Б.Түвдэнням: Монголчууд гутлаа хийгээд өмсчихдөг шүү гэдгийг дэлхийд харуулах юмсан

Чингис, Самурай бондын мөнгөнөөс санхүүжсэн “Экспортыг дэмжих, импортыг орлох  888 төсөл” нэрийн дор 694 аж ахуй нэгж, хувь хүнд 284 тэрбум төгрөг олгосон байдаг. Тус төсөлд шалгарч зээл авсан компаниудыг манай сонин цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаагийн дугаар хоёр тэрбум төгрөгийн зээл авсан “Бест шүес” ХХК-ийн захирал Б.Түвдэннямтай уулзаж ярилцсанаа хүргэж байна.

-Та өөрийгөө, болон үйлдвэрийнхээ та­лаар танилцуулна уу?

-Намайг Б.Түвдэнням гэдэг. Би өөрөө гутлын загвар зохион бүтээгч, дизайнер мэргэжилтэй. Одоо “Бест шүес” гэдэг гутал үйлдвэрлэдэг компанийн захирлаар ажилладаг. Анх хөнгөний ТМС-д гутлын өргөн мэргэжлээр төгссөн. Төгсөөд гутлын үйлдвэрт ажиллаж, гутал хийхэд суралцсан. 1996 онд үйлдвэр хаагдахад хувиараа гутал хийж зах дээр зардаг байлаа. Тэндээсээ “Урлах эрдэм” дээд сургуульд сурч, сургуулиа төгссөн жилээ буюу 2001 онд компаниа байгуулсан.

-Одоо танай үйлдвэр хэдий хэр хүчин ча­­далтай, хэчнээн ажилтантайгаар үйл ажил­лагаагаа явуулж байна даа?

-Уг нь манай үйлдвэр өдөрт 800 хос гутал үйлдвэрлэх хүчин чадалтай. Харин өнөөдрийн байд­лаар зах зээлээсээ шалтгаалж 200-250 шир­хэг хос гутал үйлдвэрлэж байна. 85 ажил­тантай, тэр хэмжээгээрээ улсад багагүй татвар төлж бай­на.

-Танай компани Чингис бондын хөрөнгөөс санхүүжүүлсэн “888 төсөл”-ийн нэгээр шал­гарч, Хөгжлийн банкнаас хоёр тэрбум төг­рөгийн зээл авсан. Ямар төсөл бичиж, зээлд хамрагдах болсон бэ. Зээлээ хэр үр дүнтэй зарцуулав?

-Бид 2014 онд Чингис бондын мөнгөнөөс төсөл бичиж, хоёр тэрбум төгрөгийн зээл авсан. Зээлийн хөрөнгөөр та бид хоёрын байгаа энэ үйлдвэрийн байрыг барьсан. Мөн үйлдвэрийнхээ хүчин чадлыг өргөтгөж, зарим тоног төхөөрөмжийг худалдан авч суурилуулсан. Тус зээл бидэнд үр дүнтэй, маш их хэрэгтэй зээл болсон гэж үздэг. Зээл авснаар манай үйлдвэр хуучин дампуурсан гутлын үйлдвэрээс хойшхи хамгийн том үйлдвэр болж чадсан.

-Зээлийн эргэн төлөлт ямар нэгэн асуу­далгүй, хуваарийн дагуу хийгдэж байгаа юу?

-Хуваарийн дагуу хийгдэж байгаа. Нэг ч удаа хуваариас хойшлогдож үзээгүй. Мэдээж манай компани ажилтай байгаа тохиолдолд зээлээ хугацаанд нь төлөөд дуусгана. Зээлээ таван жилийн хугацаатай авсан. Дараа жил төлж дуусгах ёстой. Гэхдээ үйлдвэрлэл эрхэлж буй хүмүүсийн хувьд бол таван жилийн зээл гэдэг бол маш богино хугацаатай зээл гэсэн үг.

-Танай үйлдвэр өдөрт 800 ширхэг хос гутал үйлдвэрлэх хүчин чадалтай хэр нь одоогоор 200-250 хос гутал хийдэг гэж байна. Юунаас шалтгаалж, бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байгаа вэ?

-Худалдан авалтдаа тааруулж үйлдвэрлэж байгаа. Одоо бүх л газар тендер зарлаж худалдан авалт хийдэг болсон. Үйлдвэрлэлээ нэмээд, боловсон хүчнээ нэмэхэд байнга ажилтай байх баталгаагүй тул хүчин чадлаа огцом нэмж болохгүй байна. Өөрөөр хэлбэл тендерт ялах, үгүйгээс шалтгаалж, ажилтай байх үгүй нь шийдэгдэж байгаа учир бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байна. Энд нэмээд хэлэхэд, тендер шалгаруулалт шударга байх ёстой. Мөн тендер зарлаж буй байгууллагууд дотоодынхоо үйлдвэрлэлийг худалдан авалтаар дэмжиж, ижил төрлийн гадны үйлдвэрийн бүтээгдэхүүнээс татгалздаг байвал сайн байна.

-Одоогийн байдлаар танайх тендерт нь ялаад, худалдан авалт хийж буй ямар, ямар түнш байгууллагууд байна?

-“Эрдэнэт үйлдвэр”, “Улаанбаатар төмөр зам”, Онцгой байдал, Цахилгаан түгээх, Цахилгаан дамжуулах гэх мэт газруудад манай компани гутал нийлүүлж байна. Манай үйлдвэр жил бүр улсын төсвөөс зарлагдаж буй 200 мянган хос гутлын тендерийн 15-20 хувийг нь л авч байгаа. Энэ жил “Оюу толгой” ХХК-д материалаа өгсөн. Одоогийн байдлаар хариугаа хүлээж байна. Ер нь манайх тендерт ялж бүтээгдэхүүн нийлүүлсэн газрууддаа маш их нэр хүндтэй байдаг. Монголд ийм гутал хийдэг болчихсон юм уу. Өмнө нь хаагуур байсан юм. Танайх хэзээний бий болсон юм гэх мэтээр маш их асуудаг. Гагцхүү дандаа нэг газраас худалдаж авах боломжгүй, тендерээр авдаг учраас бид ч ажилчдынхаа тоог нэмж, үйлдвэрээ бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж чадахгүй байна.

-Танай үйлдвэр хэчнээн төрлийн бүтээгдэхүүн хийж байна?

-Зөвхөн цэрэг, цагдаа болон хөдөлмөр хам­гаал­лын гутлууд гэхэд 50 гаруй төрлийн гутал үйлд­вэрлэж байна. Гоёлын гэвэл маш олон төрлийн гутлууд хийдэг.

-Цаашид гутлын үйлдвэрлэлийг дэмжихийн тулд төр засаг бодлогын төвшинд юуг анхаарах ёстой гэж таны хувьд боддог вэ?

-Өрсөлдөх чадвартай жишиг үйлдвэрүүдийг бий болгоход анхаараасай гэж боддог. Олон жижиг үйлдвэр гаргах гэж хүч тарамдаж байгаа санагддаг. Манайд гадныхантай өрсөлдөх том хэмжээний үйлдвэр алга. Хэрэв гадныхантай өрсөлдөе гэвэл үйлдвэрүүд томрох ёстой. Шинэ техникүүдийг нэвтрүүлэх хэрэгтэй. Шинэ инновацийг нэвтрүүлэх ёстой. Тэгж байж амжилттай үйл ажиллагаа явуулна. Жишээлбэл, гутлын үйлдвэр томорсноор арьс ширний үйлдвэрүүд хөгжинө шүү дээ. Түүнийгээ дагаад гутлын улны үйлдвэр гэдэг ч юм уу жинхэнээсээ жижиг дунд үйлдвэр хөгжинө. Тэгэхээр манай бодлого баригчид яг ямар үйлдвэрлэлээ барьж хөгжүүлэх юм бэ, ямар хэмжээнд хөгжүүлэх юм бэ гэдгээ бодох хэрэгтэй.

-Ер нь монгол гутал дэлхийд өрсөлдөх чадамжтай юу?

-Манай үйлдвэрт орж ирэхэд “Дэлхийд үнэлэгдэх монгол гутал” гэсэн уриа байгаа биз. Мэдээж бид 100 жилийн түүхтэй 3-4 үе дамжсан үйлдвэртэй өрсөлдөх хэцүү. Гэхдээ тэднээс илүү гарахгүй юм гэхэд монголчууд гутлаа хийгээд өмсчихдөг шүү гэдгийг дэлхийд харуулах юмсан гэж боддог юм. Монгол хүн, монголчууд гутлаа сайхан хийгээд өмсчихдөг юм шүү гэдэг хэмжээнд очих юмсан. Манайх гурван сая хүн амтай. Эрс тэс жилийн дөрвөн улиралтай. Нэг улиралд нэг гутал өмсдөг гэж бодох юм бол нэг хүн дөрвөн гутал өмсдөг гэсэн үг. Жилдээ 10-12 сая гутал хэрэглэдэг байх нь. Түүний ядаж 30 хувийг нь бид дотооддоо үйлдвэрлэдэг болъё л доо. Адаглаад 30 хувиа хангаж чадахгүй байж гадагшаа гэж яриад яах вэ. Бид гадагшаа гарах болоогүй. Тэгэхдээ монгол хүний ген, чадамж бол гайхамшигтай шүү. Гутлыг дэлхийн хаана ч тэр, Итали ч бай, Герман ч бай, Монгол ч бай нэг л технологиор үйлдвэрлэдэг юм. Тэгэхээр бид технологийн дагуу л үйлдвэрлэх юм бол дэлхийтэй өрсөлдөж чадна. Дээрээс нь мал аж ахуйн орон тул түүхийн эд нь бэлэн байна. Дээрээс нь дөрвөн улиралтай учир дөрвөн улирлын гутал үйлдвэрлэж чадна. Ялангуяа хүйтэнд зо­риу­лагдсан өвлийн гутлыг үйлдвэрлэж өрсөлдөх боломжтой. Давуу тал бол бий. Тэгэхдээ эхлээд дотоодынхоо хэрэгцээг хангах хэрэгтэй. Дараа нь дэлхийд гарах талаар ярьсан нь зөв. Эхлээд дотоодын гутлын хэрэгцээнийхээ 30 ху­вийг хангадаг болсон тохиолдолд хаашдаа өрсөлдөх чадвартай болно.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here