У.Хүрэлсүх: Улаанбаатарт хар тугалга, хром, цайрын бохирдолт их байна

Монгол орны Хөрс хамгааллын бодлогын хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрөгч баасан гарагийн УИХ-ын чуулганы хуралдаанд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Хүрээлэн байгаа орчныг хамгаалах нөхөн сэргээх асуудал бол Монгол Улсын урт хугацааны бодлогын нэг тулгуур асуудал бөгөөд НҮБ-аас батлан хэрэгжүүлж байгаа Тогтвортой хөгжлийн зорилтуудад томоохон байр суурийг эзэлж байгаа дэлхий нийтийн хөгжлийн зорилтын нэг бүрдэл хэсэг юм. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “хөрс хамгаалах, газрын доройтлыг бууруулах бодлогыг хэрэгжүүлэх”, “бэлчээрийн ашиглалт, хамгаалалтыг сайжруулах, төлөв байдлыг тогтоох, хянах, сэргээн сайжруулах”, мөн “газрын үржил шимийг сайжруулах замаар га-аас авах ургацын хэмжээг нэмэгдүүлэх” зэрэг зорилтууд тусгагдсан бөгөөд Засгийн газар эдгээр зорилтыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Монгол орны хөрс, тариалангийн газар, бэлчээрийн төлөв байдалд Ус цаг уур, орчны эрдэм шинжилгээний хүрээлэн, Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэн болон Байгаль орчин аялал жуулчлалын яамны харьяа бусад агентлаг, орон нутгийн албадын зүгээс хяналт тавьж, элэгдэл, доройтол, бохирдлын байдалд дүн шинжилгээ хийж байна. Хүрээлэн байгаа орчны бохирдол, доройтлын явц нь нэгдүгээрт байгаль цаг уурын өөрчлөлт, хуурайшилт, гамшигт үзэгдлийн улмаас, бүхий л салбарт явагдаж байгаа аж ахуйн болон иргэд, хувь хүний үйл ажиллагаанаас шалтгаалж байгааг эрдэмтэн судлаачид тогтоогоод байна. Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан хур тунадасны хуваарилалт өөрчлөгдөх, жилд орох хур тунадасны хэмжээ зарим нутагт эрс багасч хуурайшилт, цөлжилт үүсэх, бэлчээрийн ургамлын нэр төрөл цөөрч, ургац тааруу болох, байгалийн гэнэтийн үзэгдэл, аадар бороо, үерийн улмаас хөрс усанд элэгдэж эвдрэх, ургамлын ургацанд тааламжтай үржил шимтэй давхарга усанд идэгдэж хомсдох зэрэг сөрөг үр дагавраар илэрч байна. Манай улсын эдийн засгийн салбаруудаас бэлчээрийн мал аж ахуй, автотээвэр, уул уурхайн салбарын үйл ажиллагаа нь хөрс, бэлчээрийн эвдрэл, элэгдэл, доройтолд хүчтэй нөлөөлж байгаа нь өнгөрсөн жилүүдэд хийгдсэн ажиглалт, судалгааны явцад илэрсэн. Хот суурин газруудын төвлөрөл ихэсч, гэр хорооллын эзлэх талбай, автомашины тоо сүүлийн жилүүдэд хурдацтай өсч, гадаргын хог хаягдал, хөрсний бохирдол ихсэх хандлагатай байна. 2014 оны байдлаар Улаанбаатар хотын хөрсний хүнд металлын бохирдолтын ерөнхий төвшин дундаж хэмжээнд байгаа бөгөөд алаг цоог байдлаар тархсан хар тугалга, хром, цайрын бохирдолт ажиглагдаж байна. Бэлчээрийг эрүүл хөрстэй харьцуулж үзэхэд Улаанбаатар хотын хөрсөн дэх хүнд металлуудын агууламжийг авч үзвэл хромын агууламж 76.3 хувь, хар тугалгынх 71.1 хувь, цайрынх 80.3 хувь, зэсийнх 65.8 хувь, кадмийн агууламж 48.7 хувь, никелийн агууламж 52.6 хувиар тус тус их байна” гэсэн юм.

Ингээд Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

Д.Эрдэнэбат: Хөрсийг бохир­дуулагч гол хүчин зүйлсийн нэг нь нүхэн жорлон. Улаанбаатар хотод 215 мянган нүхэн жорлон байна. Нүхэн жорлонг ариутгах чиглэлээр цаашид ямар ажил хийгдэх вэ. Орчин үед шинэ техник технологи, бодис гарсан байлгүй дээ. Нийслэлчүүд утааны дараах зуныхаа зовлон руу орлоо. Хэн дуртай нь лиценз авч газар ухаж байна. Эрх ашгаа бодсон хэдэн уурхайчдаас болж ирээдүйд хүнсээ тарих газаргүй боллоо. Хөрсөө яаж хамгаалах вэ. Засгийн газрын тогтоолыг сонсмоор байна. “Жорлонгоо өөрчилье” нэртэй төсөл хэрэгжиж байна. Энэ нөхөдтэй хамтарч ажиллавал яасан юм бэ. Зөв санал санаачилгыг төр засаг дэмжих хэрэгтэй шүү дээ.

У.Хүрэлсүх: Өнгөрсөн өдрүү­дэд тариалангийн бүс нутгуудад ажиллаад ирсэн. Тариаланчидтай уулзаж нөхцөл байдалтай танилцсан. Тариалангийн бүс нутгаа хамгаалалтад авч чадахгүй бол хүнсгүй улс болох эрсдэл байна. Хөрсөө хамгаалж, хооллож хучих ёстой. Тариалан эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүд эзэмшиж буй талбайн хөрсний үржил шимийн агууламж, элэгдэл эвдрэлийг таван жил тутамд лабораторийн шинжилгээгээр тогтоож байх шаардлагатай. Газар тариалангийн бүсийг тогтоосон нь цаашид эрчимжсэн мал аж ахуй хөгжих мөн тариа ногоо, жимс ногоотой болох орчин бүрдэнэ.

Н.Цэрэнбат: Нүхэн жорлонг ариутгах чиглэлээр хэд хэдэн технологийн судалгаа хийсэн. Нээлттэй сонгон шалгаруулалтыг удахгүй зарлана. Гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг солих ажил ирэх сарын сүүлчээр эхэлнэ.

Ж.Батзандан: Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийн талаар сонсмоор байна. Хөрсний бохирдол эвдрэл уул уурхайтай шууд холбоотой. Химийн бодисыг Монголын хөрсөнд булж байна гэдэг гомдлууд ч их ирдэг. Жорлонгийн хувьсалд нийслэлчүүд нэгдмээр байгааг төр анхаарах ёстой.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here