Дарга нарт зориулсан 69 квот буюу Су даргын шунал

Дөрвөн жилийн хугацаанд салхи оруулахаас татгалзаж, найман сарын хугацаанд хууль бусаар томилогдсон үүрэг гүйцэтгэгч даргатай “манарсан” Нийслэлийн МАН-ын хорооны хурал удтал дуншсаны эцэст арайхийн товоо зарласан аж.

Тодруулбал, энэ сарын 07-нд Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчид хуралдаж, ирэх зургадугаар сарын 07-нд Бага хурлаа хийх тов тогтоожээ. Хурлаа зарлахгүй, гишүүдээ чирэгдүүлж удтал явсны эцэст арайхийн хуралдах товоо гаргасан нь том амжилт юм. Гэвч, сахил хүртээд шал дордов гэгчээр тов тогтоохдоо бас л хууль зөрчсөн шийдвэр гаргаж, тамга өвөртөлсөн Су.Батболд суудлаа баттай болгох нүхээ ухаж эхэлсэн нь ил болжээ.

Тэргүүлэгчдийн хуралдаанаас гаргасан шийдвэр ёсоор Нийслэлийн намын даргыг сонгох Бага хуралд төлөөлөгчөөр оролцох 305 төлөөлөгчийн 69-г нь квотоор оруулах ёстой гэсэн шийдвэр гаргасан байх юм. Энэ нь мэдээж намын анхан шатны байгууллага, тэр дундаа энэ намд эрх барих хувь заяаг өгсөн эгэл жирийн гишүүдэд нь таалагдсангүй. Угтаа Су даргын өөртөө зориулж бэлтгэсэн 69 квотод хотын фракцийн толгойлогчид тухална гэсэн үг. М.Энхболд, Т.Бадамжунай, Ц.Сандуй зэрэгт алдарт 60 тэрбумын төлөөлөл ямар ч сонголтгүй, ногоон гэрлээр Бага хуралд тухалж, бас л хор найруулах ажилдаа орно. Тиймдээ ч шууд тулгасан энэхүү квотыг эсэргүүцэж, нийслэлийн болон орон нутгийн намын анхан шатны байгууллага болох 1000 гаруй үүрийн олон мянган гишүүд эсэргүүцэл илэрхийлж, Су даргын тухалж буй Хангарьд ордны гадна монгол гэр барьж жагсаал цуглаан хийхээр зөвшөөрөл хөөцөлдөж эхэлжээ.

Ардын намын ардчилал, шинэчлэл гэдэг нь энэ бололтой. Эгэл жирийн гишүүдээ хагалан бутаргаж, дарга нарт давуу эрх олгосон 69 квот нь өнөөх Үндсэн хууль шигээ бат мөрддөг гэх намын Үндсэн дүрмийг зөрчсөн үйлдэл болж байгаа юм билээ. Үүнийг нь төв намынхаа Хяналтын зөвлөлд хаягласан намын жирийн гишүүдийн өргөдөл гомдлоос харж болно. Хайрын үнсэлт, уярал ухаарлын “нулимстай” хуралдсан МАН-ын 28 дугаар Их хурлаас сүр дуулиантай баталсан Үндсэн дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Аймаг нийслэлийн Бага хурлын Намын анхан шатны байгууллагаас сонгогдсон төлөөлөгчөөс бүрдэнэ” хэмээн заасан байдаг аж.

Намын гишүүн бүрийн дагаж мөрдөх ёстой энэ заалтыг ноцтой зөрчиж, дарга нарт зориулж квот баталж, хууль зөрчсөн Су.Батболдын цаад хүсэл нь чухамдаа юу гэдэг нь тодорхой. Хатуухан хэлэхэд, тэр Нийслэлийн МАН-ыг даргалах хүслээ барьж дийлэхгүй нь байна. Тиймдээ ч эгэл гишүүдээ ч үл тоож, хэдхэн дарга нарт зориулж квот хүртэл бий болгохоор улайрч байх юм. МАН үнэхээр л ярьдаг шигээ эгэл гишүүддээ ойрхон юм бол даргад зориулж квот батлахын хэрэг юун. Намынхаа анхан шатны байгууллагаас сонгогдоод орж ирэх боломж тэдэнд хангалттай байгаа. Гэвч, үүр хороодоос сонгогдох байтугай, тэнд очих нүүргүй гэдгээ л энэ мэт үйлдлээр ил тод зарлаж байх юм, хэлэх ч үг алга.

Хамгийн инээдэмтэй нь 2018 оны статистик тоогоор Нийслэлийн МАН-д 32 мянган гишүүн байдаг гэсэн дүн мэдээ гарчээ. Гэтэл энэ олон мянган гишүүдийн дөнгөж нэг хувь нь Нийслэлийн МАН-ын даргыг томилно гэсэн үг. Ц.Сандуй, Су.Батболд гэх мэтээр хэн нь байлаа ч нийт гишүүдээс бус нэг хувиас сонгогдсон дарга гэх нэр хочтой болно гэсэн үг. Түүнийх нь 69 нь аль нэг фракцийн эрх ашгийг хамгаалах дарга нар байна. Тэд үнэхээр хүсч байгаа шиг шинэчлэгдсэн бол ийм хошин шог шиг хурал хийж онигоонд орохгүй байлаа. Дарга нарын нам биш гэдгээ нотлохыг хүссэн бол 305 төлөөлөгчийг намынхаа анхан шатнаас сонгож, дүүрэг бүрт санал асуулга явуулах боломж ч байгаа.

Гэвч тийм зүйл болсонгүй. Үхтлээ муулж доромжилдог өрсөлдөгч нам чинь өнөөдөр ийм шинэчлэлийг эхлүүлчихлээ. Нэг хувиас сонгогдох бус нийт гишүүдээсээ санал асуугаад даргаа томилчихоод байна, МАН-ынхаан. Гэтэл 90 гаруй жилийн түүх, зангаргаар гайхуулдаг эрх баригчид маань өнөөх л хуучирсан арга барилтайгаа зууралдаж, худал хуурмагаасаа салж чадахгүй арчаагаа алдаж суух юм, эмгэнэлтэй биш гэж үү. Даргад таалагдахын тулд боломж бүрдүүлдэг, хууль бусаар албан тушаалд хүрэхийн тулд худал хуурмагийг үйлддэг, эгэл гишүүдээ үл тоодог энэ арчаагүй байдалдаа хэзээ ч цэг тавихгүй бололтой. Хурлын тов зарлах гэж хоёр сар дотроо тэмцэлдсэн. Хэрүүл тэмцэлтэй товоо зарласан ч дахиад л хууль бусыг хийж эхлэв, Су.Батболд тэргүүтнүүд. Яасан ч дуусдаггүй шунал вэ. МАН-д олон зуун шударга залуус байдаг. Намаа шинэчлэх, өөрчлөлт хийх гэж олон залуус зүтгэдэг. Одоо ч тэмцэж байна. Тэд одоо зоригтойхон дуугарах болоогүй юу. Намаа худал хуурмагаас салгаж, шинэчлэл өөрчлөлт хийгээч. Хуц ухна тавьчихсан аятай аашилж, аягладаг хэдхэн эрх мэдэлтнүүдээс намаа салгаач, өөр хүсэх юм алга.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here