Таксичид аа, машинаа угаачихаж бай л даа

Улаанбаатар хотод машин унасан болгон таксинд явж, хүмүүсийн хэлдгээр халтуур хийдэг. Нийтийн тээвэр, зөвшөөрөлтэй компанийн үйлчилгээ хөгжөөгүй болохоор тэр орон зайг нөхөхгүй гээд ч яах билээ. Тэгээд ч таксинд явж, амьжиргаандаа нэмэрлэж байгааг нь буруутгах аргагүй.

Гэвч эрхэм жолооч нар минь, машинаа сайхан угаачихаж бай л даа. Цэвэрхэн, сайхан машинд хүн бүр дуртай сууна. Ороод суухад сайхан үнэртэй, цэвэрхэн, аятайхан такси байвал бүр ч сэтгэл хангалуун байна биз дээ. Гэтэл зарим таксичид машинаа угаахаа мартчихдаг.

Гадна талдаа ч халтар, заваан. Ороод суухад хувцас хир болгомоор тоос шороотой. Үнэр, танар гэж авах юмгүй машинтай үйлчилгээ үзүүлэх гээд явж байдаг. Машинаа дотор, гаднагүй угаалгахад тийм ч үнэтэй биш. 15 хоногтоо нэг сайн угаалгачихаад, бусад үед нь арчаад яваад байхад бохирдохгүй шүү дээ.

Орчин цагт иргэд соёлтой, боловсон үйлчилгээг хүсдэг болчихсон. Тоос шороо болсон муухай машинтай ирж зогсоод, хаашаа явах гэж асуудаг хүмүүсийн машинд суухаасаа суухгүй нь ойлгомжтой.

Тиймээс нэгэнт л үйлчилгээ үзүүлж байгаа юм чинь үйлчлүүлэгчээ хаан гэж боддоггүй юм гэхэд ядаж л өмссөн хувцсыг нь бохирдуулахгүй машинтай таксинд яв л даа. Суудлын бүрээс сардаа нэг угаачихаад, хааяа нэг машинаа угаалгачихаад явахад төлж дийлэхээргүй их мөнгө хэрэг болохгүй нь ойлгомжтой. Соёлтой үйлчилгээ, эелдэг харилцаа зөв энергийг түгээнэ. Цөөхөн монголчууд минь, бие биеэ хүндлээд сурчихмаар байх юм.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here