Британийн “Шиндлер”

1988 он. Их Британийн нийслэл Лондон хотод төвтэй “Би Би Си” агентлаг тусгай шоу нэвт­рүүлэг бэлтгэж байв. Тус танхимд дэлхийн II дайны гэрч Николас Винтон уригдан ирснээс гадна зуу, зуун хүн үзэгчдийн суудалд суусан байлаа. Энэ хүртэл Николас Винтон жирийн л нэг англи хүн байв.

Гэхдээ тэр цаг мөчөөс огт өөр нэгэн болсон юм. Учир нь “Би Би Си” телевизийн шоу нэвтрүүлгийн танхимд Н.Винтоны 50 жил хадгалсан том нууц задарчээ. Хэзээ ч, хэнд ч ярьж байгаагүй хүйтэн дайны эхэн үед буюу 1938-1939 онд Чехээс 669 еврей хүүхдийг аварсан түүний нууц бүхний өмнө энэ өдөр ил болжээ. Сэтгүүлч түүнийг танилцуулах мөчид танхимд суусан зуу зуун хүн суудлаасаа босч, алга нижигнүүлэн ташиж байв.

Бүгд л түүнд “Баярлалаа” хэмээн чин сэтгэлийн үг хэлжээ. Гэхдээ энэ үг зүгээр ч нэг үзэгчийн үг байгаагүй юм. Учир нь тэр танхимд түүний аварсан хүүхдүүд хүрэлцэн ирсэн байлаа. Тэд аль хэдийнэ насанд хүрч, өөрсдөө үр хүүхэдтэй эцэг, эх болцгоосон байсан бөгөөд амийг нь аварсан хүнд талархлаа илэрхийлэхээр иржээ. Харин Н.Винтон юу ч мэдээгүй байсан гэдэг.

Үүнээс хойш хэвлэлүүд түүний сонирхол татам гайхамшигт түүхийг нийтэлж, тэрбээр дэлхий даяар алдаршсан бөгөөд улс гүрний удирдагчид ч талархлын захидал илгээж эхэлсэн байна. Оскарын шагнал хүртсэн “Шиндлерийн бүртгэл” киноноос бидний мэдэх 1200 еврей хүний амийг үйлдвэрт ажиллуулах нэрийн дор аварч чадсан Оскар Шиндлертэй адил Прага хотын хүндэт иргэн, Бүгд найрамдах Чех улсын баатар гээд бүхий л шагналыг тэр хүртэв.

Бас болоогүй түүний нэрээр нэрлэсэн гудамж бий болж, түүний үйл хэргийг мөнхөлсөн хөшөө хүртэл босчээ. 2003 онд Их Британийн хатан хаан хоёрдугаар Элизабет түүнд хүндэтгэл үзүүлсэн бол 2010 онд “Холокостын баатар” цол олгосон байна. Мөн хэд хэдэн кинонд түүний талаар дурьдагдаж, хожим “Винтоны хүүх­дүүд” гэх нэрээр олонд та­нигдсан юм. Ингээд “Дэл­хийн хүн” буландаа Ни­ко­­лас Винтон гэх эгэл баат­рын амьдралын түүхийг уншиг­чид­даа сонирхуулж байна.

Николас Винтон гэж хэн бэ?

Тэрээр 1909 оны тавдугаар сарын 19-нд Лондон хотод гур­ван хүүхэдтэй айлын хамгийн том хүү болон мэндэлжээ. Түү­нийг төрөх үед эцэг, эх нь еврейн шашин шүтдэг бай­сан учраас Николас Жорж Вер­вьем гэж нэрлэсэн байна. Харин дараа нь Христийн шашин шүтэх болс­ноор овгоо Вин­тон бол­гон өөрчилж бай­сан гэдэг. Түүний бага нас баян чинээлэг амьдрал дунд өнгөрчээ.

Аав нь бан­кир байсан учраас тухайн үедээ тэднийх Лондонгийн чи­нээлэг гэр бүлийн тоонд багт­даг байсны зэрэгцээ Уэст Хампстидэд 20 өрөөтэй том хар­шид амьдардаг бай­сан гэ­нэ. Букингэмийн “Стове” гэх сургуулийг төгссөний­хөө да­­раа тэрээр эцгийнхээ зам­­на­­­лаар замнаж, олон ул­сын банк­ны салбарт ажил­лаж эхэл­сэн гэдэг. Тухайл­бал, Па­­рис, Берлин, Лондон зэ­рэг хотуудын банкинд ажил­­­лаж байжээ. Харин 1931 онд Анг­лидаа эргэн ирж, хө­рөн­гийн биржийн броке­роос карьераа эх­лүүлжээ.

Британийн “Шиндлер”

1938 оны арванхоёрдугаар сард Винтон Швейцарьт цанаар гулган амралтаа өнгөрүүлэхээр ший­дэж, нэг найзындаа зочилжээ. Түүний найз нь тухайн үед Германы хяналтад байсан Чехийн баруун этгээдэд дүр­вэгсэдтэй ажилладаг бай­в. Энэ аяллынхаа үеэр тэ­­рээр дүрвэгсдийн лагерьт очиж, еврейчүүд болон бусад улс төрийн хоригдлууд ямар хүнд нөхцөлд аж төрж буйг нүдээрээ харсан гэ­дэг.

Тэнд харсан зүйлс Вин­тоны сэтгэлийг ихэд хөдөл­гөж, улмаар Австри болон Гер­манаас маш олон еврей хүүх­дүүдийг Англи руу нэвт­рүүлэх, амийг нь аврах үйл ажиллагаанд гар бие орол­цох болжээ. Улмаар тэр туршлага­даа үндэслэж, Чехэд ч мөн үүнтэй ижил төрлийн үйл ажиллагааг явуулахаар хү­чин чармайлт гаргаж эхэл­сэн байна.

Эхэндээ тэр ямар ч зөвшөөрөлгүйгээр “Их Британийн дүрвэгсдэд тус­лах хороо” гэсэн нэрийн дор Прагийн нэгэн зочид буу­далд өрөө хөлслөн Чехийн гэр бүлүүдээс өргөдөл хү­лээн авч эхэлжээ. Түүний үйл ажиллагаа тэр даруйдаа л танигдаж, сүүлдээ зочид бууд­­лын гадна мянга мянган хүн дугаарлан зогсдог бол­сон гэнэ. Энэ бүх ажлыг өрнүүлс­ний­­­хээ дараа тэрээр Англидаа эргэн ирсэн байна. Тэгэхдээ тэр зүгээр суусангүй. Хүүхэд өр­гөж авах боломжтой гэр бү­лийг олж, хүүхдүүдийг тээвэр­лэн авчрахад шаардлагатай санхүүг босгохын тулд хан­див цуглуулж эхэлжээ.

Гэвч, маш бага мөн­гө цугласан учраас Вин­тон бүхий л зард­лыг өөрийн­хөө халаас­наас гар­гасан гэдэг.

1939 оны гуравдугаар са­рын 14-нд Нацист Германы даран­гуйлагч Адольф Гитлер Чехийг эзлэн авахаас ердөө хэдхэн цагийн өмнө Винтоны хүүхдүүд тээвэрлэсэн галт тэрэг тус улсыг орхин хө­дөлжээ. Үүнээс хойшхи та­ван сарын хугацаанд Вин­тон болон түүний баг дахиад долоон удаагийн амжилттай тээвэрлэлт хийж чадсан байна. Ингээд нийтдээ 669 хүүхдийг аюулгүй газарт хүргэж чадсан аж.

Гэхдээ харамсалтай нь 1939 оны есдүгээр сарын 1-нд дахиад 250 хүүхдийг тээвэрлэхийг оролдсон ч бүтэлгүйтжээ. Ингэснээр дахин аврах ажиллагааг зохион байгуулах боломжгүй болсон байна. Тэр өдрүүдэд Гитлер Польш руу довтолж, Германы хяналтад байсан бүх хил хязгаарыг хаасан тул Винтоны аврах ажиллагаа ч дуусгавар болсон хэрэг. Энэ ажлыг өрнүүлэхдээ тэрээр дөнгөж 29 настай байв. Хэрвээ тэр байгаагүй бол, аврах ажиллагааг зохион байгуулж, Прагаас Англи руу галт тэрэг хөдөлгөж чадаагүй бол тэдгээр хүүхдүүд эцэг эхийнхээ нэгэн адил тавилангаар хорвоог орхих байсан билээ.
“Винтоны хүүхдүүд”

Хамгийн сүүлийн галт тэргэнд сууж явсан 250 хүүхдийн хувь заяа эмгэнэл­тэйгээр төгс­чээ. Нацист Гер­маны дарангуйлагч Адольф Гит­лер хилийн зурвасуудыг хаах шийдвэр гаргаж, дайн ч эхэлсэн бөгөөд сүүлчийн галт тэрэгний хүүхдүүдээс ердөө хоёр нь л амьд үлдэж чадсан байна. Харин эсрэгээр, аврагдсан 600 га­руй хүүхдүүдийн ирээдүй гэрэлт­жээ.

Түүний аварсан хүүхдүүд дундаас шилдэг улстөрч, математикч, яруу найрагч, кино найруулагч, сэтгүүлч гээд олон олон алдартан төрөн гарсан юм. Тэдгээрээс заримыг нь онцлоё. Их Британийн Хөдөлмөрийн намын гишүүн, УИХ-ын гишүүн асан Алф Дубс Барон Дубс тэдний нэг байсан. Тэрбээр 1932 оны арванхоёрдугаар сарын 5-нд Чехийн Прага хотод мэндэлжээ. Түүний эцэг эх нь еврей байсан гэдэг. Улмаар дайн эхлэх үед Николас Винтоны хүүхдүүдийн тоонд тэр багтаж, долоон настайдаа Англид очжээ.

Математикч Хэйни Хал­берс­­там, генетикч Рената Лак­­сова, яруу найрагч Герда Майер, кино зохиолч Карел Рейз, Канадын телевизийн сэт­­гүүлч, зохиолч Жое Шле­син­гер гээд Английн шилдэг сэ­хээтнүүд түүний ачаар амь аврагдаж чадсан байна.
Нууц задрах мөч

Хагас зуун жилийн турш Винтон дайн эхлэсэн тэдгээр өдрүүдэд болсон явдал, аврах ажиллагаагаа хэнд ч, хэзээ ч хэлэлгүй дотроо хадгалж, чимээгүйхэн амьдарч байжээ. Тэр явдлаас хойш есөн жилийн дараа буюу 1948 онд Грете Желструп гэх бүсгүйтэй гэрлэж, гурван ч хүүхэдтэй болжээ. Тэдний гэрлэлт урт удаан аз жаргалтайгаар үргэлжилж байсан ч, Винтон нэг ч удаа дайны эхэн үеийн талаар дурсч байсангүй. Хэн ч түүнийг ямар үйл хэрэг бүтээснийг мэдэлгүй “мартжээ”. Гэхдээ 1988 он хүртэл. Нэг удаа эхнэр Желструп нь гэртээ явж байгаад хуучны ном, хавтаснуудад тээглэж, унасан байна. Гэтэл тэдгээр хуудас нь хэдийнэ шарлаж, муудсан ном, хавтсууд дотор Чехэд аялсан баримт, зураг, захидлууд байжээ. Ингэж тэр нөхрийнхөө нууцыг мэдсэн. Гэвч, нөхөр нь тэр үеийн тухай дурсахыг хүсээгүй ч, удтал ят­гасны эцэст зөвшөөрүүлж, Хо­ло­кос­тын түүхийн тухай хайл­чил­бар цомог хийсэн байна.

“Би баатар биш”

Удсан ч үгүй “Би Би Си” Вин­тоны амьдрал, аж амьд­ра­лын талаар тусгай нэвтрүүлэг гар­гаж, дараа нь бусад хэвлэл мэ­дээллийн хэрэгслүүд түү­нээс ярилцлага авч, бичиж туур­ви­саар, тэр “Үндэсний баа­тар” болов. Энэ үед түүхийг нь хөндөж, ярилцлага авсан сэт­гүүлч бүр ганц асуулт л тавьж байжээ. Тэр нь “Яагаад тэдгээр хүүхдүүдийг аварсан юм бэ”. Гэхдээ Винтоны хариулт өөрч­лөг­дөөгүй. “Тэнд маш олон хүү­хэд аюултай нүүр тулгарч, аварч хамгаалахыг хүсч байсан. Гэхдээ тэдэнд туслах нэг ч байгууллага байгаагүй юм. Би яагаад тэр хүүхдүүдэд тусласан юм бэ гэж үү. Ер нь хүмүүс яагаад бүгд нэг ижил зүйлийг биш, өөр өөр зүйлийг хийдэг юм бэ. Зарим нь эрсдэлийг даван туулж байхад зарим нь ямар ч эрсдэлгүй амар тайван амьдарч байдаг биз дээ” гэж тэрээр хариулдаг байжээ. Мөн “Би баатар биш ээ. Яагаад гэвэл би хэзээ ч аюул, эрсдэл дунд амьдарч үзээ­гүй” гэж хэлсэн нь одоо ч мартагдаа­гүй байна. “Буянтай хүнийг бур­хан шагнадаг” гэдэг. Тэгвэл Н.Вин­тон хүйтэн дайны эхний он жилүү­дэд 669 нялх хүүхдийг аварч, тэдний талархал, ерөө­лөөр 106 наслаад, 2015 оны дол­дугаар сарын 1-нд таалал төгс­сөн юм.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here