Г.Ням-Очир: Богд хааны ордон гурван тэрбум еврогийн үнэ хүрнэ

0
1772

Богд хаанд шар, цагаан, ногоон улаан дөрвөн ордон байсан бөгөөд түүнээс “Ногоон ордон” өнөө цагт хагас хугас үлдэж хоцорчээ. Гэвч төрт ёсны уламжлалаа умартсан засаг ноёдын балгаар уг ордны тусгай хамгаалалтын бүс газрууд пүүс компаниудын эзэмшилд хууль бусаар шилжсэн байна.

Энэ сарын 01-ний өдөр “Богд хааны ордон” музейн хойд талд “NTV” телевиз хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээнд зориулсан асар барих барилгын ажлыг эхлүүлсэн нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулж зогссон юм. 1893 оноос барилгын ажил нь эхэлж 1903 онд ашиглалтад орсон Монгол Улсын сүүлчийн эзэн хаан, VIII Богд Жибзундамбын “Ногоон ордон”-той холбоотой газрын маргаан, үүсээд байгаа нөхцөл байдлыг сурвалжлахаар өчигдөр тус газрыг зорилоо.

Бага үдийн 11.00 цагийн үед ордонд очиход ордны хойд талд буулгасан хөлбөмбөгийн асрын төмөр карказуудыг ачааны машинд дөрвөн залуу ачиж байлаа. Уг газарт “Вантрейд” ХХК-ийн захиалгаар 50х20 метр хэмжээтэй асар барих ажлыг “Найман-Од” ХХК эхлүүлсэн ч улмаар барилгын ажлаа зогсоожээ. Хөлбөмбөгийн асрыг ачиж буй 40 орчим насны нэрээ нууцлахыг хүссэн залуутай уулзаж, хэний захиалгаар уг ажлыг хийж буйг тодруулахад “Би музейн газрыг сүйтгэсэн, хөрс хуулсан гэх ажилд ямар ч хамааралгүй хүн. Надад хөлс мөнгө төлөөд энд байгаа барилгын материалыг яаралтай ачаад өг гэсний дагуу л ажлаа хийж байна. Гэхдээ энэ газрыг сүйтгэх ажлыг “АПУ” ХК хийсэн. Мөнгөтэй хүмүүс монголын өнгөтэй, өөдтэй гэсэн болгоныг л авч байна. Ханаж цаддаггүй юм уу хаашаа юм. Тэднийг зорин ирж буй олон сэтгүүлчдийг хармагцаа “За залуусаа гялалзуулаарай. Тэгэхгүй бол өнөөдөр орой бүх телевизээр гарах нь байна шүү” хэмээгээд ажилдаа орлоо.

Барилгын компани хөлбөмбөгийн асрыг барихын тулд 50х20 м газрын хөрсийг хуулаад орхиогүй бололтой. Тэр хавьд ургаж буй бут сөөгнүүдээс 30 орчмыг угаар нь хөрөөдсөн байв. Хатаж, үхсэн моддыг хөрөөдсөн болов уу хэмээн очиж үзэхэд ургаж байсан, залуухан моддын огтолсон хожуулууд байв.

Богд хааны хөшөөт цэцэрлэг байгуулах саналыг Ерөнхийлөгчид хүргүүлнэ

Тэгвэл үндэсний өв, соёл уламжлалаа хайрладаг эрдэмтэд нийлж, “Богд хааны ордон” музейн Энх-Амгалангийн хаалганы өмнөх талбайд 11.40 цагаас хэвлэлийн бага хурал зарласан тул тийшээ зорилоо. Богд хааны “Ногоон ордон” утаа тортог, тоос шороонд дарагдаж халтайжээ. Дааман хаалгануудынх нь будаг ховхорч, явган хүний замын чулуу ихээр хагарч сүйдсэн байв. Хөл доорхоо харж явахгүй л бол алхам тутамд таарах энхэл донхолд хальт гишгэж хөлөө гэмтээж ч болохоор байв. Уг ордонг зуны улиралд өдөртөө 1000 гаруй жуулчин ирж сонирхдог бөгөөд жилд дунджаар 50 гаруй мянган хүнд үйлчилдэг аж. Монгол Улсыг зорин ирсэн мянга мянган жуулчдад үйлчилж буй музейн эвдэрхий зам, халтайсан хана туурга, дээвэр, ховхорсон будгийг хараад яс хавталзаж байснаа нуух юун.

Хэвлэлийн бага хуралд Бурхан шашинтны төв Гандан тэгчинлэн хийдийн лам нар, МУИС-ийн түүхийн тэнхим, ШУТИС-ийн эрдэмтэн судлаачид иржээ.

Судлаач Г.Баттогтох “Засгийн газрын 2001 оны 96 дугаар тогтоолоор Богд хааны “Ногоон ордон”-ы хамгаалалтын бүсийг 5.7 га байхаар тогтоож, хамгаалалтын бүсийн бүрэн бүтэн байдалд хохирол учруулахуйц үйл ажиллагаа явуулахгүй байхыг Нийслэлийн Засаг даргад даалгасан байдаг. Харамсалтай нь НЗД-ын 2012 оны А/492 захирамжаар “Вантрейд” ХХК-д 15992 мкв, 2012 оны 415 дугаар захирамжаар “Номунгэрэл” төвд 5512 мкв, 2011 оны 539 дүгээр захирамжаар 1319 мкв, 2010 оны 415 дугаар захирамжаар 1365 мкв газрыг “Интернэйшнл медикал центр” ХХК-д тус тус олгосон байна. “NTV” телевиз олон нийтийн шаардлагаар асар барих ажлаа зогсоосон ч хөрс хуулаад хаячихсан байгаа. Өмнө нь 2011 онд тус талбайд мөн л асар барих гэж байгаад олон нийтийн эсэргүүцлээр зогсоож байсан. Бид “Богд хааны ордон”-ы газраас хууль бусаар тасалж, бусдад олгосон газрыг яаралтай буцаан авч, уг газарт Богд хааны түүхэн дурсгалт цэцэрлэг байгуулах саналыг Ерөнхийлөгч, УИХ-дарга, Ерөнхий сайдад хүргүүлж байгаа” гэсэн юм.

Ц.Гүнчин-Иш: Богдын ордонг өөрсдөө засварлаж болохгүй

Богд хааны “Ногоон ордон”-той холбоотой газрын маргаан, арчлалт хамгаалалттай холбоотой асуудлаар “Богд хааны ордон” музейн бүртгэл мэдээллийн санч Ц.Гүнчин-Ишээс тодруулахад “2001 онд Засгийн газрын тогтоолоор хамгаалалтын “Богд хааны ордон” музейн хамгаалалтын бүсийг 5.7 га хэмээн тогтоосон.

Энэ 5.7 га талбай нь музейн урд талын хашаанаас 19 дүгээр хорооллын замын урд талын төмөр хашааг хүртэл, зүүн тийшээгээ 120 мянгатын зам хүртэл, баруун тийшээ музейн баруун талын хашаанаас урд хашаа хүртэл газрыг хамгаалалтад авахаар тусгасан. Гэтэл энэ газарт 2008, 2012, 2013 онуудад Нийслэлийн засаг дарга Засгийн газрын тогтоолыг зөрчиж, музейн эзэмшил газраас манайд мэдэгдэхгүйгээр хэсэгчлэн авч бусдад эзэмшүүлэх захирамж гаргасан.

Музейн газрыг хууль бусаар бусдад олгосон өдрөөс эхлээд өнөөдрийг хүртэл холбогдох газруудад бичиг явуулж, газрын маргааныг шийдвэрлүүлэх хүсэлт тавьсан боловч шийдвэрлэж өгөөгүй. Энэ тавдугаар сарын 1-ний өдөр музейн хойд талд хөлбөмбөгийн асрын барилгын ажил эхэлсэн. Уг ажлыг олон нийтийн оролцоо дэмжлэгтэйгээр маш хүчтэй эсэргүүцсэний дүнд зогсоож чадлаа.

Уржигдар барилгын ажлыг зогсоож буй талаараа “NTV” телевиз мэдэгдэл гаргасан байна. Монгол Улсын соёлын өвийн тухай хуульд заасны дагуу “Богд хааны ордон” музей нь онцгой бүсэд тооцогддог. Онцгой байдал тохиолдсоноос бусад үед хамгаалалтын бүсэд өөрөө явагч техник хэрэгсэл нэвтрүүлж болохгүй. Тухайн газрыг зориулалтын бусаар ашиглах хориотой байдаг.

Гэтэл өнөөдөр яаж байна гэхээр хамгаалалтын бүсэд “Вантрейд” ХХК-ийн гаднаа авто зогсоолтой хоёр барилга байна. Энэ хоёр барилгад фитнесс, нэрийн барааны дэлгүүр гэх мэт хуулиар хориглосон үйл ажиллагааг явуулж байгаа. Анх зөвшөөрөлгүйгээр олон давхар барилга барих гэж байхад нь МХЕГ-ын байцаагчид акт тавиад нэг давхар барилга болгосон шүү дээ.

Бид Соёлын өвийн тухай хуулийг хэрэгжүүлж, хамгаалалтын бүсийн газруудыг улсын тусгай хэрэгцээнд эргүүлэн аваач гэсэн хүсэлтийг тавиад байгаа. Богдын ордонд байгаа түүх соёлын эд өлгийн зүйлсийг музейн стандартад тавьдаг бүх шаардлага нормын дагуу хадгалж байгаа.

Харин халцарсан будаг, ховхорсон замын асуудал нь яалтачгүй бидний ясыг хавталзуулсан хэцүү асуудал болоод байгаа. Ховхорсон будгийг бид өөрсдөө будаж болдоггүй. Түүх соёлын өвийг сэргээн засварлах эрх бүхий байгууллага хийх хуультай.

Сэргээн засварлах чиглэлээр сүүлийн жилүүдэд нэлээд ажил хийгдсэн боловч хоорондын уялдаа холбоо хангалтгүй байгаа. Улсын хэмжээнд тогтоосон нэгдсэн стандарт байхгүйн улмаас засвар үйлчилгээ хийж буй компаниуд дурын өнгөөр будаж байгаа нь музейн өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж байгаа” гэсэн юм.

“Д.Цэрэнсодном бол эрдэмтэн биш дээрэмчин”

“Богд хааны ордон” музейтэй холбоотой асуудлаар олон нийтийн сүлжээнд жиргэж, санал бодлоо илэрхийлсээр ирсэн Монголын үндэсний номын сангийн Сэргээн засварлагч Г.Ням-Очиртой уулзаж Богд хааны “Ногоон ордон”-той холбоотой асуудлаар байр суурийг нь сонслоо.

Г.Ням-Очир “Би 2013-2014 онд “Богд хааны ордон” музейд тайлбарлагч хийж байсан. Энэ үедээ тус музейд хадгалагдаж байгаа “Бурхан багшийн шүд”-ийг судалж Монгол Улсын хосгүй үнэтийн бүртгэлд бүртгүүлсэн. “Богд хааны ордон” музейтэй холбоотой асуудлаар сүүлийн хоёр өдөр хүмүүс их шуугиж байна.

Хүмүүсийн шүүмжлэлийн дийлэнх нь “АПУ” ХК-ийн эсрэг чиглэж байгаа. Би энэ асуудлаар олон жилийн өмнөөс тууштай байр сууриа илэрхийлж, твитерт жиргэсээр ирсний хувьд хэлэхэд “АПУ” ХК тус музейн газрыг авч хадгалсан гэж үздэг. Яагаад гэхээр тус компани уг газартаа ямар нэгэн барилга бариагүй. Хэрвээ БНСУ-ын ч юм уу, өөр ямар нэг компани байсан бол хэдийд барилга барьчих байсан.

“АПУ” ХК-аас өмнө тус газрыг н.Баасан гэдэг лам эзэмшдэг байхдаа музейн хойно байгаа хоёр барилгыг барьсан шүү дээ. Богдын музейн эргэн тойрны газрыг академич Д.Цэрэнсодном дээрэмдсэн. Музейн баруун талд Д.Цэрэнсодном монгол уншлагатай хийд барина гэж газар авчихаад өөрийнхөө хувийн байшинг бариад амьдарч байна. Д.Цэрэнсодном бол эрдэмтэн биш, харин дээрэмчин.

Богдын музейн эргэн тойрны газрыг буцааж авах гэхээр тус газарт оруулсан хөрөнгө, барьсан барилгуудын төлбөрийг буцааж төлөх болчихоод ажил гацаад байгаа гэсэн. Богдын музейн хөдлөх болоод үл хөдлөх хөрөнгийг үнэлж үзвэл багцаагаар гурван тэрбум евро болох байх. Хэрвээ энэ үнэлгээгээр нь үнэлчих юм бол тус музейн эргэн тойронд байгаа барилгууд копек л байхгүй юу.

Богдын музейг аврах хоёр үндсэн арга байна гэж хардаг. Нэгдүгээрт, тус музейд байгаа “Бурхан багшийн шүд”-ийг бүх Монголчуудын бурхны шашны шүтээн болгож чадвал олон улсад байгаа монгол туургатан, бурхны шашинтнуудын хандив дэмжлэгээр том сүм барих боломжтой.

Ингэснээр шашны аялал жуулчлалыг хөгжүүлж, хөрөнгө босгох замаар аварч болно. Хоёрдугаарт БСШУСЯ-ны харьяанаас тус музейг гаргаад Ерөнхийлөгчийн мэдэлд өгөх ёстой. Ерөнхийлөгч Монгол Улсад ирсэн гадны өндөр дээд зочид, төлөөлөгчдөд музейгээ үзүүлж, өөрийнхөө шууд ивээлд авчихвал газрын асуудал шууд шийдэгдэнэ. Мөн үндэсний болон гадны томоохон компаниудын хөрөнгө оруулалтаар сэргээн засварлалт, өнгө будаг, бусад засваруудыг цаг тухайд нь хийгээд аварч болно гэж үздэг. Түүнээс биш тус музейн гадаа ширээ горьдсон пялдаганууд хурал хийснээр энэ музей аврагдахгүй” хэмээв.

Ерөнхийлөгч Х.Баттулга Нийслэлийн Засаг дарга С.Батболдод “Богд хааны ордон” музейн газрын асуудлыг яаралтай шийдэх чиглэл өгсөн гэх мэдээллийн дагуу, хууль бус газар олголтыг шийдвэрлэх ажил ямар шатандаа явааг тодруулахаар НЗДТГ-т очсон юм. Харамсалтай нь намайг очих үед НЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн төв цоожтой байсан тул Нийслэлийн газрын алба руу шууд очлоо.

Газрын албаны хэвлэлийн төлөөлөгч н.Бурмаа гэх хүн байдаг боловч өчигдөр ажилдаа ирээгүй гэсэн бөгөөд залгахад утсаа авахгүй байлаа. Газрын бүртгэл, мэдээллийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн өрөөнд нь ороод учир байдлаа тайлбарлахад “Манай ахлах өрөөндөө байхгүй байна. Дотуур хаа нэгтээ явж байгаа. Гар утсыг нь чамд өгөх боломжгүй. Гадаа гараад хүлээ, чи” хэмээн хөөсөн тул тухайн байгууллагаас ямар нэгэн мэдээлэл авч чадсангүй.

“Богд хааны ордон” музейтэй холбоотой үүсээд байгаа газрын асуудлын талаар албан ёсны тайлбар мэдээлэл авахаар “АПУ” ХК-ийн хэвлэлийн төлөөлөгч Д.Түвшинтөртэй утсаар холбогдоход “Би захиралдаа энэ асуудлыг танилцуулаад тантай эргэн холбогдож тайлбар мэдээлэл өгье” гэсэн боловч дугаар шилжих хүртэл эргэж холбогдсонгүй.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here