Умардын “гүнж” Ким Ёо Жон

Түүнийг зарим хэвлэл Умард Солонгосын гүнж, Хойд Солонгосын “Иванка Трамп” гэх мэтчилэн тодотгодог. БНАСАУ-ын тэргүүн Ким Жон Уны олон улсын төвшний асуудлаа даатгадаг хамгийн итгэлтэй хүн, төрсөн дүү нь болохоор ийн тодорхойлсон хэрэг. Түүнийг Ким Ёо Жон гэдэг. Тэрбээр Ким Чен Ирийн цор ганц охин, басхүү хамгийн бага хүүхэд нь. Ёо Жон Ким Чен Ирийн эхнэрүүдийн нэг Япон гаралтай бүжгийн жүжигчин Ко Ён Хигээс /Япон нэр нь Такада Химэ/ төржээ. Ким Чен Ир, Ко Ён Хи нарын дундаас гурван хүүхэд төрсөн бөгөөд тэдний хамгийн том нь Ким Жон Чол, удаах нь Ким Жон Ун байв. Тэр одоо яг хэдэн настай нь тодорхой бус. Гэхдээ зарим эх сурвалж 1987 оны есдүгээр сарын 26-нд төрсөн хэмээн мэдээлдэг. Ингэж тооцвол тэр эдүгээ 31 настай аж. Ёо Жон ах нарынхаа нэгэн адил Швейцарийн Берн хотод суралцаж байжээ. Тухайн үед Пак Ми Хян гэх хуурамч нэр ашигладаг байсан төдийгүй балетын хичээлдээ туйлын сонирхолтой байж. Ким Чен Ир ч хөвгүүдээсээ илүү түүнд хайртай байсан гэнэ. Тэднийд олон жил япон хоолны тогоочоор ажилласан Кэнжи Фүжимотогийн ярьснаар, хоёрдугаар Ким “гүнж Ёо Жон”, “Хөөрхөн Ёо Жон” гэх мэтээр ганц охиноо өхөөрдөн дууддаг байжээ.

Тэр улс төрд эрт хөл тавьжээ

Тэр Швейцариас Ким Жон Уны хамт 2000, 2001 оны үед эх орондоо эргэн ирсэн байна. Гэхдээ Ёо Жон чухам хаана ахлах сургууль төгссөн нь тодорхой бус байдаг. Харин Пхеньянд ирснийхээ дараа Ким Ир Сены их сургуульд суралцаж, төгсчээ. Түүнийг буцаж ирсний дараа эцэг нь ч улс төрд бэлтгэж байж. Өөрөөр хэлбэл, 2002 оны эхэн үед Ким Чен Ир гадаадын харилцагчиддаа ганц охин нь улс төр сонирхож, Умард Солонгосын улс төрийн үйл явцад оролцохыг хүсдэг тухай бахархан ярьж байжээ. Тухайн үед ОХУ-ын алс Дорнодоос Умард Солонгост суух Элчин сайдаар ажиллаж байсан Константин Пуликовский ч Чен Ир хүүхдүүд дундаас нь Ким Жон Ун, Ким Ёо Жон нар улс төрийг илүүтэй сонирхдог гэж ярьж байсан тухай дурьдсан байдаг юм. Тэр дундаа Ким Ёо Жоныг хурдан шийдвэр гаргах, манлайлах чадвартай хэмээн эцэг нь үнэлдэг байжээ. Гэхдээ эцгийнх нь оршуулгын ёслол болох хүртэл тэр нууцлагдмал, нам гүмхэн амьдарч байсан юм. Харин 2011 онд Ким Чен Ир өөд болох үед оршуулгын ёслолд оролцохдоо анх удаа олны өмнө гарсан гэдэг. Ерөнхийдөө тэрбээр ах, аав хоёрынхаа арын албыг залгуулдаг нэгэн байжээ. Ёо Жон 2010-2011 онд Ким Жон Уны кампанит ажилд оролцож, Үндэсний батлан хамгаалах комисс болон Ким Чен Ирийн хувийн нарийн бичгээр ажиллаж байв.

Авга эгчээ залгамжилсан нь

2012 онд Умард Солонгосын төв телевизийн сувгаар Ким Ёо Жон авга эгчийнхээ хамт морь унан, давхиж буй бичлэг цацагдаж байсан юм. Уг бичлэгийг Ким Жон Ун Солонгосын ардын армийн үйл ажиллагаатай танилцах үед хийж байжээ. Гэвч, авга эгч Ким Ген Хи нь энэ үйл ажиллагаанаас ердөө нэг жилийн дараа буюу нөхрөө цаазлуулснаас хойш ямар ч олон нийтийг хамарсан албан ёсны үйл ажиллагаанд оролцохоо больсон юм. Үүнтэй холбоотойгоор зарим эх сурвалж авга эгчийг нь нас барсан, амиа хорлосон, хүнд өвчин туссан гэх мэтээр мэдээлж байлаа. Гэхдээ аль нь ч батлагдаагүй юм. Нөхөр нь 2013 оны арванхоёрдугаар сард төрийн эрхийг хууль бусаар авахыг оролдсон гэх хэргээр цаазлуулсан байдаг. Түүнчлэн, Ким Ген Хи одоо ч амьд мэнд байгаа аж. Нөхөр нь цаазлуулах хүртэл Ким Ген Хи Хөдөлмөрчдийн намын томоохон албан тушаалтны нэг байсан бол өнгөрсөн жилээс түүнийг Ёо Жон залгамжлах болжээ.

Ёо Жон Умард Солонгосыг удирдах уу

Тэр ахынхаа имижийг дэмжигч, бас хамгаалагч. Ёо Жон эрх баригч Хөдөлмөрчдийн намын Суртал ухуулгын хэлтсийн даргаар ажилладаг. Энэ утгаараа Ким Жон Уныг хүчтэй, манлайлагч удирдагч гэсэн имижтэйгээр олон нийтэд харуулах нь түүний үүрэг аж.
Хамгийн чухал нь, түүнд БНАСАУ-ыг удирдах боломж байхгүй. Тус улсад дагаж мөрдөгддөг дүрэм журамд эмэгтэй хүн улс удирдах эрхзүйн боломжгүй байдаг гэнэ. Гэвч, тэр хэдийнэ улс орныхоо хувьд чухал хүн болж чаджээ. БНСУ-д Умард Солонгосын тусгай эрхт төлөөлөгчөөр анх удаагаа айлчилж, тус улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй найрсаг яриа хэлэлцээр өрнүүлж, хоёр Солонгосын харилцаа наашлахад түүний оруулсан хувь нэмэр их билээ. Мөн өнгөрсөн сард болсон БНСУ-БНАСАУ-ын төрийн тэргүүн нарын түүхэн уулзалтад ч ахынхаа хамт Панмунжомд очиж байв. Нөгөөтэйгүүр, түүний хувийн амьдрал тун нууцлагдмал. БНСУ, Японы зарим хэвлэлд түүнийг Сангийн яамны томоохон албан тушаалтны хүүтэй гэрлэсэн, нэг хүүхэдтэй хэмээн мэдээлж байсан байх юм. Харин зарим эх сурвалж, Ёо Жоныг гэрлээгүй, хүүхэдгүй гэдгийг онцолсон байв.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here