Үрсээ аавын хайраар битгий дутаагаарай

Өглөө ажилдаа явах замдаа Гэр бүлийн радио 104.5-ын “930” нэвтрүүлгийг сонсдог юм. Хүнд ухаарал өгсөн олон сайхан булантай. Саяхандаа нэг өглөө ажил руугаа яарч, түгжрэл дунд явахдаа “930” нэвтрүүлгийн цахим хуудсанд нэгэн эмэгтэйн илгээсэн захидлыг уншихыг сонслоо. Хүүхдэд нь тус нэвтрүүлгийнхэн мэндчилгээ дэвшүүлэхэд бяцхан хүү “Аав хүн надад мэндчилгээ дэвшүүллээ” гэж хэлээд, баярлаад сургууль руугаа орсон талаар эмэгтэй захидалдаа дурьдсан байсан. Дөнгөж бага сургуульд суралцдаг бяцхан хүүгийн амнаас гарсан үг гэхэд гол зурж, хамар шархирмаар байгаа биз. Аавын нөмөр нөөлөг ямар их үгүйлэгдсэн болоод тэр бяцхан хүү “Аав хүн надад мэндчилгээ дэвшүүллээ шүү дээ, ээж ээ” гэж хэлээ бол. Өнөөдөр хэдэн хүү, охин, хэчнээн бяцхан зүрх аавыгаа санаж шаналаа бол.

Аавынхаа мөрөн дээр суугаад инээж яваа хүүхдүүдийг харж, элэг нь эмтэрч байгаа бол. Хэдэн нялх үр амьдралын шуургыг сөрж яваа ээжээсээ “Аав хэзээ ирэх юм бэ”, “Би яагаад аавгүй юм бол” гэж нэхсэн бол гэж бодохоор…Залуус минь дээ, амьдрал гэдэг хаалгыг нь татаж орчихоод, хэдэн шил шар айраг авч уучихаад гардаг уушийн газар биш ээ. Татах хаалгаа маш сайн сонгочихоод, буцаад гарахааргүй орох ёстой орд харш юм шүү дээ. Тэр харшдаа үр хүүхэд гэдэг цэцэгсээ ургуулж, ухаан, сэтгэл, хайрыг нь усалж байх ёстой юм. “Аав хүн надад мэндчилгээ дэвшүүллээ” гэж бяцхан хүү баярлах ёстой гэж үү. Харин “Ааваа та надад машин авч өгөөрэй” гэж хошуугаа унжуулж эрхлэх ёстой юм. “Ааваа би таны мөрөн дээр суумаар байна” гэж нялхрах хэрэгтэй юм. Залуучууд минь дээ, хүүхдээ битгий ааваар дутаагаарай. Хэрвээ тэгвэл хүү, охин чинь “Аав хүн надад мэндчилгээ дэвшүүллээ” гэж ээждээ хэлж, элэг зүрхийг нь өмрүүлэх болно. Энэ хорвоод эх, үр хоёрын сэтгэлд аавын хайрыг дутааж л боломгүй байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here