Цензуртэй эшлэл

Улсын ерөнхий прокурорын орлогч, Төрийн хууль цаазын шадар зөвлөх, С.Зоригийг хө­нөө­сөн хэргийг илрүүлэх аж­лын хэсгийн ахлагч Г.Эрдэнэ­бат “С1” телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орол­цох үеэрээ С.Зоригийн хэрэгт холбоотой өмнө нь дэл­гэг­дэж байгаагүй ноцтой барим­туудыг дэлгэсэн юм. Түүний хэлсэн ноцтой барим­туудыг түүвэрлэн хүргэж байна.

-1998 оны аравдугаар сарын 03-ны өдөр С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт мөрдөн байцаагчийн тогтоолоор эрүүгийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн. Өнгөрсөн 18 жилийн хугацаанд уг хэргийг долоон удаа түдгэлзүүлж, долоон удаа буцаан сэргээсэн. Гэхдээ уг хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах, гүйцэтгэх ажиллагаа нэг өдөр зогсоогүй.

-Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн тушаалаар С.Зоригийн хэргийг шалгах ажлын хэсэг өөрчлөгдөж байгаагүй. Гэхдээ Ц.Нямдоржийг Хууль зүйн сайдаар ажиллаж байх үед дөрвөн удаагийн тушаалаар ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орж байсан.

-С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг тодорхой шатандаа илэрсэн. Бид гүйцэтгэгчийг илрүүлж, шалгаж, нотлоод шүүхээр шийдвэрлүүлсэн. Одоо захиалагчийг олох ажил үргэлжилж байгаа.

-Хэргийн газарт прокурор, шинжээч, цагдаагийн албан хаагч зэрэг 17 хүн орсон. Мөн УИХ, Засгийн газрын гишүүн, талийгаачийн гэр бүл, хамаатан садан, нэг намын нөхөд гэх мэт 57 хүн нэвтэрсэн байдаг. Хэргийн газраас С.Зориг болон Б.Булган нарын хурууны хээ олдоогүй. Тэр олон хүмүүс хэргийн газарт хөлхсөнөөс болоод хурууны хээ олдоогүй байж магадгүй.

-Хэргийн газраас олдсон хурууны хээнүүд тухайн аллагыг үйлдсэн гурван гүйцэтгэгчийн гарын хээтэй тохироогүй.

-С.Зоригийн хэргийг шалгаж байсан хүмүүсээс золгүй байдлаар амиа алдсан хүмүүс бий. Гэхдээ энэ хэргийг шалгаж байсны улмаас нас барсан гэх баримт байхгүй.

-С.Зоригийн хэргийг би үйлдсэн гэж 7-8 хүн хандсан. Мөн энэ хэргийг сайн мэднэ, тэр хүн үйлдсэн гэх маш их мэдээлэл өнгөрсөн хугацаанд ирсэн. Энэ бүхнийг бид нягталж шалгасан. Нарийн хэлбэл 41 хүнийг сэжигтнээр татан шалгахад хэрэгт холбогдолгүй нь тогтоогдсон учраас хэргийг хаасан.

-Т.Чимгээг С.Зоригийн хэрэгт холбогдуулан шалгаж байх үед түүний охин автын ослоор нас барсан. Гэхдээ Дарханы замд болсон золгүй ослыг энэ хэрэгт нааж болохгүй. Харин Т.Чимгээгийн гэрийн хашаанаас цогцос олдсон гэдэг нь үнэн. Уг хэргийг үйлдсэн хүмүүс Т.Чимгээг болгоомжлуулах зорилгоор хийсэн байх гэж харддаг.

-Ц.Амгаланбаатар бусдыг санаатайгаар алсан хэргээр шоронд сууж байхдаа Б.Содномдаржаатай удаан хугацааны турш мессэжээр маргалдсан байдаг. Ц.Амгаланбаатар “Та нар намайг удаан хугацаагаар эргэж тойрсонгүй. Би энэ хэргийг илчилнэ, хэлнэ” гэж мессэж бичсэн байсан.

-Хүн амины хэрэг үйлдэх үедээ Б.Содномдаржаа 24, Т.Чимгээ 26, Ц.Амгаланбаатар 16 настай байсан. Б.Содномдаржаа хэрэг үйлдсэн гэдгээ хүлээсэн. Т.Чимгээ энэ хэргийг шалгаж байх үед энэ хэргийг үйлдсэн талаархи хангалттай олон баримт нотолгоог гаргаж өгсөн. Харин мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөхөө больсон.

-2017 оны долдугаар сарын 04-нд Т.Чимгээ прокурорт гаргасан өргөдөлдөө “Т.Чимгээ миний холбогдсон энэ хэрэгт ………… нар нь холбогдолтой хамтран оролцогч байсан ба энэ хэргийг захиалсан гэгдэж, яллагдагчаар шалгагдаж байсан эдгээр хүмүүсийг дахин шалгуулах хүсэлтэй байна” гэсэн өргөдлийг гаргасан. Тус өргөдлийн дараагаас хэвлэл мэдээллээр Т.Чимгээг зохиомлоор яллалаа гэдэг мэдээлэл цацагдаж эхэлсэн. Мөн өргөдөл гаргаснаас хойш дөрөв хоногийн дараа Т.Чимгээгийн ар гэрийнхэн түүнтэй түр уулзалт хийсэн. Уг уулзалтаас хойш Т.Чимгээ ярих зүйлгүй болчихсон байсан.

-Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийг гүтгэх шинжтэй үйлдлийг Ц.Нямдорж, Ж.Батзандан, Л.Болд нар хийж байгаа. Мөн ялтнуудын ар гэрийнхэн, хуулийн байгууллагынхан хүртэл оролцож байгаа. Эдгээр хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад явж байгаа. Үйлдлийг нь нотолно. Тэдгээр хүмүүст хууль зүйн хариуцлага хүлээлгэх ёстой.

– Т.Чимгээ прокурорт хэргийг дахин шалгуулах хүсэлт тавьчихаад ар гэрийнхэнтэйгээ уулзсаны дараа хүсэлтээсээ татгалзчихсан. Гэрийнхэн нь түүнтэй уулзаад юу ярьсан. Ямар мэдээлэл өгсөн болоод түүнээсээ буцсаныг тогтооно. Ямар хүний уршгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учирсныг нотолбол дээрх хүмүүсийг буруутгах үндэслэл болж болно. Тэгээгүй тохиолдолд ямар нэгэн хүн өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд С.Зоригийн хэргийг шийдвэрлэхдээ хүн хэлмэгдүүлсэн байна гээд ярьсан болгоныг барьж аваад шоронд хийнэ гэвэл маш том алдаа болно. Хардах үндэслэл байгаа гэхдээ нотолж чадаагүй байна.

-Б.Булганыг анх гэрчээр байцааж байгаад сүүлдээ хамжигч байж болзошгүй гэж үзээд яллагдагчаар татан шалгасан. Гэвч хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэргийг 2016 оны хоёрдугаар сард хэрэгсэхгүй болгосон. Харин одоо захиалагчийг тогтоох ажлын хүрээнд шинэ нотлох баримтаар яллагдагчаар татан шалгаж байгаа.

-Сэжигтнүүдийн аман зургийг Б.Булганы мэдүүлгийн дагуу зураач Ц.Байдыгаар зуруулсан. Ам зураг тухайн үед сэжигтнүүдийг харсан гэх хоёр гэрчүүдийн мэдүүлэгтэй тохирсон.

-Б.Булган 1998 оноос хойш гэрчийн мэдүүлэг өгч ирсэн. Харин хэргийг сэргээж шалгаж эхэлснээс хойш олон удаа мэдүүлэг өгөөгүй.

-С.Зориг агсныг хөнөөх хэргийг маш нарийн бодож төлөвлөж хийсэн. Захиалагч нь дам дамандаа захиалга өгөөд яахаас буцахгүй болчихсон ойрын харилцаатай хэдэн хүнээр хийлгэсэн нь тогтоогдсон.

-Энэ хэргийн эзэн холбогдогчид тухайн үедээ цагдаагийн байгууллага давын өмнө эрж хайх хүмүүс байгаагүй. Хүний амь битгий хэл хулгай дээрмийн хэрэгт ч холбогдож байгаагүй цагдаа, тагнуулын байгууллага эрж хайх боломжгүй хөдөөний малчин хүмүүсийг сонгож хийлгэсэн байдаг.

-С.Зоригийг хөнөөсөн хүмүүсийн мэдээлэл тагнуулын байгууллагаар бус ШШГЕГ-ын албан хаагчаар анх дамжиж ирсэн. Уг мэдээллийг шалгаад гүйцэтгэх ажиллагааг явуулж эхлэхээр С.Зоригийн аллагатай холбоотой гэх бусад баримтууд гарч эхэлсэн.

-Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарыг таниулах ажиллагаанд таван хүнийг оролцуулахад гурав нь шууд заасан. Нэг хүн нь эргэлзсэн, нөгөө хүн нь татгалзсан.

-Шүүх ажиллагааг хаалттай явуулсан нь хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, хавтаст хэрэгт төрийн нууцтай холбоотой мэдээ баримт орсон. Хоёрдугаарт, шүүх хурлыг олон нийтэд ил явуулчихвал захиалагч олдохгүй болчих учраас хаалттай явуулсан. Захиалагчийг олж тогтоох мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа.

-1889 онд байгуулагдсан Олон улсын парламентийн холбоо гэж бий. Энэ байгууллага энх тайвныг хамгаалах, парламентыг бэхжүүлэх зорилготой төрийн бус байгууллага. С.Зоригийг хөнөөсөн хэргийн дараа Монголын парламент тус байгууллагад уг хэргийг илрүүлэхэд арга зүй болон техникийн дэмжлэг туслалцаа үзүүлээч гэсэн хүсэлтийг тавьсан юм билээ. Үүний дагуу Герман, Солонгос, АНУ-аас экспертээ ирүүлж, мөн ДНК шинжилгээг хийж өгсөн байдаг. Манайх нэгэнт туслалцааг нь авсан учраас жил бүр хэргийн явцын талаар тайлангаа өгдөг байсан. Гэтэл сүүлийн үед энэ байгууллага уг хэргийг шалгадаг байгууллага болж хувирсан.

-Аль ч улс аливаа хэргээ бусад улсын оролцоогүйгээр шийдэж байж тусгаар улс гэж явдаг. Монгол Улс шүүх эрх мэдлийн байгууллагатай. Үндсэн хуулийн дагуу байгуулагдсан шүүхээрээ уг хэргийг шийдчихсэн байхад ямар нэгэн гадны байгууллагад танай шүүх хэргийг буруу шийдчихжээ гэх эрх байхгүй. Монгол Улс УДШ-ийн шийдвэрийг Олон улсын парламентын холбоо хянаж болно гэсэн хууль гаргасан тохиолдолд л манайхыг хянаж болох байх.

-Энэ байгууллагад Монголын улстөрчид нэг талыг барьсан мэдээлэл өгч, түүгээрээ дамжуулан Зөвлөмж гаргуулах байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хөндлөнгөөс оролцохыг хичээж байгаа.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here