Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасанд нь өгье

Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг олон улсын сайн дурын байгууллага судалгаа явуулж, улмаар монгол хүүхдүүд хүнс тэжээлийн дутагдалтай юм байна гэсэн дүгнэлт гаргасны дараа АН-ын нэр бүхий гишүүд санаачлан хүүхэд бүрт 10 мянган төгрөг өгөх санаачилга гаргаж байлаа. Тухайн үедээ багагүй эсэргүүцэлтэй тулгарч байсан ч дэмжлэг авч, ядарсан иргэдийн амьжиргаанд энэ мөнгө бага ч гэсэн дэмжлэг болж байсан юм.

Дэгсдүүлж хэлбэл, дагаад төрөлт нэмэгдсэн ч гэдэг юм билээ. Улмаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, талхны таван төгрөг нь сараар өсч, 10 мянган төгрөг хаанаа ч хүрэхгүй болж эхэлсэн цаг үед дахиад л АН-ын гишүүдийн санаачилгаар 20 мянга болон нэмэгдэж, хэл амгүй, хал балгүйхэн өгч явсаар саяхныг хүрсэн юм. Өнгөтэй өөдтэйгөө ломбардад тавьж, тог усны мөнгө, талхны булангийн төлөө борви бохисхийлгүй хөдөлж байгаа ядарсан ард түмэнд энэ мөнгө тус болсон уу гэхээс ус болоогүй юм.

Гэтэл 2014 оноос эхлэн Монголын төр хүүхдээсээ мөнгө харамлаж эхлэх нь тэр. Хүүхдийн мөнгө олгохдоо хөрөнгө чинээг нь харгалзах ёстой гэсэн “жонхуу” бодлого явж, танд зурагт байна уу, угаалгын машин чинь хэдэн төгрөгийн үнэтэй вэ гэсэн судалгаа хийж эхэлсэн юм. Өнгөт зурагтаар нь ялгаварлан гадуурхсан энэхүү судалгаа амжилт олж чадалгүй 2016 онтой золгож байв. Гэвч өнөөх зүүний үзэлтэй, халамжийн хөтөлбөртэй хэмээн сурталддаг МАН-ынхан дахиад л ядарсан ардынхаа нялх үрсээс талхны 20 мянган төгрөг харамлаж эхлэх нь тэр.

Өрөнд баригдсан улсынхаа төсвийг танахдаа тэд өлгийтэй нялх үрсээс 20 мянган төгрөг харамлаж, хэмнэлт хийж байх юм. Хэдэн зуун тэрбумаар үнэлэгдэх орд газрыг хойш урагш нь зувчуулсан гэх хэрэгт шалгуулж буй Увсын нэг нөхөр өсч буй ирээдүй хойчоосоо мөнгө харамлаж буй шалтгаанаа тун ч ичгэвтэр байдлаар тайлбарлаж байгаа. Тэрбээр, соошл орчинд үнэтэй тавилгатай, тансаг зэрэглэлийн албан өрөөнд тухалсан бичлэгээ байршуулж, Ч.Сайханбилэг, Н.Алтанхуяг хоёр энэ хайрцгаар дүүрэн өрийн бичиг өгсөн учраас хүүхдэд мөнгө өгөх боломж алга хэмээн өөрийгөө өмгөөлөв. Ч.Хүрэлбаатар сайд аа, таны өрөөний тавилгыг жил бүр шинэчлэх мөнгөөр л ядарсан 100 өрх жилийн амьдралаа залгуулдаг гэдгийг энд сануулах нь илүүц биз дээ.

Тиймээс арчаагүй, аргаа барсан тайлбар хийж, брэндийн тавилгатай бийлэгжүү албан тасалгаандаа шоудах хэрэг байгаа гэж үү. Ард түмнээ алагчлахгүй хэмээн амлалт өгч байсан МАН-ынхан 20 мянган төгрөг өгөхийг огтхон ч хүсэхгүй байгаа. Юу үнэн гэвэл энэ л үнэн. Хатуухан хэлэхэд, сая ч хүрэхгүй хүүхдэд олгож буй 20 мянган төгрөгөөс хэд дахин их мөнгөөр хурган дарга нар тансаглаж, тэрбумын хаус, тансаг зэрэглэлийн машин хөлөглөж байгааг нуугаад яахав.

Тун саяхан олны анхааралд өртөж байсан Хуульзүйн сайдын 300 сая төгрөгийн машинаар хэдэн мянган хүүхэд гэдэс цатгалсан, мөр бүтэн явж, нэг шөнө ч болов хоолтой хонох байсныг дахин нурших шаардлагагүй байх. Бийд нэмэргүй, байхгүйд гарзгүй, даргын цүнх барьж далдганасан ашиггүй олон дэд сайд нараа ажлаас нь чөлөөлчихвөл ард түмнээ баян, ядуугаар нь ялгахгүй хүүхдийн мөнгө олгочихно гэдгийг Сангийн сайд та ч мэдэж байгаа. Зуны гурван сард хотоор дүүрэн хог болгож буй нэг наст цэцгэнд хэдэн тэрбумаар нь мөнгө зарцуулдаг атлаа улсынхаа ирээдүй болсон хүүхдүүдээс 20 мянган төгрөг харамлаж буйгаа МАН-ынхан бидний буруу биш хэмээн олон ч удаа хаацайлж байх юм.

Бид үүнийг хүсээгүй, ОУВС-гийнхан хүссэн хэмээн асуудлаас бултсан ч даравч далдайж, булавч бултайж, үнэнд гүйцэгдэж билээ. Валютын сангийнхан танай төр засаг хүүхэддээ мөнгө өгөх эсэх нь бидэнд хамаагүй гэсэн тайлбар хийсний дараа нийт хүүхдийн 80 хувьд мөнгө өгөх санал оруулж ирсэн нь өдгөө саарал ордонд хэрүүлийн алим болж байна. Ийм арчаагүй төртэй байх гэж.

Өгнө, өгөхгүй хэмээн талцан хэрэлдэж суух зуур орон байр байтугай, оочих цайны ч мөнгөгүй хэдэн зуун хүүхэд гэдэс цатгалан хонохын тулд амиа алдахаас ч буцахгүй зүтгэж байгааг брэндийн тавилгатай өрөөндөө гялгар цаг, гялалзсан нүдний шилээрээ гайхуулсаар шоудаж зогсоо Ч.Хүрэлбаатар тэргүүтэн мэдэхгүй нь гаслантай. Улмаар, Ерөнхийлөгч ард түмний хүүхдийг алагчилж болохгүй хэмээн санал оруулж ирсэн ч АН-ын Ерөнхийлөгч гэсэн арчаагүй улс төрөөр хойш тавьсаар энэ өдрийг хүрэв. Тэд дэмжихгүй нь тодорхой байна. МАН-ынхан ингэж л мангартаж байна. Гэвч, МАН-ынхан дунд арай эрүүл сэтгэдэг улстөрч нэг биш нэлээд хэд байдаг нь зол юм.

Тиймдээ ч тэдгээр гишүү­дийнх нь дундаас эрүүл, улстөржилтгүй санал санаа­чилга гарч эхэлжээ, талархууштай. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогт чуулганы хуралдааны үеэр тун ч оновчтой санаачилга гаргаж байсныг дэмжмээр санагдав. Тэрбээр, “Нэг өдөр ч алдахгүйгээр хүүхдийн мөнгө олгоё гэж байгаа бол асуудлаа хурдан хэлэлцэж хурдан шийдэх хэрэгтэй байна. Хоёр талд гарчихаад заавал 100 хувь олгоно, үгүй зөвхөн 80 хувь олгоно гэж зүтгэхгүйгээр аль болох ахиу хүүхдэд өгөх гарц гаргалгаа байна шүү дээ. Улс эх орондоо хохиролгүй, үр хүүхэддээ ээлтэй хамгийн сайн хувилбарыг хэлэлцэж шийдэлд хүрэх хэрэгтэй байна.

Хүссэн хүүхэд бүрт нь хүүхдийн мөнгө олгоё. Өөрөөр хэлбэл, хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргасан хүүхэд бүрт өгье. Ингэж олгоход нийт хүүхдийн 90 орчим хувь нь хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргах тооцоо гарсан” хэмээн санал хэлэв. Энэ санал бол хамгийн зөв хувилбар. Нэгэнт л МАН-ын оффшор данстай баячуудад 20 мянган төгрөг өгч байгаа нь доромжлол юм шиг бодогдож байгаа бол энэ саналыг дэмжихэд буруудах зүйл алга. Авах хүсэлтэй хүмүүс ч хороондоо өргөдлөө өгөөд л асуудал шийдэгдчихнэ. Авахыг хүсэхгүй байгаад нь өгөх ч албагүй.

Тиймээс УИХ-д эрүүл ухаантай улстөрч цөөн ч болтугай үлдсэн бол энэ саналыг дэмжээд, хэл амгүйхэн баталчихмаар юм. МАН-ын нэг биш нэлээд хэдэн улстөрч хүүхдүүдэд алагчлахгүй мөнгө олгох ёстой гэсэн санал хэлж байгаа нь харагдсан. Тиймээс АН-ын ес, Ардын намын эрүүл ухаантай улстөрчид нь нэгдээд С.Бямбацогт гишүүний саналыг дэмжээд явчихвал МАН, АН гэсэн явуургүй улс төр бага ч гэсэн намжих билээ. Үр дүнд нь хүүхэд л хожих учраас дэмжээд яваасай гэж ард түмэн ч хүсч байгааг бас дуулгая.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here