Ройтерс: Монголын Ерөнхийлөгч 2006 оны аллагын хэргийг дахин шалгахыг хүсэв

Малайзын парламентын доод танхимын сонгууль энэ сарын 09-нд болж, Ерөнхий сайд асан Махатхир Мохамадын тэргүүлсэн сөрөг хүчин ялалт байгуулсан билээ. Ингэснээр 1957 онд тусгаар тогтносноос нь хойш Малайзыг удирдсан Үндэсний фронтын эвсэл төрийн эрхийг анх удаагаа сөрөг хүчинд шилжүүлэн өгөхөөр болж, Ерөнхий сайдын суудлаас Нажиб Разакийг түлхэн унагасан юм.

Сонгуулийн үеэр 2006 онд тус улсад амиа алдсан Ш.Алтантуяа агсны аав Э.Шаарийбуу сөрөг хүчний лидер Махатхир Мохамад болон малайзчуудад видео илгээж, охиных нь үхлийг марталгүй санаж шударга ёсны төлөө сонголтоо хийхийг уриалж байсан удаатай.

Тэгвэл өнгөрсөн долоо хоногт манай улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ч мөн адил шинээр сонгогдсон Ерөнхий сайд Махатхир Мохамадад захидал бичсэн юм. Харин захидлын талаар “Ройтерс” агентлаг хэрхэн мэдээлснийг орчуулан хүргэж байна.

Монголын Ерөнхийлөгч 2006 онд Куала Лампур хотын захад бусдад алагдсан Монголын загвар өмсөгчийн үхлийн хэргийг дахин шалгахыг Малайзын шинэ Ерөнхий сайд Махатхир Мохамадаас хүсчээ. Тухайн үед 28 настай байсан Ш.Алтантуяа агсныг Малайзын нийслэл хотын зах хэсэгт байрлах ойд аваачиж, цэргийн тэсрэх бөмбөг биед нь бэхлэн дэлбэлж хөнөөсөн байдаг.

Уг хэрэгт цагдаагийн хоёр офицерыг сэжиглэн шалгаж, 2009 онд цаазаар авах ял оноосон ч, дөрвөн жилийн дараа цагаатгасан юм. Харин 2015 онд дахин тус гэмт хэрэгтэй холбоотойгоор цаазын ял оноожээ.

Гэвч, зарим хэвлэл ял сонссон офицерууд хэрэг гарах үед шадар сайд байсан Нажиб Разакийн бие хамгаалагчаар ажилладаг байсан хэмээн тайлбарладаг юм.

Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эдүгээ 92 настай Махатхирт Ерөнхий сайдаар томилогдсонд нь баяр хүргэхийн ялдамд Ш.Алтантуяа агсны аллагын хэргийг зөвхөн шударга ёсны төлөө бус, хоёр улсын харилцааг сайжруулахын төлөө дахин шалгахыг хүссэн байна. Ерөнхийлөгчийн Тамгын газрын албан ёсны вэб сайтад нийтлэгдсэн Махатхирт хандсан захидалдаа тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд миний бие Монгол Улсын иргэн, хоёр хүүхдийн ээж Ш.Алтантуяагийн амь насыг 2006 оны 10 дугаар сарын 18-нд Малайз Улсад хөнөөсөн онц ноцтой гэмт хэргийн явцад онцгой анхаарал хандуулдаг юм” хэмээн дурьдсан байв. Ш.Алтантуяа агсны амийг бүрэлгэсэн хэргээр ял сонссон хоёр цагдаагийн ажилтны нэг болох Сирул Азхар Умар хэрэв шинэ Засгийн газар өөрт нь өршөөл үзүүлбэл, хэргийн шинэчилсэн мөрдөн байцаалтад тусална гэж амласан тухай Малайзын “Malaysiakini” сайт бямба гарагт мэдээлжээ. Бид уг мэдээлэлтэй холбогдуулан Сирулаас тайлбар авахыг хүссэн ч, чадаагүй юм.

Тэрбээр Малайзын Холбооны шүүх цагаатгах шийдвэрийг нь цаазын ялаар сольсны дараа буюу 2015 оноос хойш Сидней дэх Цагаачлал, хилийн хамгаалалтын албанд саатуулагдаж байгаа аж.

Иргэний нийгмийн байгууллагууд Ш.Алтантуяа агсны хэрэгт экс Ерөнхий сайд Нажиб Разакийн зөвлөх асан Абдул Разак Багинда гол үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг. Багинда 2002 онд Францын хөлөг онгоц үйлдвэрлэгч DCNS компаниас “Scorpene” ангилалын хоёр шумбагч онгоц худалдан авах хууль бус наймаа хийж байжээ. Ерөнхий сайд асан Нажиб Разакийн тухайд Ш.Алтантуяа агсантай огт холбогдож байгаагүй гэдгээ удаа дараа мэдэгдсэнээс гадна өөрт холбогдох авлигын хэргийг ч үгүйсгэдэг юм. Түүнийг одоогоор “1Malaysia Development Berhad” баялгийн сангаас их хэмжээний мөнгө завшсан хэрэгт холбогдуулан шалгаж байна.

Дашрамд дурьдахад, Ш.Алтантуяа агсан эдүгээ амьд байсан бол энэ сард 40 хүрэх байсан юм. Тэрээр Абдул Разак Багинда гэгчийн худалдаа наймааны гэрээ хэлэлцээрт хэлмэрчээр ажилладаг байсан гэдэг.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here