Ү.Ганболд: Нийт 14 үйлчилгээг долоон хороо руу шилжүүлнэ

Зарим төрийн үйлчилгээг хороодод шилжүүлэхээр болсон талаар НЗДТГ-ын Төрийн захиргааны хэлтсийн дарга Ү.Ганболдоос тодрууллаа.

-Нийслэлээс үзүүлж буй төрийн үйлчилгээг хороодод шилжүүлнэ гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн Засаг даргын хурлаар энэ асуудлыг хэлэлцсэн. Хотын засаглалыг сайжруулах төслийн бүрэлдэхүүн хэсэгт тусгагдсан төрийн үйлчилгээг цахим хэлбэрт үе шаттайгаар шилжүүлж, хороодоос үзүүлэх төрийн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлж байгаа. Мөн иргэдэд хүргэх төрийн үйлчилгээг сайжруулах, оновчтой болгох зорилтын хүрээнд төрийн зарим үйлчилгээг хороодод шилжүүлэх ажлыг үе шаттайгаар хийж эхлээд байна. Тодруулбал, Архивын ерөнхий газрын тав, Газрын албаны зургаа, ОӨУБЕГ-ын гурав, нийт 14 үйлчилгээг долоон хороо руу шилжүүлж байгаа.

-Хорооноос ямар 14 үйлчилгээг авах боломжтой болох вэ?

-Төрийн архивд баримт байхгүй тодорхойлолт, орон сууц эзэмших эрхийн бичгийн, ажилласан жилийг тодорхойлох, нотариатын, архитектур төлөвлөлтийн даалгаврын лавлагаа, нийслэлийн нутаг дэвсгэрт газар өмчлөөгүй тухай тодорхойлолтыг олгоно. Мөн газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх, хугацаа сунгах, гэрээ, гэрчилгээг барьцаанд бүртгэх, барьцаанаас чөлөөлөх, эрх баталгаажуулах юм. Үүнээс гадна, кадастрын зургаар үйлчлэх, иргэний үнэмлэх шинээр авах, шинэчлэх, дахин авах, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэх, хуулийн этгээдийг бүртгэх зэрэг үйлчилгээг авах боломжтой.

-Эдгээр үйлчилгээг авах боломжтой долоон хороог нэрлэхгүй юу. Хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?

-Баянгол дүүргийн тав, Баянзүрх дүүргийн 18, Сонгинохайрхан дүүргийн 11, Сүхбаатар дүүргийн 20, Чингэлтэй дүүргийн 16, Хан-Уул дүүргийн долоо, Налайх дүүргийн долоодугаар хорооноос авах боломжтой. Үүнээс гадна, үйлчилгээний нэгдсэн төв буюу Дүнжингарав, Оргил, Драгон, Мишээлээс дээрх үйлчилгээг авч болно. Эхний ээлжинд ажилласан жилийг тодорхойлох, орон сууц эзэмших эрхийн бичгийн, нотариатын лавлагаа олгох, иргэний үнэмлэх шинээр авах, шинэчлэх, дахин авах төрийн үйлчилгээг авах юм. Энэ оны зургадугаар сараас есдүгээр сарын хооронд туршилтаар нэвтрүүлэх бэлтгэл ажил хангагдсан.

-Иргэдэд хорооноос хэдэн төрлийн үйлчилгээ үзүүлдэг юм бэ. Хорооноос үзүүлэх үйлчилгээ нэмэгдэхээр хүн хүч нэмэх шаардлагатай юу?

-Өнөөдрийг хүртэл нийслэлийн хэмжээнд 528 төрлийн үйлчилгээг төрөөс үзүүлдэг. Үүний 300 гаруйг нийслэлээс үзүүлдэг. Хорооноос үзүүлж байгаа үйлчилгээ цөөхөн байдаг. Сүүлийн жилүүдэд үйлчилгээг анхан шат руу шилжүүлэх үйл ажиллагааг нийслэлээс зохион байгуулж хэрэгжүүлж эхэлсэн. Хороо руу шилжүүлэхэд бэлтгэл ажил зайлшгүй шаардлагатай. Сүүлийн гурван жил иргэний бүртгэлийн 20 үйлчилгээг хороо руу шилжүүлсэн. Зарим төрлийн өргөдөл, гомдлыг хорооноос аваад эхэлсэн байгаа. Мөн хороонд зохион байгуулагч, нийгмийн, улсын бүртгэлийн, халамжийн ажилтан, Засаг дарга гэх мэт 5-6 төрийн албан хаагч ажилладаг. Зарим байгууллагын төлөөлөл байхгүй боловч бүх хороодыг шилэн кабелиар холбосон. Тиймээс тухайн иргэний өргөдөл, гомдол хүсэлтийг хүлээж авч, холбогдох байгууллагад нь холбож, эргээд хорооноос хариу өгөх тогтолцоо руу шилжиж байгаа. Нэмэлт хүн хүч шаардлагагүй. Тухайн хороонд ажиллаж байгаа төрийн албан хаагчдын нөөц бололцоонд тулгуурлана.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here