Нефтийн үйлдвэр ашиглалтад орсноор 600 хүний ажлын байр шинээр бий болно

МАК-ийн цементийн үйлдвэрээс цааш хөдлөн Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдах газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалт хийгдэх газартай танилцсан юм.
Бүтээн байгуулалтын ажлын явцад 1200-1500 ажлын байр, үйлдвэр ашиглалтад орсноор байнгын 600 хүний ажлын байр шинээр бий болох юм байна. Сайдын ахалсан ажлын хэсэг Улаанбаатар хотоос зүүн урагш 460км-ийн зайд байрлах 55 МВт-ын хүчин чадалтай Сайншанд “Салхин парк” цахилгаан станцын бүтээн байгуулалт, барилга угсралт болон ашиглалтын ажилтай газар дээр нь очиж танилцлаа. Нийт 25 салхин трубин генератораас (WTGs) бүрдэх энэхүү 55МВт-ын төслийн таван сэнсний барилга угсралтын ажил эхэлсэн бөгөөд анхны сэнсэн дээр УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар дурсгалын гарын үсэг зурлаа.

Ажлын хэсэг Дорноговь аймаг, Сайншанд сум, Зүүнбаян багт орших Газрын тосны бүтээгдэхүүн хуваах /БХГ 97/ гэрээг хэрэгжүүлэгч “Доншен газрын тос” (Монгол) ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав. Компанийн удирдлагуудын зүгээс Бүтээгдэхүүн хуваах гэрээ зарим талаар татварын хуультай зөрчилдөж байгааг салбарын сайдад уламжлав. Сайд Д.Сумъяабазарын зүгээс “Стратегийн бүтээгдэхүүн олборлож байгаа тул монгол ажилтнуудаа мэргэшүүлж чадавхжуулах, байгаль орчны нөхөн сэргээлтийн ажлаа стандарын дагуу чанартай хийх, орон нутагтай харилцан ашигтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, хөгжүүлэх хэрэгтэй. Сүүлийн 20 жил Зүүнбаянд хийгдсэн бодитой ажил харагдахгүй байна. Тиймээс цаашдаа бодитой хөрөнгө оруулалт хийж ажиллах ёстой” хэмээлээ. Мөн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг чанд мөрдөж ажиллахыг үүрэг болгосон юм.

Нар голлосон говийн аниргүйд хөх ноос нь цувсан хэдэн тэмээнээс өөр харагдах бараагүй загийн говьд нийслэл хотод ч байхгүй сайхан тохижилттой кэмпэд очсон нь “Бадрах Энержи” ХХК байлаа. Дорноговь аймаг Улаанбадрах суманд байрлах Францын “Арева” групп манай улсад ураны хайгуул хийгээд арав гаруй жил болсон аж. Тус группын Дорноговь аймаг дахь хайгуул амжилттай болж, улмаар Улаанбадрах сумын нутаг Дулаан-Уул хэмээх газраас уран олборлож байна. Туршилтын 20 сарын хугацаанд 20 тн уран гаргана хэмээн танилцуулав. Бид цааш давхисаар Дорноговь аймаг Өргөн сумын нутагт байрлах “Монцемент Билдинг Материалс” ХХК дээр очих үед УИХ-ын гишүүн Ц.Гарамжав үйлдвэрийн бүтээн байгуулалт үйл ажиллагааг танилцууллаа. Тус үйлдвэр 2015 оны наймдугаар сард ашиглалтад орсон бөгөөд 500 хүнийг байнгын ажлын байраар хангаж шууд бусаар 1500 орчим ажлын байр бий болгожээ. Үйлдвэрийн хаягдал 360-380 С-ийн хэмтэй дулааныг ашиглан цахилгаан үйлдвэрлэх системийг суурилуулсан орчин үеийн технологийн оновчтой шийдэлтэй эко үйлдвэр ажээ.

Тус үйлдвэрт тулгамдаж буй асуудлын талаар “Түлш түүхий эд, цахилгаан эрчим хүчний үнэ тарифын огцом өсөлтийн асуудал маш хүндрэлтэй байна. 2013 онд техник, эдийн засгийн үндэслэлээ хийснээс хойш гол түүхий эдүүдийн үнэ 30-50 хувь нэмэгдсэн. Үүнийг дагаад үйлдвэрлэлийн өртөг өсч байна. Зах зээлд нийлүүлэх үнэ хэмжээ өссөн. Төр хувийн хэвшлийн хамтарсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн хамт даван туулах арга хэмжээ авах хэрэгтэй байна” хэмээн компанийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Д.Мөнхбат ярилаа.

Сайд Д.Сумъяабазар болон холбогдох хүмүүс Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутагт орших “Монголросцветмет” компанийн “Бор- Өндөр” Уулын баяжуулах үйлдвэрт /УБҮ/ зарим тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр ажиллалаа. Энэ үеэр ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нар хамт ажилласан юм.

Тус үйлдвэрийн 200 метрийн гүнд байрлах далд уурхайн ажилтай хоёр сайд танилцлаа Үйлдвэрийн хувьд эргэн тойрны газрыг хувийн хэвшлийн байгууллагуудад олгосны улмаас үйл ажиллагаа явуулахад хүндрэл учирч байгааг учирлаж, газрын зөвшөөрлийг хүчингүй болгуулах санал тавьсан юм. Тус үйлдвэр нь зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх салбараас Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээгээр дамжуулан эрчим хүчээр хангагддаг байна.

Уурхайн гүнд ажиллаж байсан ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэтэй уулзаж уул уурхайн компаниудад тулгамдаж буй нийтлэг асуудлуудын нэг болох тээвэрлэлтийн асуудлыг хэрхэн оновчтой шийдвэрлэх талаар тодруулахад “Экспортод гаргаж байгаа бүтээгдэхүүн нь манай салбартай нягт уялдаатай байдаг. Төмөр замын ачаалал ачаа тээврийн вагоны хомсдол зэрэг нь уул уурхайн салбарын экспортыг уяж байгаа юм шиг харагддаг. Ачаа тээврийн вагон хангамжид 1000 вагон оруулж ирэхээр ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 500 вагон авч ирсэн. Дээрх вагонуудын ашиглалтын хугацаа дууссан гэж хэл ам их гарч байгаа. Гэвч тухайн вагонууд нь дөрвөн сарын дотор өөрсдийн өртөгөө нөхөх боломжтой, цаашид ашиглагдах вагонууд юм. Нөгөөтэйгүүр бид ачаа тээврээ нэмэгдүүллээ гэхэд Замын-Үүд Эрээний чиглэлийн хилийн боомт ачаалал даахгүйд хүрч болзошгүй” гэсэн юм.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here