Энхийг сахиулагчид таван иргэний амийг аварчээ

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсын Бентью хотод байрлах Дотоодын дүрвэгсдийн хуаранд 120 гаруй мянган хүн байгаагаас 80 хувийг нь хүүхэд, эмэгтэйчүүд эзэлж байна. Хүүхэд, эмэгтэйчүүд дүрвэгсдийн хуарангийн ойролцоох газруудаас модны нүүрс бэлтгэн худалдаалах, ногоо тарих зэргээр амжиргаагаа залгуулдаг.

Энэ сарын 11-ний өглөөний 10.00 цагийн орчимд Дотоодын дүрвэгсдийн хуаранд үүрэг гүйцэтгэж байсан НҮБ-ын Цагдаагийн офицерт 5 эмэгтэйг үл мэдэгдэх зэвсэгт этгээдүүд хүч хэрэглэн авч явсан талаар орон нутгийн иргэд мэдээлсэн.

Улмаар НҮБ-ын Цагдаагийн ажиллагааны төвөөс хурандаа Д.Энхбаатар захирагчтай Мотобуудлагын VII ээлжийн батальоноос дэмжлэг хүссэний дагуу шуурхай бүлэг томилон үүрэг гүйцэтгүүлж, “Самнан хайх ажиллагаа” зохион байгуулж, гэмт этгээдүүдийг шуурхай илрүүлэн барьцаалах оролдлогыг таслан зогсоолоо.

Шуурхай бүлгийн бие бүрэлдэхүүн зэвсэгт этгээдүүдээс аварсан эмэгтэйчүүдийг хамгаалан Дотоодын дүрвэгсдийн хуаранд ирэх үед орон нутгийн иргэд, Олон улсын хүмүүнлэгийн байгууллагын ажилтнууд, НҮБ-ын цэрэг, цагдаагийн алба хаагчид угтан авч талархал илэрхийлсэний зэрэгцээ Монголын цэргийн багийн байрлах Юнити мужид суух НҮБ-ын UNMISS ажиллагааны зохицуулагч хатагтай Хироко Хирахара болон Олон улсын хүний эрхийн байгууллагуудаас дээрх үйл явдалтай холбогдуулан Монголын цэргийн алба хаагчдад талархалын захидал ирүүлсэн байна.

Дэлхийн халуун цэгийн нэг болох Өмнөд Суданд Монгол цэргүүд үүргээ сайн биелүүлж, Даян дэлхийн энх тайваны төлөөх ариун үйлсэд Монгол Улс, Зэвсэгт хүчнийхээ нэр хүндийг өндөрт өргөж, монгол хүний хүнлэг тусч, сэтгэлийг дуурсгасаар байна.

Монголын энхийг сахиулагчдын аварсан зарим эмэгтэйчүүдийн сэтгэгдэлийг хүргэе.

ЯГ ЗӨВ ГАЗАРТАА ХАЙСАН

Рода Марко /17 настай/

Дотоодын дүрвэгсдийн хуарангаас нэг километр орчим зайтай талбай дээр газар хагалаад зогсож байхад зэвсэгтэй нэг хүн ирээд дагаад явахыг тушаах янзтай хэлсэн. Тэр үед надтай ойролцоо байсан эмэгтэйчүүд “үгүй” гэж зэрэг шахам хэлсэн.  Тэгсэн модон дотроос дахиад таван хүн гарч ирэхэд бидний тал нь зугтааж чадсан. Харин надтай хамт 4 эмэгтэй баригдсан.

Харин биднийг баригдаад цааш явж байх үед “ардаас цэргүүд ирж байна” гэж  нэг нь хэлэхэд бидний амыг даран модны доор нуугдсан юм. Харин Монгол цэргүүд яг зөв газартаа хайх үед зэвсэгтэй хүмүүс биднийг хаяад зугтаасан. Яг тэр үед маш их баярлаад хэлэх үг ч олдоогүй. Гэхдээ дараа нь ч гэсэн баярлалаа гэж хэлэх ёстой байх. Баярлалаа та нарт…

 

ОХИНТОЙ МИНЬ ДАХИН УУЛЗУУЛСАНД БАЯРЛАЛАА

Ниятхиев Нючигоа /17 настай/

Би долоо хоногтоо 2-3 удаа тэр газар луу очиж мод бэлтгэдэг. Өмнө нь эмэгтэйчүүдийг хулгайлах болон хүчээр авч явдаг тухай сонсож байсан болохоос өөрөө ийм байдалд орно гэж бодож байсангүй.

Миний хувьд Дотоодын дүрвэгсдийн хуаранд нялх хүүхдийнхээ хамт амьдардаг. Нөхөр маань жилийн өмнө яваад буцаж ирээгүй. Одоо хаана байгааг нь мэдэхгүй. Хэрвээ тэр өдөр намайг аваад цаашаа явсан бол миний охин яаж өсөх бол гэсэн айдас одоо ч надад байсаар байна. Тиймээс охинтой минь дахин уулзуулж өгсөн Монгол цэргүүдэд  баярласнаа дахин илэрхийлье.

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБ

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here