Ялалтын баяр бидний ч баяр

-Амиа алдсан хүн бүхэн бидний зүрх сэтгэлд мөнх орших болно-

ОХУ-ын нийслэл Москва хотын Улаан талбайд өчигдөр 1941-1945 оны Аугаа эх орны дайны 73 жилийн ойд зориулсан цэргийн сүрт жагсаал боллоо. Жагсаалд цэргийн 13 мянга гаруй бие бүрэлдэхүүн оролцсоноос гадна тус улс армийн өнөөгийн дүр төрхийг нь тодорхойлох 159 зэвсэг техникээ танилцууллаа.

Мөн агаарын 77 хөлөг нисэх хүчнийг төлөөлж, үзэгчдийн мэлмийг баясгасан бол энэ онд шинээр зэвсэгт хүчинд нийлүүлж буй байлдааны “Терминатор” машин, тав дахь үеийн сөнөөгч “Су-57”, “Кинжал” цогцолбортой “МиГ-31К” нисэх онгоц, түүнчлэн олон зориулалттай робот техникийн цогцолборууд болон нисгэгчгүй онгоцуудыг анх удаа дэлгэж харуулсан юм. ёслолын жагсаалыг Хуурай замын цэргийн ерөнхий командлагч, хурандаа генерал Олег Салюков командлав.

Түүнчлэн, өнгөрсөн гурав­дугаар сард болсон Ерөн­хийлөгчийн сон­гуульд үнэмлэхүй ялалт байгуулж, дөрөв дэх удаагаа төрийн тэр­гүүнээр сонгогдсон В.Путин дэлхийн хоёрдугаар дайнд амь үрэгдсэн нэр нь үл мэдэгдэх цэргийн булш дурсгалын цогцолборт цэцэг өргөснийхөө дараа нийт ард түмэндээ хандан үг хэлсэн юм. Тэрбээр “ЗХУ-ын баатрууд дайнд ялалт байгуулахын тулд эцсийн сумаа дуустал байлдсан.

Тэдний эр зоригийг хэзээ ч мартах учиргүй. Амиа алдсан хүн бүхэн бидний зүрх сэтгэлд мөнх орших болно. Эх орныхоо төлөө амиа өргөсөн баатруудаа бид мартахгүй. Дайны хар өдрүүдэд олон хүн хайртай эцэг, эх, нөхөр, эхнэр, анд нөхдөө алдсан. Тэрхүү аймшигтай өдрүүдийг бид мартах учиргүй. Өнөөдөр бидэнтэй хамт байхгүй байгаа ахмад дайчдынхаа өмнө мэхийн ёсолж байна. Дайны уршгаар олон мянган хүн амиа алдаж, гэр бүлээсээ хагацсан. Энэ дайн бол амьдралын эсрэг дайн байсан.

Дэлхийн энхтайвныг бид амархан олоогүй. Тиймээс олон улс нэг нэгэн­тэйгээ эвтэй байх учиртай. ОХУ бүх улстай эрх тэгш харьцаатай байдаг. Бидний эрх тэгш байдал мөнхөд үр­гэлжлэх болно. Дайнд үрэгдсэн хү­мүүст бид хүндлэл үзүүлэх ёстой. Энэ бол залуу үеийнхэнд үлгэр жишээ болсон үйл явдал гэдгийг мартах учиргүй. Хүн бүхэн тэдний хийсэн эр зоригийг магтан шагших ёстой. Ахмад дайчдынхаа захиасыг бид үргэлж санаж бас биелүүлэх болно. Агуу их Ялалтын баярын мэнд хүргэе” хэмээлээ.

Манай улс ч цус урсгасан хүйтэн дайны хор уршгийг чамгүй амссан юм. Агт мориноос эхлээд эдийн засгийн хэм­жээтэйгээ харьцуулахад үлэмж хэм­жээний эд материалын тус­ламж үзүүлж байжээ. Мөн Халимаг, Тува, Буриад гэх мэт Монгол туур­гат­нууд Улаан армийн эгнээнд тулалдаж бай­сан гэдэг.

Ялалтын баяр, бидний ч баяр юм. Ялалтын баярын 73 жилийн ойн түүхт өдрийг Монголын ард түмэн ч хүйтэн дайныг дурсан санаж, баатарлагаар амь үрэгдсэн дайчдын гэгээн дурсгалыг хүндэтгэлээ. Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Зэвсэгт хүчний жан­жин штабын дарга Д.Даваа болон ал­ба­ны­хан, ОХУ-ын Элчин сайдын яам­ны­хан, манай улсад ажиллаж амьдарч буй ОХУ-ын иргэд Зайсан толгой дахь Зө­лөлтийн дайчдын болон Г.К.Жу­ковын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэв.

Мөн Монгол цэргийн музейд Мон­гол Улсын баатар Дашийн Данзан­ваан­чигийн дурсгалд зориулсан номын нээлт болсон бол Офицеруудын ордонд “Түү­­хэн гавьяаны эзэд, найрамдлын дуу­лал” баярын концерт зохион бай­гуулагдлаа.

Шинээр танилцуулсан зэвсэг, техникүүд

Тавдугаар үеийн Су-57

СУ-57 нь хамгийн сүүлийн үеийн сайжруулсан загвартай, агаараас газар руу, газраас агаар руу пуужин харвана. Мөн зургаан ширхэг дуунаас хурдан BrahMos-A пуужинг зөөвөрлөх хүчин чадалтай аж.

“Кинжал” пуужин

Тус пуучин нь дайсны ямар ч агаарын хамгаалалтыг нэвтрэх өндөр хүчин чадалтай. МиГ-31 сөнөөгч онгоцонд тээвэрлэгдэн 2000 км хүртэл зайд байндаа тусдаг, цагт 10000 км хурдаар нисэх чадалтай гэнэ.

“Терминатор”

Уралийн вагон үйлдвэрийн шинэ бүтээл “Терминатор” тодотголтой танк дэмжигч байлдааны машин нь мөн энэ жил анх удаа олны өмнө дэлгэгдлээ. “ Атака” нэртэй дөрвөн ширхэг танк эсэргүүцэгч пуужинтай, 30 мм-ийн хоёр их буу, хоёр гранат харвагчтай, мөн бууны ам нь 7.62 мм голч бүхий пулемёт зэргээр тоноглогджээ.

 

Жолооч, нисгэгчгүй робот зэвсгүүд

Энэ жилийн жагсаалд шинэ төрлийн онцлог дөрвөн техник оролцсоны хоёр нь газраар, хоёр нь агаарт нисэхэд зориулагджээ. Жолоочийн шаардлагагүй буюу операторын тусламжтай үүргээ гүйцэтгэх Уран-6 болон Уран-9 танкууд нь овор хэмжээний хувьд харьцангуй жижиг болсон байна.

“Уран 9”-ийг Москва дахь цэргийн дэвшилтэт зэвсэг үйлдвэрлэгч JSC 766 UPTK үйлдвэр зохион бүтээсэн бөгөөд энэхүү робот систем нь тагнуул хийх болон тагнуулын хэрэгслүүдэд гал нээн дэмжлэг үзүүлэхэд зориулагдан бүтээгдсэн учир байлдааны явцыг цаг хугацаанаас үл хамааран оператор төв рүү илгээх зориулалттай аж. Түүнчлэн, цаг агаарын ямар ч нөхцөлд нисэх чадвартай Корсар нэртэй дроныг ч өчигдрийн жагсаалаар анх удаа олонд танилцууллаа.

Тус зэвсэг нь сонгогдсон байг хамгийн хурдан онилох хүчин чадалтайгаас гадна газарт байгаа цэргийн хүчинд гэрлээр дохио өгөх зэрэг давуу талтай гэнэ. Мөн удирдлагын төвөөсөө 100 км хүртэл зайд ажиллахаар зохион бүтээгдсэн байна. Өөр нэгэн онцлог нисэгч техник нь хоёр км хүртэлх өндөрт хөөрөх чадвартай, цагт 130 км цаг хурдлах алсын удирдлагатай нисгэгчгүй дрон “Катран” юм. Катран нь мөн л цаг агаарын бүхий л нөхцөлд мэдээ дамжуулах, тагнуулын журмаар ашиглагдах боломжтой. 120 кг хүртэлх ачааны даацтай гэдгээрээ ч давуу талтай байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here