Алдаанд өгөх талархал

Соошл орчинд өөрийн буруу үйлдлээс болж олон хүн шүүмжлэлийн бай болдог. Гэвч тэд бол өнөөгийн нийгмийн тусгал. Ямар нийгэм бүтээснээ бид тэднээс олж харж байгаа хэрэг. Төрийн байгууллагын үнэн төрх, улс төрийн намуудын өнөөгийн төрх, улс орны хөгжлийн бодит байдлыг “илчилсэн” тэр хүмүүст баярлалаа. Доорхи зураг, тайлбар хоёроос нэгийг бодож, хоёрыг тунгаах эрх та бидэнд бий.

-Төв талбайн өмнөх цэцэрлэгт хүрээлэнд нүцгэн хэвтэн амарч байсан гадны иргэнийг монголчууд энэ өдрүүдэд нийтээрээ жигшин зэвүүцэв. Гэвч дэлхий нийтэд нүцгэн хэвтэх байтугай, нийтээр амарч унтах зориулалттай цэцэрлэгт хүрээлэн хэдэн зуу бий. Тэр эр цахилгаан ашиглалтын асуудлаар манай улсад зөвлөгөө өгөхөөр ирсэн мэргэжилтэн юм билээ. Төв талбайн өмнөх цэцэрлэгийг нийтээр амарч зугаалж, хэвтэж амарч болдог хүрээлэн гэж андуурснаа тайлбарлаж монголчуудаас уучлалт хүсэв. Үнэн хэрэгтээ биднээс уучлалт гуйх шаардлага байхгүй. Тал шиг уудам газар нутагтаа атлаа дөрвөн уулын дунд чихэлдэж амьдардаг монголчууд үндэсний хэмжээнд ийм цэцэрлэгт хүрээлэн ганцыг ч болов байгуулж чадаагүйг та харуулж өглөө. Үр хүүхдийнхээ тоглож наадах газраас хумсалдаг хэнбугай ч таны энэ үйлдлээс ичсэн биз ээ.

-Бандгар жийптэй, бийлэгжүү хувцасласан нэгэн эр гудамжинд бие засч буй зургийг өдөр шөнөгүй өглөө оройгүй шэйрлэв. Бас гадны жуулчид өнгөрсөн зун хотын захиргааны гадна бие засч бас л шүүмжлүүлж билээ. Ухамсар нь доройтсон гэх мэтээр хангалттай занаж зүхсэн доромжилсон. Харин ч сая гаруй хүн амтай мега хотод нийтийн бие засах газар хангалттай байдаггүй гэдгийг үйлдлээрээ харуулсан тэр залууд харин баярлалаа.

-Дөрвөн найз ууж хөлчүүрхээд гарахдаа гудамжинд байсан хөшөөг өшиглөөд унагачихаж. Өнөөх нь үйрээд уначихаж. Өнөөгийн залуусын арчаагүйг хангалттай шүүмжлэв. Тэднийг эрэн сурвалжилж эхэлжээ. Хорин сая төгрөгөөр хийсэн юм чинь хүрлээр цутгасан биз хэмээн эндүүрч явсан хөшөө ямархан чанартай байсныг олон нийт мэдлээ. Төсвийн мөнгийг яаж “цавчдагийг” таниулсан дөрвөн залууд талархъя.

-Төрийн албан хаагчдын өмнөөс нохойтой хамгаалагч тавьж “ичээсэн” Б.Дайчинхүү танд ч баярлалаа. Та нохой тавьж төрийн албаныхныг уурлуулаагүй бол улстөрчдийн газрын наймааны талаар бид мэдэхгүй өнгөрөх байлаа. Гурван тэрбумаар газраа наймаалцаж, төрийн шийдвэрийг хэрхэн уландаа гишгэж байдгийг ойлгуулж өгөв. Одоо УИХ-ын гишүүнийхээ нэрийг зарлачихаарай. Иргэний эр зориг гэдэг юу юунаас чухал юм шүү. Үүнийг үнэлэх ёстой.

-Олон асуулт асууж амгалан тайван байдлыг нь алдагдуулсанд прокурор эгчээс бас уучлал хүсэхийн ялдамд баярлалаа гэж хэлье. Хүн хэлэхээс нааш, цаас чичихээс нааш гэгчээр эмх замбараагүй логикгүй асуулт асуудаг гэдгээ олон ч сэтгүүлч ойлгоод авчихлаа. Төрийн байгууллагын, тэр дундаа хуулийнхны хүнд суртал, авир араншин, ёс зүй хаана хүрснийг харуулж чадлаа.

-УИХ-ын гишүүн Д.Гантулгадаа баярлалаа. Бид ямархуу залуусаар, ямар зангарагтай улстөрчдөөр төрөө түшүүлснээ мэдлээ. Бас гэмт хэрэг үйлдэж байхдаа болон нотлох баримт олдсон тохиолдолд гишүүнээс эргүүлэн татах заалтыг УИХ анх удаа чухалчлан авч хэлэлцэж, ажлын хэсэг хүртэл байгууллаа. Гишгэсэн зам мөр бүхнээ хянах ёстойг олон улстөрч, нам дагасан залууст ойлгуулж өгөв.

-Уулын модыг унагаж ирлээ хэмээн яамны ажилтанг хөөцөлдсөөр байгаад ажлаас нь халуулж чадсан Хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрт ч бас баярлах хэрэгтэй. Дарга хүн гэхэд булхайгаа нуух гэж гүйсэнгүй. Бас үнэнээ хүлээчихлээ. Суулгацын үйлдвэрээс худалдан авдаг хэмээн олон жил биднийг хуурсан хотын удирдлагуудын булхайг илчлэв. Ойн мод огтолсон гэдгээ хүлээн зөвшөөрч, ургахгүй бол хариуцлага хүлээхээ ч хэлж байна. Үлгэрт итгэж болохгүй, болдоггүй юм гэдгийг бидэнд мэдрүүллээ.

…Энэ мэтээр үл бүтэх нэгэн хэмээн цоллуулж буй бүхэн бидний тусгал, өнөөгийн нийгмийн тод томруун дүр, ямархуу хотод яаж амьдарч байгааг минь харуулж өгч байгаа учраас энэ бүхэнд зүгээр л талархаад өнгөрье. Магад би тийм алдаа гаргаагүйдээ, маргааш гаргаж болох байснаа засаад өнгөрцгөөе.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here