бүгд Б.Болдсайхан эмчтэй Улсын гуравдугаар төв эмнэлэгт 20 гаруй жил ажиллаж байсан хүмүүс. Түүний хамтран ажиллах саналыг хүлээн авч энд ирцгээсэн. Мөн Герман улсад ажиллаж байгаад ирсэн С.Сувд-Эрдэнэ гэж эмч байсан. Зүрхийг өөрийг нь тэжээдэг титэм судасны мэс заслаар нарийн мэргэшсэн мэс заслын эмч гэсэн үг. Энэ эмчийг жил гаруй ажиллах хугацаанд манайд судас залгах мэс засал нэлээд хийгдсэн.

-Таны хувьд яагаад зүрх судасны мэс засалч болохоор шийдэв. Мөн “Сонгдо” эмнэлгийг юуны учир сонгосон юм бэ?

-Юм их сонин. Хоёрдугаар курсдээ сувилагчийн дадлага хийхдээ л Зүрхний мэс заслын тасагт хуваарилагдаж байлаа. Тэгээд оюутан байхаасаа Б.Болдсайхан эмчийг дагаж, жижиг мэс заслуудад орж эхэлсэн. Тэгээд 2011 онд сургуулиа төгсөх дөхөөд л хаврын шалгалтууд үргэлжлээд гурван сар орчим багш дээр нэг ч очоогүй. Цаг хугацаа ч өнгөрч, шалгалтаа сайн өгч, сургуулиа улаан дипломтой төгслөө. Ингээд л багш дээрээ удаан хугацаанд очоогүй гэмээ цайруулах гээд л улаан дипломоо бариад гуравдугаар эмнэлэгт очив оо. Гэтэл Б.Болдсайхан эмч энд ажиллахаа больсон, “Сонгдо” эмнэлэгт очсон гэдэг юм. Уг нь хажууханд нь сурдаг байж энэ эмнэлгийн үүдээр нь гарч явснаас орж үзээгүй байсан байгаа юм. Ингээд л улаан дипломоо бариад таван давхарт гарч, Б.Болдсайхан эмчтэй орж уулзлаа. Тэгсэн чинь “Яагаад алга болчихдог хүүхэд вэ, маргааш ирж ажилд ороорой” гэлээ. Тэгээд л тэр өдрөөс хойш өнөөдрийг хүртэл “Сонгдо” эмнэлэгт ажиллаж байна. Дөнгөж сургууль төгсөөд ирж байгаа хүн анхандаа мэс заслын сувилагч нартай хамт гараа угаагаад хагалгаанд тусалдаг байлаа. Дараа нь хоёр жил ерөнхий мэс заслын резидентурын курс хийгээд мэс заслын эмч гэдэг үнэмлэх авлаа. Ерөнхий мэс заслаараа хэсэг ажиллаж байгаад Зүрхний мэс заслын нарийн мэргэшил олгох курсэд орж, Улсын гуравдугаар төв эмнэлгийн зүрхний мэс заслын Д.Бат-Ундрал эмчийг дагалдан суралцсан. 2015 оноос хойш нэг баг болоод мэс засал хийж байна.

-Ерөнхийдөө зүрхний мэс заслын багийн нэг эмч л байхгүй бол ажиллах боломжгүй гэж ойлгож болох нь. Танай эмнэлэг аппарат, тоног төхөөрөмжийн хувьд хэр сайн бэ?

-Тэгэлгүй яах вэ. Баг бүрэн бүрэлдэхүүнээрээ байх нь хамгаас чухал. Түүнчлэн аппарат, тоног төхөөрөмжийн хувьд манай эмнэлэг хамгийн сүүлийн үеийн загваруудыг ашиглаж байгаа. Ерөнхийдөө тоног төхөөрөмж талдаа асуудалгүй. Хамгийн гол нь даатгалын асуудал. Тухайлбал, төрөлхийн гажигтай хүүхдүүд байна. Ихэвчлэн өрхийн орлого багатай айлын хүүхдүүд байдаг. Хагалгааны төлбөр олдохгүй эмийн эмчилгээгээр олон жил эмнэлэг дамжин явж байгаад эцсийн шатандаа хүрээд мэс засал хийлгэж байна. Энэ бүхэн иргэдийг эдийн засгийн хувьд туйлдуулж эхэлдэг. Угтаа бол гадны орнуудад эв санааны нэгдлийн зарчмаар даатгалаа төлөөд, шаардлагатай тохиолдолд хувийн байна уу, улсын байна уу хамаагүй өөрөө сонгоод тусламжаа авдаг тогтолцоотой. Манай улсын хувьд өндөр өртөгтэй мэс заслууд улсын эмнэлгүүдэд даатгалд хамрагдах боломжтой болсон. Өөрөөр хэлбэл, мэс засал хийлгэх тохиолдолд даатгалаас мөнгө өгдөг болсон гэсэн үг. Харин хувийн эмнэлгүүдэд тийм боломж одоо болтол бүрдээгүй байна. Зөвхөн оношийн кодын дагуу тодорхой хувийг л хөнгөлдөг. Тийм учраас иргэдийн тусламж үйлчилгээ авахаар хувийн эмнэлгийг сонгох эрх нь хязгаарлагдана гэсэн үг. Зарим өвчтэй хүмүүс эмч, эмнэлгээ сонгоод, санхүүгийн эрсдэлээ өөрсдөө нуруундаа үүрэхээр шийдээд ирдэг тохиолдлууд ч байдаг.

-Иргэдийн хувьд ихэвчлэн ямар зовиур илэрсэн үед ирдэг вэ?

-Зүрхний өвчлөлийг эмийн болон судасны дотуурх эмчилгээгээр эмчлэх боломжтой. Үнэхээр эдгээр эмчилгээ үр дүнгүй байгаад, зүрхний бүтцийн өөрчлөлт болон цус хөдлөлгүй алдагдалтай үед нээлттэй мэс засал хийх шаардлагатай. Мэс засал хийлгэх хүртэл нэлээд удаан явна шүү дээ.

-Сүүлийн үед төрөл­хийн зүрхний цооролттой хүүхдүүд нэлээд төрөх болсон. Зүрх­ний цооролтод юу нөлөөлөөд байна вэ?

-Маш олон шалтгаантай. Нэгдүгээрт удамшил байна. Тухайн хүний ээж, ааваас удамшлын мэдээлэл буюу генийн хувьд өртөмхий бүлэг гэж байдаг. Хоёрдугаарт, гадаад орчны хүчин зүйл байдаг. Агаарын бохирдол, хоол хүнс, стресс ч мөн нөлөөлнө. Мөн гэр бүл төлөвлөлт, эхийн биеийн байдал, ажилтай гэх шалтгаанаар жирэмсний хяналтдаа орохгүй байх ч нөлөөтэй. Дээрээс нь толгой өвдсөн, ханиад хүрсэн, халуурсан, гэдэс өвдсөн гэх мэтээр жирэмсэн байх хугацаандаа эм тариа хэрэглэж байгаа нь нөлөөлж байна. Хяналтдаа орсон ч ургийн гажгийн нарийвчилсан шинжилгээ, ургийн зүрхний бичлэг, эход хамрагдаж чадаж байна уу, үгүй юу гэдэг хүртэл нөлөөлж байгаа юм. Ер нь ураг эхийн хэвлийд байхдаа зүрх нь цоорхой байх ёстой. Төрөөд ойролцоогоор 24 цаг, удлаа гэхэд долоо хоноод битүүрдэг. Учир нь, ураг эхийн хэвлийд байх үедээ амьсгалах боломжгүй тул ихэсээр дамжуулан хүйн судсаараа бодисын солилцоогоо хангаж байдаг. Уушги ажиллаагүй учраас ургийн цусны эргэлт цоорхойгоор дамжин явж битүү хэлхээ үүсгэдэг. Тэгээд хүүхэд төрөөд чанга дуугаар уйллаа. Уйлангуут уушгинд анхны агаар орж, даралтын өөрчлөлтөөр цоорхой хаагдаж, уушгины буюу цусны бага эргэлт ажиллаж эхэлдэг. Зарим хүүхдийн цоорхой битүүрэхгүй байх, эхийн хэвлийд байхдаа таславч гүйцэд хөгжөөгүйгээс цус хөдлөлзүйн алдагдал улмаар зүрхний үйл ажиллагаа алдагдахад хүрдэг. Үүний эхний шинж тэмдэг сэтгэц хөдөлгөөний хоцрогдол, халдварт өртөмхий байх. Ойр ойрхон ханиад хүрэх, амархан хатгалгаагаар хүндрэх нь илүү байдаг. Сэтгэц хөдөлгөөний хөгжил удааширч, цагтаа хөлд, хэлд ордоггүй, биеийн жин бага байх зэрэг шинжүүд илэрнэ. Дээрээс нь чагнаад үзэхээр зүрхэн дотор шуугиан сонсогддог. Шуугиан илэр­сэн тохиолдолд нарийвчилсан зүрхний эхо хийлгэх ёстой. Хүүхдийн зүрхний эхо оношлогоогоор ЭХЭМҮТ хамгийн сайн. Энэ дашрамд хэлэхэд, манай эмнэлэгт ЭХЭМҮТ-д ажиллаж байсан хүүхдийн зүрхний эмч С.Бямбасүрэн ажилладаг. Өмнө нь тэндэхийн тасгийн эрхлэгч байсан хүн. Одоо хүүхдийн зүрхний оношилгоо, эмчилгээ, хяналтыг С.Бямбасүрэн эмч хариуцдаг. Ер нь зүрх, тархи зэрэг чухал эрхтнүүд гадуураа хамгаалалттай байдаг. Тархи гавлын ясан дотор, зүрх цээжний хэнхэрцэг дотор, нөхөн үржихүйн эрхтнүүд бол аарцагт гэх мэт. Тэгэхээр энэ хамгаалалтыг эхо долгион нэвтэрч чадахгүй. Тиймээс хавирганы завсраар, эсвэл аймхайн мөгөөрсний талаас хардаг. Ийм нарийн завсраар нөгөө цоорхойг олж харна гэдэг маш нарийн мэргэжлийн хүний хийх ажил шүү дээ. Тэгэхээр эмэгтэйчүүд хөл хүнд болсон л бол эхний гурван сарын дотор хяналтдаа орох ёстой. Хяналтад орох нь зүгээр цаас бөглөх биш, эрүүл саруул хүүхдээ хүлээж авах бэлтгэл ажил юм гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Насанд хүрсэн хүмүүсийн хувьд амьдралын буруу хэвшил, хэрэглээтэй нь холбоотойгоор зүрхний асуудалтай болсон хүн олон байдаг. Анхны шинж тэмдэг илэрсэн бол яг юунаас татгалзах ёстой вэ?

-Насанд хүрсэн хүмүүст ихэвчлэн зүрхний олдмол эмгэгүүд үүсдэг. Олдмол эмгэгүүдээс мэс засал шаардсан эмгэгийн нэг нь хавхлаг. Хавхлаг нь асуудалтай юм гэнэ билээ гэсэн яриа хүмүүсийн дунд байдаг. Мэргэжлийн хүмүүсийн хувьд хүнд хоёр зүрх байдаг. Баруун болон зүүн зүрх. Зүүн зүрх бол уушгинаас хүчилтөрөгчөөр баялаг цусаа аваад бүх биеэр шахах үүрэгтэй. Баруун зүрх бол биеэс ирсэн муу цусыг уушги руу шахах үүрэгтэй. Хоорондоо тусдаа эргэлдэж байдаг. Гэтэл асуудал юун дээр үүсдэг вэ гэхээр хавхлаг дээр үүсдэг. Зүрх өөрөө цусыг хүлээж авч байх үедээ шахдаггүй. Шахаж байх үедээ хүлээж авдаггүй. Энэ үйл ажиллагааг хавхлагууд хангадаг. Хавхлаг гэдэг өөрөө маш уян зөөлөн, агаарын шүхэр шиг бүтэцтэй оосрууд нь зүрхний булчин дээр бэхлээстэй байдаг. Зүрхний булчингийн хөдөлгөөнөөр оосор хавхлагаа нааш, цааш нь татаж хөдөлгөөнд оруулдаг. Гэтэл хүний биед хоолойны ангина зэрэг архаг халдвар байх, бүрэн эмчлээгүйгээс хавхлаг гэмтдэг. Үүний учир нь архаг халдвар буюу дархлааны тогтолцоо байнга идэвхждэг. Идэвхжсэн дархлааны тогтолцоо нянгийн голомт руу дайрахын тулд асар их хэмжээний бодисуудыг биед ялгаруулдаг. Ялгаруулсан бодис нь цусаар дамжаад гүйлсэн булчирхайд очиж үйлчлэхээс гадна, төстэй бүтэцтэй зүрхний хавхлаг, бөөр болон үений эсүүд рүү дайрч гэмтээнэ. Тэгэхээр андуурч өөрийнхөө эсрэг ажиллаж эхэлдэг гэсэн үг. Архаг эмгэг болохоор хэдэн арван жил үргэлжилнэ. Ингэхээр нөгөө уян зөөлөн байсан зүрхний хавхлаг зузаараад намирсан хөдөлгөөн нь байхгүй болно гэсэн үг. Зүйрлэвэл хаалга бүрэн онгойхгүй, хаагдахгүй гацна гэсэн үг. Зүрхний онгойх талбай багасна. Онгойх талбай багасахаар цугларсан цус доошоо орох нь багасна. Сүүлдээ хатуураад голд нь онгорхой зай үлдэнэ. Зай үлдэнгүүт шахах агшинд цус хаядаг болно. Ингэхээр зүрхний олдмол гажиг үүсдэг. Зүрх маань шахаад явуулсан цусаа буцааж аваад дахиад шахна гэхээр өөрийнх нь ачаалал тэр хэрээр хоёр, гурав дахин нэмэгдэнэ. Зүрх томроод их хэмжээний тэжээл шаардаад, өгч байгаа тэжээл нь хийж байгаа ажлынхаа хооронд зөрүү үүсээд ирэхээр зүрхний үйл ажиллагааны дутагдал гэдэг шинж илэрнэ. Харамсалтай нь, ихэнх хүмүүс дутагдалд орсон үедээ л оношлогдож байна. Дээрээс нь манай орны цаг агаарын байдал их нөлөөтэй. Хүйтэн, дөрвөн улиралтай. Гурван улирал нь хүйтэн сэрүүн байна. Ялангуяа хөдөө мал гэж явдаг хүмүүс даарч хөрөхөд, гэрээсээ гараад аргал түлээгээ аваад ороход хүртэл температурын зөрүүнд орж байдаг. Энэ хүмүүс илүү өвчлөмтгий байх магадлалтай.

-Тэгэхээр хүмүүс юуг анхаарах ёстой вэ. Анхан шатанд нь оношлуулсан тохиолдолд мэс засалд орохгүй юм байна шүү дээ?

-Юуны өмнө урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдаж байх хэрэгтэй. Хүүхэд, том хүн гэлтгүй л жилд хамгийн багадаа нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах ёстой. Түүнээс биш шинж тэмдэг илэрсэн хойно нь үзүүлнэ гэдэг чинь аль хэдийнэ асуудал үүссэн байна гэсэн үг. Солонгос руу гарахад хүн болгоныг эрүүл байна уу гэж шалгаад гаргаж байгаа биз дээ. Яг түүн шиг Монголдоо байгаа хүмүүсийг жил болгон яагаад эрүүл байна уу гээд шалгуулж болохгүй гэж.

-Кофе их уудаг, тамхи татдаг хүмүүс зүрх дэлсээд байна гэдэг. Энэ бас нөлөөтэй байх уу. Кофе уухаар судас нарийсдаг юм уу. Одоо соошл орчинд хүмүүс өөрт тулгарсан зүйлээ бичингүүт дур мэдэн зөвлөгөө өгдөг, эм санал болгодог хүмүүс их байна л даа?

-Нөлөөтэй. Анагаах ухаан туршилт судалгаанд үндэслэдэг. Эм болж хэрэглээнд нэвтрэхэд асар олон туршилт судалгааг давж бүх талаар судлагдсан байдаг. Нөгөө талаар эм бол хор. Заавал эмч үзэж, шинжилээд тухайн хүнд нь тааруулж эмчилгээг бичиж өгөх ёстой. Гэтэл хүмүүс твиттер, фэйсбүүкэд шинж тэмдгээр нь тохируулан эмчилгээ хийх гээд байна шүү дээ. Үнэндээ бол хийх ёстой ажлыг хийх ёстой хүмүүсээр нь л хийлгэх ёстой. Бид яах гэж энэ олон жил сураад байгаа юм. Ялгаа нь тэр байхгүй юу. Кофе, тамхины тухай ойлголтууд юу вэ гэхээр бүгдээрээ төв мэдрэлийн системд нөлөөлж, донтуулдаг, түр зуурын сэргээх үйлчилгээтэй зүйл. Тодорхой хугацааны дараа энэ байдал дахиад үүснэ. Тэгэхээр тамхи татсан, кофе уусан чинь зүгээр болсон гэдэг үндэслэлээр давтан хэрэглэдэг. Ингэж явсаар байнгын зуршил болоод бие нь нэхээд эхэлнэ. Уг нь сэргээх үйлчилгээг нь тохирсон хэмжээгээр хэрэглэж байвал болно. Сүүлдээ донтоод ирэхээр өөрөө өөртөө тавих хяналт үгүй болно. Ийм хэмжээг хэрэглээд болдог байсан чинь нөгөө хэмжээ нь үйлчлэхгүй байгаа юм шиг санагдаад тунгаа нэмдэг ч юм уу. Хоорондох давтамж нь ойртох ч юм уу. Ингэсээр байгаад донтдог. Үнэндээ тамхи, архи бүгд өвчин. Олон улсын өвчний ангилалын сэтгэц болон зан үйлийн эмгэгүүд багтдаг. Тамхичин хүн би эрүүл гэж хэлэх үндэслэл байхгүй. Мөн стресс байна. Стресс бүх биеийг агшилтын байдалтай байлгадаг. Агшилтын байдалтай байсаар байгаад сүүлдээ сулрахаа болино гэсэн үг. Тэгэхээр судас нарийсахад архаг стресс бол хамгийн гол нөлөөтэй. Дараагийнх нь архи. Архи хэрэглээд байхаар судас эхний үедээ тэлнэ. Тодорхой хугацааны дараа агшилт үүснэ. Агшилт үүсээд ирэхээр нарийссан байсан судас агшина. Судас агшилтаасаа болж бөглөрөөд байгаа юм. Дээрээс нь чихрийн шижин гэж айхтар өвчин байна. Нэгдүгээр хэлбэр нь анхнаасаа цусан дахь сахараа зохицуулж чадахгүй байгаа асуудал. Хоёрдугаар хэлбэр нь, таргалалт, эрсдэлт хүчин зүйлүүд, буруу хооллолтоос болоод цусан дахь сахар ихэсч, цус өтгөрнө, судасны хана гэмтэж, хатуурч, нарийсна гэсэн үг.

-Цусаа шингэлэх гэж байна гээд хүмүүс аспирин уудаг. Энэ нь зөв үү?

-Судсаа зөөлрүүлж чадахгүйгээс хойш цусаа шингэлэх арга л үлдэж байгаа байхгүй юу. Судсаа залуугийнх шигээ хадгалахын тулд залуугаасаа л хичээх хэрэгтэй. Түүнээс биш 40, 50 хүртлээ яасан ч яах вэ гэж гаргуунд нь гаргачихаад 50 настайгаасаа хойш судсаа сайхан зөөлөн болгоно, өөх тостой хоол, давсаа багасгана гээд явах юм бол өнгөрсөн 50 жилийн хугацааны асуудал хэзээ ч нөхөгдөхгүй. Тэгэхээр эсрэгээрээ нөгөө сонголт нь юу вэ гэхээр цусаа шингэн байлгах. Шингэн байвал ядаж нарийссан судсаар ч болов урсаад очих газартаа хүрнэ. Ерөнхийдөө биеийн байдлаа аливаа нэг өвчинд тохож болохгүй. Мөн хөгшрөлтийн процесс явагдаж байгаа. Хамгийн гол нь хэр гамтай эдэлснээс шалтгаалаад аль болох удаан хадгалагдах боломжтой.

-Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, сүлжээний цацдаг бэлдмэл эрүүл саруул болгоно гээд байнга л сурталчлах юм. Үнэндээ тийм сайн үйлчилгээтэй байх уу?

-Тийм юм байхгүй. Хүний бие бол сэлбэггүй бүтээгдсэн. Ихэнх хүмүүс өөрийн болон хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндийг тодорхой өөрчлөлт илрэх хүртэл огт анзаардаггүй. Асуудал нэлээд гүнзгийрсэн хойно өөрчлөлт илэрдэг. Энэ үед сэтгэхүй нь ажиллаж эхэлдэг. Яг энэ сэтгэхүйн дээр нь янз бүрийн бүтээгдэхүүн, эм, эмчилгээ санал болгохоор тухайн хүн туршиж үзмээр санагдана. Үнэн хэрэгтээ биологийн нэмэлт бүтээгдэхүүн гэж ЭМЯ-нд бүртгэж авч байгаа бүтээгдэхүүнүүд тодорхой хэмжээнд бодисын солилцоонд нөлөөлдөг зүйлүүд байхгүй юу. Дээрээс нь гол нөлөө нь юу байна вэ гэхээр хүмүүс их сүсэглэж ууж байгаа. Тэгэхээр сэтгэл санааг нь эмчилж байна гэсэн үг. Ийм болохоор тэдгээр бүтээгдэхүүнийг хориглодог ч үгүй, хүлээн зөвшөөрдөг ч үгүй. Тодорхой бүлэг хэрэглээд л явж байдаг. Манайд эрүүл мэндийн боловсрол сул учраас биологийн идэвхит нэмэлт бүтээгдэхүүнийг эм, эмчилгээтэй дүйцүүлэн тавьж, бүр бизнес болоод байна. Энэ мэт давалгаанд өртсөн хүмүүсийн зарим нь эрүүл мэндээ алдаж байна. Үүний оронд эмнэлэгтээ үзүүлээд эмээ ууж байсан бол харин ч цаг хугацааг уртасгана. Зарим нь санхүүгээрээ хохирч байна. Харин 60-аас дээш насны хүн өдөр болгон ганцхан ширхэг аспирин уухад зүрхний шигдээс, тархинд цус харвах эрсдлийг 2-3 дахин бууруулж чадна. Энэ л бодит үр дүн юм шүү дээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here