Б.Магсаржав: Нот мэдэхгүй шахам хүн гавьяат авчихсан байхыг хараад гол зурах шиг болсон

Энэ удаагийн “ярилцах танхим” булангаараа бидний дуулах, сонсох дуртай “Зүүдэн бороо”, “Ээжийн чанасан цай”, “Хуарангийн шөнө”, “Хилийн заставын хар нүдэн бүсгүй”, “Насны намар”, “Сүслэн хайрлаж яваарай”, “Зүрхний уяа” зэрэг олон сайхан дууны аяыг зохиосон хөгжмийн зохиолч Б.Магсаржавтай ярилцлаа.

-Би таныг төдийлөн сайн танихгүй тул буруу, зөрүү зүйл асуувал уучлаарай. Өмнөх долоо хоногт С.Жавхлан гишүүнийг фэйсбүүкээр лайв хийхэд л бидний сонсох дуртай олон сайхан дууг зохиосон Б.Магсаржав гэдэг хөгжмийн зохиолчийг харж, биширч байлаа. Ингээд хоёулаа яриагаа эхэлье. Та яаж яваад хөгжмийн зохиолч болох зам мөрөө тавив?
-Би уг нь тийм бичлэг хийнэ гэж бодоогүй. Жавхаа л (УИХ-ын гишүүн С.Жавхлан) хүрээд ир гэсэн юм. Цай уугаад л суух юм байна даа гэж бодсон чинь шууд бичлэг хийгээд л олон хүнд цацчихсан байсан. Их олон хүнд хүрсэн сурагтай байна лээ.
Би 1963 онд төрсөн хүн. Увс аймгийн Тэс суманд өсч, торнисон айлын өргөмөл, ганц хүүхэд байгаа юм. Тэгэхдээ айлын өргөмөл гэдгээ ухаан ортлоо мэдээгүй явсан. Хожим мэдэх нь миний төрсөн эцэг, эх Увс аймгийн Давст суманд байдаг хүмүүс байсан. Манай аав, ээж хамаатнаасаа өргөж авсан гэдэг. Ээж, аав минь намайг буцаад уравчих байх гээд хэлдэггүй байсан юм шиг байна лээ. Манай аав н.Бадарч гэж хүн байлаа. Их бодь хүн л дээ. Би их том, таван кг гаруй жинтэй төрсөн болохоор аав бол бөх болгоно гэж боддог байсан гэнэ лээ. Харин ээжийг минь н.Ширнэн гэдэг, урлагийн мэдрэмжтэй хөнгөн шингэн хүн байсан. Миний хөгжмийн анхны багш ээж минь юм. Нэг ойтой намайг өргөж авахад, тэр үе радиогоор хөгжим явахад хөгжмийн хэмнэл дагаж хөл , гараа хөдөлгөдөг, хурдан, удаан хэмнэлийг их сайн мэдэрдэг байсан болохоор ээж минь энэ хүүхэд урлагийн л хүн байна гэж олж харсан гэдэг. Тэгээд л дөрвөн нас хүргээд л хөгжмийн багшид өгсөн. Тэндээс л хөгжимчин, хөгжмийн зохиолч болох гараагаа эхэлсэн хэрэг.

-Та дөрвөн настайдаа хөгжмийн багшид шавь орж байсан гэж ярилаа. Тэр талаараа жаахан дэлгэрүүлээч?
-Манай багш н.Найдан гэж гайхалтай морин хуурч хүн байлаа. Тэр үед дөнгөж Багшийн сургуулийг төгсөөд ирсэн залуухан багш байсан. Аав, ээж минь намайг морин дээр мордуулаад, нуруунд баян хуур хөгжмийг минь мөрөвчлүүлээд л явуулчихдаг. Би багшийн гадаа очоод “Багшаа намайг аваарай” гэж дууддаг. Гарч ирж мориноос буулгаж авдаг. Өдөржин багшийнд хөгжим тоглож, өнждөг. Аав орой ирж авдаг тийм л хүүхэд байж. Тэгж багаасаа хөгжим тоглосны хүчинд нэгдүгээр ангиасаа эхлээд л долдугаар ангиа төгстлөө улсаас жил бүр алтан медаль авдаг байсан. Тэр чинь бас их явдалтай сумаасаа шалгараад аймаг явдаг, аймгаасаа шалгараад улсад ирдэг байлаа шүү дээ. Тэгээд долдугаар анги төгсдөг жил манай аймгийн Боловсролын хэлтсийн дарга н.Рагчаасүрэн гэж хүн байсан. Тэр хүн “Энэ хүүхдийг жил алдуулаад яах вэ. Сургуульд эртхэн явуул” гээд 15 нас хүрээгүй хүүхдэд Багшийн сургуулийн хөгжмийн ангийн урилга өгчихсөн.

-Та анхныхаа дууны хөгжмийг хэзээ бичсэн бэ?
-15 настайдаа. Би хувиараа Л.Мөрдорж гуайд шавь орчихсон. Гэр орноор нь байнга орж, гарна. Өвөл амралтаараа гэртээ харихад манай хоёр намайг хотын том, цагаан залуу болж гээд л. Мөн манайх чинь баяд аялгаар ярьдаг болохоор миний хэлийг халхжаад сонин болчихсон байна гээд л өхөөрдөнө. Аав “Хүний газар хүн шиг л яв” гэж захихаас өөрөөр хөгжим ойлгохгүй, бодь хүн л дээ. Харин ээж минь хөөрөөд л, намайг их том хөгжимчин болно гэж урамшуулсан л хүн. Амраад буцахдаа ээжийгээ их өрөвдөж билээ. Тэгээд л сумаас аймаг орох замдаа ээждээ зориулж нэг дуу хийе гэж ая зохиосон юм. Ирэхдээ Л.Мөрдорж багшид нэг хонины махтай, хоёр орос архитай ирж байлаа. Манайх Оростой хил залгадаг болохоор аав таван шил орос архи өгч явуулсан хэрэг. Багш их баярлаж байна. Тэгээд “Багш аа ээждээ зориулж дуу зохиомоор байна. Нэг ийм ая байна” гээд төгөлдөр хуур дээр өнөө аяа тоглож үзүүлсэн юм. Багш гоё ая байна. Одоо чи Зохиолчдын хороо ороод зохиолчидтой уулз гэж зөвлөв. Тэгээд нотоо бариад Зохиолчдын хороо оров. Тэр үед зохиолчид ээлжээр жижүүрлэдэг байж. Намайг очиход Ш.Сүрэнжав гуай сууж байна. “Яах гэж яваа юм” гэхээр нь надад дууны ая орж ирээд гээд өнөөхөө үзүүлтэл Ш.Сүрэнжав гуай “хмм чамаас уу” гээд их шоолонгуй инээгээд, намайг хүн гэж тоох шинжгүй. Өөрөөсөө зайлуулаад “Хоёр давхарт Ц.Гайтав гэж хүн бий” гэж зааж өгөв. Тэр хүн дээр орсон чинь мөн намайг хүлээж аваагүй. “Жаргал дуурийн цомнол хийж байна, завгүй” гэсэн. Энэ маягаар эхний өдөр хөөгдлөө. Хоёр дахь өдөр бас хөөгдлөө. Гурав дахь өдөр Ш.Сүрэнжав гуай бас жижүүрээр сууж байна. “Чи Ц.Гайтав гуайтай одоо хүртэл уулзаагүй байгаа юм уу” гэж байна. Тэгээд “Чамд ийм юм байгаа юм уу” гэж тоглоом хийж байна. “Үгүй” гэсэн чинь. “Тэгвэл чамайг оруулахгүй л дээ” гэв. Би тэгээд л бас нээрээ тийм ёстой юм болов уу гээд л гэрт байсан аавын өгч явуулсан Орос архинаасаа нэгийг аваад маргааш нь бариад ирлээ. Ц.Гайтав гуайн өрөөний хаалгыг татсан чинь “Чи ямар ядаргаатай хүүхэд вэ. Хүн тун завгүй байхад” гэж байна. Ээ багшаа гээд л өнөөхийнхөө толгойг харууллаа. Тэгтэл “Хөөш чи наашаа суу. Чи ч бас тун золигийн хүүхэд юм аа” гэж байна. Тэгээд л Ц.Гайтав гуай дууны үгийг газар дээр нь бичсэн шүү дээ.
Наран гэрлийн элчтэй
Саран гоо ээжий минь
Дэлгэр сайхан хараагаараа
Дэлхий ертөнц мишээж байна
Бүүвэйн сайхан дуугаараа
Бүх дэлхийг уяраасан
Чин ариун сэтгэлтэй
Сүүн далай ээжий минь гээд л шууд бичсэн. Архийг нь би стаканд хундагалаад нэг өгөх тоолонд нэг бадаг бичээд л. Яг гурван стакан болсон. Тэгсэн “за гурван бадагтай л дуу болох учиртай байж дээ. Чи дөрвөн стакан болгосон бол би дөрвөн бадагтай хийх байлаа” гэж билээ. Тэгж л “Сүүн далай ээж” гэдэг анхны дуу минь бичигдсэн түүхтэй.

-Энэ дуу мэндэлсний дараа яруу найрагч маань яаж хүлээж авав?
-Дуугаа сонсож чадалгүй Ц.Гайтав гуай бурхан болсон. Хамгийн сүүлийн дууных нь шүлэг байсан. Намайг гарахад “Нэгдүгээрт ажил их. Хоёрдугаарт бие тааруу байгаа хурдхан хийгээд сонсгоорой” гэж хэлсэн юм. Би Ц.Өлзий-Орших гуайгаар дуулуулах гэсэн чинь томчууд надад олдож өгдөггүй. Явсаар байгаад хэдэн оюутнаар дуулуулаад Зохиолчдын хороо орсон чинь “Өчигдөр орой нас барчихлаа” гэсэн. Би харин ажил явдал дээр нь нотоо аваачиж өгсөн. Тийм л түүхтэй дуу юм.

-Анхны дуугаа амжилттай хийчихээр урам орно биз?
-Урам орохоос урьтаад айдаг юм билээ. Дээд курсийн ах эгч нар дуу хийгээгүй байхад болдог ч юм уу, үгүй ч юм уу бүү мэд. Намайг нэгдүгээр курст байхад хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр гэдэг мундаг авьяастай хүүхэд дөрөвдүгээр курст байлаа. Тэд дуу хийгээгүй байхад би хийчихээд эмээнэ шүү дээ. Төгсөхдөө “Оюутны намар” зэрэг долоо, найман дуу зохиосон.

-Төгсөөд та хотдоо үлдсэн үү?
-Үгүй ээ. Уг нь Багшийн сургуульд багшаар үлд гэсэн боловч ээж, аав “Энд ир, ойрхон бай” гээд аймагтаа очсон. Увсын 10 жилийн II сургуульд дуу хөгжмийн багш болсон. Тэнд “Хархираа”, “Буруу буруу” гэх мэт хүүхдийн дуунууд их бичсэн. Увсад хоёр жил болчихоод би өөрийнхөө саналаар цэрэгт явчихсан юм.

-Яагаад?
-Тэр чинь ийм учиртай. Германы Хөгжмийн дээд сургуулийн хуваарь миний нэр зааж Увсад очсон юм билээ. Тэгтэл манай Боловсролын хэлтэс сайн багшаа алдахгүй гээд тэр хуваарийг хоосон буцаасан байсан. Бодвол тэр хуваарийн хоосон зайд хотоос өөр хүн явсан байх. Тэрийг мэдчихээд би “гомдоод” цэрэгт явчихсан юм. Гэтэл карантинд 45 хоног дуусгаад, тангараг өргөсний дараа МУАЖ, хурандаа П.Хаянхярваа багш намайг Цэргийн ансамбльд санал болгож, Батлан хамгаалахын сайд, генерал Ж.Ёндон тушаал гаргаж концертмейстэрээр ажилд авч байлаа. Тэндээс л миний гайгүй уран бүтээлүүд төрж эхэлсэн юм.

-Манай ээжийн, мөн миний дуртай дуунуудын нэг бол “Зүүдэн бороо”. Энэ дуу төрсөн түүхийг та ярьж өгч болох уу?
-Б.Лхагвасүрэн гуайтай 1987 онд тоглолтоор хөдөө хамт явах завшаан тохиосон юм. Тухайн үед төмөр замын шугамаар жил бүр уран бүтээлчдийг авч явж, аялан тоглуулдаг байв. Өртөө өртөөн дээр тоглоод л яваад байна. Лхагваа ахтай нэг куфенд таарчихсан. Намайг чинь эхэндээ тоохгүй “баянист хүү” л гэнэ. Баян хуур тоглуулна. Зохиосон дуунуудаас минь тоглуулна. Тэгж явахдаа хоёулаа хамтарч дуу хийхээр тохиров. Нэлээд хэд хоног явлаа. Нэг удаа вагоны ресторанд хоол идэхээр орлоо. Лхагваа ахтай нэг ширээнд өөд өөдөөсөө хараад суучихлаа. Тэгсэн Лхагваа ах “Чи надаас дууны шүлэг хүсээд байгаа бил үү. Хоолоо түр азнаад эргээд нэг хараадах. Ард чинь гурван хүүхэн сууж байна. Аль нь хөөрхөн байна” гэв. Эргээд харсан чинь гурван хүүхэн байна. “Хүнээс хүн шинжинэ гэдэг хэцүү. Гурвуулаа л сайхан хүүхэн байна” гэлээ. “Үгүй, үгүй нэг нь бүр онцгой сайхан хүүхэн” гэж байна. Дахиад эргээд харлаа. Дунд талынх нь хүүхэн их аятайхан санагдлаа. “Дундах нь мөн үү”, “Лхагваа ах” гэлээ. “Мөн, мөн. Яг юу нь сайхан байна. Чи тэрийг нь олж харвал уран бүтээлч хүн” гээд. “Чи ахдаа цаад буфетнээс тамхи аваад ир. Тэгэхдээ сайн хараад ир” гэж байна. Эхлээд хажуугаар нь гарахдаа анзаарч чадсангүй. Буцахдаа зориуд хажууд нь тамхиа унагачихаад, авах гэтэл “Зүгээр, зүгээр найзаа би аваад өгье” гээд тамхи авч өгөхөд харц тулгарсан чинь үнэхээр өөдөөс өрөмдөж байгаа юм шиг харцтай тас хар нүдтэй хүүхэн байсан. Тэгээд Лхагваа ахад “Нүд нь гоё юм” гэлээ. Лхагваа ах, тэрийг чинь хэлээд байгаа байхгүй юу гээд,
Халин халин нисээд ирсэн шувууд
Харзны усанд элгээ жиндээн ганганах юм
Харын хар нүдэн чамайгаа
Харж л суух минь хэзээ л юм бол доо… гээд тэр дор нь эхний бадгийг нь биччихсэн. Тэгээд ресторанаас гарахдаа нөгөө гурав дээр очоод “Гучин минутын дараа орж ирж шинэ дуу сонсоорой. Есдүгээр куфен шүү” гэж хэлчихээд яваад өгдөг гэж байна шүү. Би сандарлаа. “Та ч яах вэ биччихдэг юм байна. Би гараагүй аяыг яах болж байна” гэсэн чинь “Чадалтай юм бол таван минутад л бичнэ” гэлээ. Ороод л хоёрдугаар бадгаа биччихсэн. Тэгсэнээ Лхагваа ах жаахан ядарсан уу нойрмоглосноо, гэнэт босож ирээд л
…Нойрон дунд зүсрэх зүүдэн бороонд
Норсон дэр хацрыг жиндээн хайрах юм… гээд гуравдугаар бадгаа бичээд, арван тавхан минут үлддэг юм байна. Би хоёр ч ая хийлээ. Лхагваа ахад таалагдсангүй. “Чи яваад нэг харчихаад ир. Зүгээр харчихаад хаалгаа хаагаарай. Тэгвэл нэг юм орж ирж мэднэ. Нэгдүгээр куфенд байгаа шүү” гэлээ. Тэгээд л нэгдүгээр куфенд очсон чинь нөгөө хүүхэн чинь дуу сонсох гээд цагаа хараад үсээ самнаад сууж байсан. Сарны гэгээнд үс нь их гоё харагдсан. Онгод гэдэг үнэхээр гайхалтай юм билээ. Тэгж л төрсөн дуу.

-Та энэ дуугаараа морин хуур шагнал авсан байх аа. Тэр талаараа дурсаач?
-Тийм ээ, 1988 онд энэ дуугаараа морин хуур шагнал авсан. Тэр жил Ч.Сангидорж гуайн “Зулай цагаан алтай”, Н.Жанцанноров багшийн “Бурхан бумбын орон” гээд олон агуу дуунууд орсон жил байсан. Тийм агуу дуунуудын дунд би түрүүлнэ гэж яаж бодох билээ. Тэгээд дүн гарахын үед 00-д байж байсан чинь ерөнхий шүүгч Л.Мөрдорж багш намайг “Тайзтай ойрхон байж бай” гэж хэлүүлсэн байсан. Миний дуу дуулагдсаны дараа үзэгчид бүгд босч, алга ташсан болохоор нь би үзэгчдийн нэрэмжит шагнал авч магадгүй гэж горьдож байлаа. Тэгэхдээ Н.Жанцанноров, Л.Мөрдорж зэрэг багш нар дэмжиж л энэ залуу хүүхдэд морин хуур шагнал өгье гэсэн байх гэж боддог юм. Тэгээд л С.Гончигсумлаа гуай “Морин хуур” барьж гарч ирээд “Тэр цэргийн ансамблийн хүү , хэн билээ” гээд, нэр мэдэхгүй хэр нь шагнал өгч билээ. Хүмүүс маш их хүндэтгэлтэй хүлээн авч “зүүдэн бороо, зүүдэн бороо” гээд л орилолдоод, алга ташч, сайхан хүлээж авсан.

-Дараа жил нь та “Насны намар” дуугаараа Морин хуур наадмын үзэгчдийн нэрэмжит шагнал авсан байх аа. Энэ дууныхаа талаар?
-Энэ их түүхтэй дуу л даа. 1989 онд Хэнтий аймагт тоглолтоор явж байсан юм. Түүний урьд жил аав өөд болчихсон байсан. Сүүлийн өдрийн тоглолтод ээжийг Увс аймагт бурхан боллоо гэсэн мэдээ ирсэн. Орой нь буудалдаа уйлаад сууж байхад Д.Амгалан гэж “Саа мөнгөн Хэрлэн”-г бичсэн хошууч цолтой хүн ирж уулзсан. “Чиний амьдрал миний амьдралтай төстэй юмаа. Энэ чамд хэрэг болж мэднэ. Чамд нэг шүлэг өгөх гэсэн юм” гээд “Насны намар” гэдэг шүлэг өгсөн. Би ээжийнхээ ажил явдалд оролцохоор онгоцонд явахдаа аяыг нь зохиож, нотыг нь ээжтэйгээ хамт оршуулж байсан юм. Энэ дууг манай Н.Төмөрхуягт хориодхон хоногийн дараа дуулсан даа. Энэ дуу бас их зовлон үзсэн дуу. Радиогоор хэд хоног яваад “Муухай үгтэй дуу” гэж адлуулаад зогсоочихсон. “…Уулзаж амжаагүй ээжээ бодохоор, Уугуул нутаг минь хагсраад байна…” гэсэн үг нь шүүмжлүүлсэн.
Харин радио руу маш олон хүн сонсмоор байна гэж захидал бичиж байж, тэдний хүсэлтээр дахин тавигдаад, дахиад морин хуурт зодоглоод, үзэгчдийн шагнал авсан юм. Мөн дараа жил нь “Зүрхний уяа” дуугаараа мөн л үзэгчдийн шагнал авсан. Морин хуур наадамд үндсэндээ гурван жил айрагдсан даа.

-Гурван жил таны дуунууд Морин хуур наадамд айрагдсан атал та яагаад дараа жилүүдэд нь уг наадамд орохоо больсон юм бэ?
-1990 онд би Хятадын хөгжмийн консерватурт явсан. Бээжинд зургаан жил болсон.

-Тэнд олон уран бүтээл хийсэн байх даа?
-Ер нь дууны ая бараг хийгээгүй шүү. Хэдхэн дуу зохиосон. Нэгдүгээрт хичээл хүнд, зав зай бага. Хоёрдугаарт миний нэг хэлдэг үг байдаг юм “Тал минь харагдахгүй болохоор дууны ая төрөхгүй юм” гэдэг. Хаашаа ч харсан байшин харагдаад байхаар бүтээл гарч өгдөггүй юм билээ. Гэхдээ хөгжмийн бүтээлүүд бол хийсэн.

-Та ер нь хэчнээн дууны ая хийсэн юм бэ. Тоолж үзэв үү?
-Би нэг удаа тоолж үзээд 440 гаргаад л алдчихсан. Одоо 500 давсан байх.

-Голдуу дууны ая хийдэг үү. Мэргэжлийн бүтээл хэр хийдэг вэ?
-Бий, бий. Чингисийн найман шарга гэх симфониос эхлээд төгөлдөр хуурын аязууд бий. Баян хуур хөгжимд зориулсан хэд хэдэн гарын авлага гаргасан. Ансамбльд байхдаа бүжгийн хөгжим чамгүй хийж байсан. Харамсалтай нь урд сураад ирэхэд өмнө нь хийсэн уран бүтээлүүд маань зах зээлийн үед бүгд алга болсон байсан. Тэр үед юм мэддэггүй ч байж. Ганцхан минийх ч биш маш олон зохиолчдын гарын авлагууд үгүй болсон. Нэг газар л хогийн саванд орсон байх даа. Мөн дээр үед бичсэн бүжгийн хөгжмүүд дөнгөж одоо тоглогдож эхэлж байна.

-Ер нь хөгжмийн уран бүтээл хийхэд нас хамаатай юу?
-Хамаагүй байх аа. Д.Лувсаншарав гуайг хар. Насан эцэслэх хүртлээ бүтээлээ хийсэн шүү дээ. Тэгэхээр нас бол хамаагүй байх. Харин нэг зүйл бий. Одоо би гэхэд олон дуу биччихсэн болохоор хоорондоо адилхан болохоос их айна. Мөн өмнөх бүтээлүүдээ давахгүй бол яана. Муу зүйл хийчихвэл яана гэдэг айдас байдаг юм. Залуу насанд бодсон болгоноо л бичдэг байсан. Тэр чинь бас их хэрэгтэй байдаг юм билээ.

-Та Хятадаас хэдэн онд ирсэн билээ?
-Би 1996 онд сургуулиа төгсөөд ирсэн. Ирэхэд бүх зүйл хэцүү болсон байсан. Соёлын яам татан буугдсан. Толгой түрүүгүй, зах замбараагүй болсон байсан даа. Тэгээд удалгүй дахиад 2000-2012 он хүртэл Хөх хот руу гэрээгээр явж, багшилсан. Тэнд олон ч шавьтай болсон. Мөн “Ээжийн чанасан цай”, “Хуарангийн шөнө” зэргээс эхлээд овоо хэдэн дуу хийчихсэн шүү.

-Та ер нь олон шавьтай юу?
-Олон шавьтай. Тоог нь бол мэдэхгүй. Хүмүүс багшаа л гэх юм байна шүү дээ. Зарим нь нэг их хичээл заалгаж байгаагүй хүмүүс ч багшаа гэдэг юм. ЕБС, их сургуульд дуу хөгжмийн хичээл заалгаж байсан ч хүмүүс бий байх. Бодоод үз л дээ. 10 жилийн сургуульд хичээл заалаа гэхэд л бүх ангид ордог болохоор арга ч үгүй юм уу даа. Одоо УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар ч надаар дуу хөгжмийн хичээл заалгаж байсан. Бас багшаа л гэдэг юм.

-Та одоогийн УИХ-ын гишүүн С.Жавхлантай хамтарч олон уран бүтээл хийсэн. Та хоёрын олон ч дуу хит болсон. Яагаад С.Жавхлантай хамтарч ажилладаг юм бэ?
-Жавхаа бид хоёр нэг нутгийнх. Саманд гуай Увсад гардаг “Малчин” сонинд нийтлэл бичдэг хүн байсан. Миний тухай “Баян хуурын цаана инээмсэглэсэн хүү” гэдэг өгүүлэл хүртэл бичиж байлаа. Тэгээд би залуудаа Саманд гуайнхаар орж гардаг боллоо. Тэр жил 2001 оны үед намайг Хөх хотод байхад Саманд ах бие нь тааруу эмчлүүлэхээр ирсэн юм. Тэгэхэд би цай дөхүүлдэг байсан. Тэндэхийн сүү гэж юу байх вэ дээ. Хэчнээн хийсэн ч сайхан цай болохгүй шүү дээ. Тэгээд л Саманд гуай “Нутгийн шаргал цай ч сайхан шүү” гэж ярина. Сүүлд нутаг буцахдаа надад “Ээжийн чанасан цай” дууны үгийг өгсөн юм. Би бичихгүй яваад л байсан юм. Тэгтэл харин 2005 оны үед л урд шуугиад явчихсан Монголд С.Жавхлан гээд шинэ дуучин гарч ирсэн гээд л. Би дотроо Саманд гуай ирэхдээ манай хүү СУИС-ийн нэгдүгээр курст сурч байгаа гэсэн мөн байх гэж таамаглаж, өнөөх шүлэгт нь ая хийж байлаа. Гарцаа байхгүй аавынх нь шүлэг. Жавхаа ч сайхан дуулсан юм. Аавынхаа дууг дуулах ерөөлтэй л байж дээ. Манай Жавхаа онцгой мэдрэмжтэй, авьяастай хүн. Дууны сонголт сайтай, дууг яаран дуулдаггүй. Өөрийн болготлоо гэр орондоо, машин тэрэгтээ давтаад л яваад байдаг. Тэгж, тэгж л дуулна. Дуулсан дуу болгон нь хит болно. Бид хоёр нийлж 20-иод уран бүтээл хийсэн. Би өөр нэг дууны жишээ татъя л даа. Хуарангийн шөнө гээд дууны аяыг би Өвөр Монгол хүний “Цэргийн шөнө” гэдэг шүлгээр хийсэн юм. Гэтэл Өвөрмонголд хүнд хүрсэнгүй. Тэгээд энд амралтаараа ирчихсэн байсан чинь Жавхаа сонсож үзээд, наад шүлэг нь биш байна гээд Х.Соёмбо гэдэг залуугаар “Хуарангийн шөнө”-ийн шүлгийг бичүүлээд, өөрөө дуулж, хүнд хүргэсэн юм.

-Та ер нь дууныхаа шүлгийг яаж сонгодог вэ?
-Тэгж, ингэж сонгоно гэсэн нарийн зүйл байхгүй ээ. Зохиолч биш хүнээс ч сайхан аялгуу үнэртсэн шүлгүүд гарах нь бий. Тухайн хүнтэйгээ ярьж байгаад л хийнэ. Тухайлбал, би Эрдэнэтэд хэд хоног ажилласан юм. Тэр хугацаандаа нэг уран бүтээл гаргачихмаар санагдаад байдаг. Тэгээд тэнд байдаг мундаг яруу найраг Д.Дашдондов гэж хүнтэй уулзав. “Хоёулаа уран бүтээл хийе” гэж гуйлаа. Тэгсэн их дуртай хүлээж авч байна. Би монгол ахуйн сэдвээр шүлэг бичих захиалга өгөв. Эхлээд “айл”, “хөдөөний хүн” гээд л нэг оройжингоо ярьж суув. Тэгээд тэр хүн
Эсгий дэвсээд гадаа нойрсчихдог
Эмээл дэрлээд хээр ч хоночихдог
Эрхсийн доор чөлөөтэй амьсгалсан
Эцэг дээдсийн голомтыг сахисан
Би жинхэнэ монгол
Билгэ танхай хөдөөний хүн… гэсэн шүлэг бичиж өгөв. Тэр оройдоо ая хийсэн. Эрдэнэтийн белазын жолооч М.Энхтогтох гэдэг залуугаар дуулуулав. Тэр хүүгийн дуулснаар олонд хүрсэн. Айхтар бичлэг ч ороогүй дуу шүү дээ. Эндээс Үндэсний телевизийнхэн очсон байсан. Би төгөлдөр хуур тоглоод, тэр хүү гитараа бариад л нэвтрүүлгийн завсраар бичээд л явсан. Телевизээр хэд цацаад л түүнээс нь хуулж кассет болгож гаргаад л ард түмэнд хүрсэн дуу шүү дээ.

-Таны олонд хүрсэн дуу, дуу төрсөн түүхийн талаар яриад байвал манай сонины зай талбай хүрэхгүй нь ээ. Тухайлбал, миний мэдэж байгаагаар л гэхэд “Сүслэн хайрлаж яваарай”, “Хилийн заставын хар нүдэн бүсгүй” гээд л тоо томшгүй олон дуу байна. Харин одоо сэдвээ өөрчилье. Ер нь хөгжмийн зохиолчид хаанаас орлогоо олдог юм бэ?
-Хамгийн эмзэг зүйлийг чи хөндлөө. Энэ бол яруу найрагч, хөгжмийн зохиолчдын “махаа иддэг” асуудал. Ганцхан би биш. Зохиолч болгоны зовлон болсон асуудал. Заримдаа уйлмаар санагддаг. Бид нарт орлого гэж юу ч байхгүй. Зөвхөн үзэмж. Дуучин ирээд таван цаас өгвөл өгнө. Зарим нь өгнө л гэдэг юм. Өгөх болтугай гээд л үлдэнэ. Би оюутнуудыг, залуучуудыг дэмжиж дуугаа өгөх дуртай. Тэд ирээдүйд том дуучин болчихоод биднийгээ харах ч юм билүү, хэн мэдлээ. Харин хэдийнэ байр сууриа олсон дуучид ч хэцүү дээ. Дээр үед бол сайхан байсан юм. Жишээ нь “Насны намар” зохиосны төлөө улсаас надад 250 төгрөг өгч байлаа. Бүр радиод бичүүлэх юм бол тэндээс хүртэл шан харамж өгдөг байсан юм. Одоо байхгүй. Одоо бол бид нар бүтээлээ гаргахын тулд дуучнаа гуйх нь холгүй л юм болно. Зарим нь дуугаа өгөөч гээд хүсээд ирнэ. Бас нэг эмзэглүүлдэг зүйл гэвэл би маш олон дуугаа эзэнгүй алдчихсан. Одоо ухаалаг утас гээд зүйл гараад ирлээ шүү дээ. Үүнийгээ ажиллуулаад ороод ирнэ. Түүнийг нь би мэдэхгүй төгөлдөр хуур дээр сонсгоно. Нөгөө хүүхэд чинь би үүнийг дуулна. Тэгэхдээ жаахан ажиллах хэрэгтэй байна гээд хэлнэ. Тэгээд л яваад өгнө. Сүүлд нь аль хэдийнэ дуулчихсан л байдаг. Очихоор өнөөхөө аль эрт утсан дээр бичээд аваад явчихсан байдаг. Одоо миний дуу л гэнэ. Дээр үед бид нотоо өгнө, гар хөлийн үсгээ зурдаг байлаа шүү дээ. Одоо л хөгжмийн зохиолч, яруу найрагч болгон үнэхээр өрөвдмөөр. Хөгжмийн зохиолч болгон тэр бүр тоглолтоо хийж чадахгүй.

-Та хэдэн удаа тоглолтоо хийсэн бэ?
-Жавхаа ганц хоёр тоглолт зохион байгуулж өгсөн.

-Тоглолтоо хийх ашигтай биз дээ. Өмнө нь дуугаа өгсөн дуучид бол үнэгүй дуулаад өгнө биз?
-Тоглолт хийнэ гэдэг тийм амар, ашигтай ажил биш ээ. Жавхаагийнхаа хүчинд л гарсан. Тоглолт зохион байгуулах газрын түрээс, зар сурталчилгаа, телевиз, радиогийн хөлс, зохион байгуулалтын зардал гээд явж өгнө. Симфони оркестр тоглуулахад л дор хаяж гурван саяас нааш хөдлөхгүй. Тэр олон хүний хоол унд гээд л явдалтай шүү дээ. Дуучид гэхэд дураараа гүйж ирээд дуулаад өгөхгүй шүү дээ. Мэдээж манай Л.Болдбаатар, С.Вандан Д.Дуламсүрэн хоёроос эхлээд гүйж ирээд дуулаад өгдөг нь ч байна. Мөнгө өгөхгүй бол дуулж өгдөггүй хүмүүс ч бий. Яалт ч үгүй нүд нь бүлтэлзээд байхаар хөлсийг нь өгөлгүй яах билээ.

-С.Жавхлан гишүүний хийсэн лайв бичлэгт гэрт дуулж байсан. Тэр танайх уу?
-Үгүй ээ. Тэр бичлэгийг Гачууртад Жавхаагийнд хийсэн. Ах нь заримдаа Жавхаагийнд очиж байдаг юм. Нэг орон дээр тоглоод байгаа биз. Тэр чинь миний ор. Заримдаа тэнд очиж ус авч, түлээ хагалж байх сайхан байдаг юм. Манай Жавхаа ч цугтаа ус аваад, мод хагалаад л байж байдаг. Манай гишүүд дотор тийм хүн байдаг ч юм уу, үгүй ч юм уу. Их сайхан санагддаг юм. Одоо орон байрны юм алга. Болох байлгүй дээ(инээв).

-Та одоо хаана амьдарч байгаа вэ?
-Яг үнэнийг хэлэхэд ахад нь байр байхгүй ээ. Надад нэг хүн 2000 онд нэг өрөө байр бэлэглэж байсан юм. Тэгээд би Хятад явах гээд түрээсэлж байгаад зараад дууссан. Тэр үед байр хямд байжээ. Одоо би түрээсийн байраар амьдарч байна.

-Та хариулахгүй ч байж болно шүү. Хүн өөрөө тийм амьтан шүү дээ. Мандаж явахад тойрон хүрээлдэг, архи, тамхиар, аяга тагш юмаар дайлж цайлах нь ч бий. Таныг энэ зүйл тойрсон уу?
-Тойроогүй шүү. Тэрүүгээр чинь дайраад өнгөрлөө. Тэр чинь их зовлонтой байдаг юм. Хөгжмийн зохиолч гээд архичин хүн эхээс төрөхгүй нь лав. Нийгэм, ард түмэн чинь биднийг архинд дуртай болгож байгаа юм. Түүнээс би дэлгүүрт дугаарлаж, архи авч үзээгүй. Тийм түүх байхгүй. Бид чинь их хөөрүү хүмүүс. Ард түмэн чинь хөөргөдөг юм. Энэ сайхан дууг чинь мялаахгүй бол болохгүй гээд нөгөө бор дарсыг чинь барьдаг. Тэрийг нь уухгүй бол нөгөө дуу чинь ард түмэнд хүрэхгүй ч юм шиг, ард түмэн өгч байгаа болохоор уухгүй бол гомдоочих ч юм шиг санагдаад хүртдэг байсан үе бий. Одоо харин ах нь сайн хань ижилтэй болсон болохоор сүүлийн үед цэглэж байгаа. Баяр ёслолоор хаа нэг татах юм даа. Одоо хүмүүст хэлдэг юм. Та нар архины оронд нэг хоолны мөнгө өгчих, би сайхан хоол аваад идчихье гэдэг юм. Хүмүүс ч ойлгодог болсон байна лээ. Энэ нийгэм ч тэгж шахаж байна.

-2012 онд таны тоглолт дээр танд байх ёстой гээд С.Жавхлан гавьяатын тэмдгээ өгч байсан. Тэгэхдээ С.Жавхлан “Энэ гавьяатын цол надад хүнддэнэ. Харин Б.Магсаржав гэдэг хүнд хөнгөднө” гэж хэлээд зүүж өгч байсан. Тэр тэмдэг одоо танд байгаа юу?
-Үгүй ээ. Тэр үед Жавхаа надад өөрийнхөө тэмдгийг зүүж өгөхөд их цочсон. Нэг талаар Жавхаадаа баярлаад ч байх шиг. Нөгөө талаар хэн нэгэнд гомдоод ч байх шиг санагдсан. Тэр гавьяатын тэмдэг юу гэж надад байж болох билээ. Төр надад “мутар”-аа тэнийлгээгүй байхад, эзэнтэй зүйл эзэндээ л байх нь зөв биз дээ. Би Жавхаадаа хадганд боогоод гэрт нь аваачиж өгсөн. “Ахыгаа өдий дайнд хүндэтгэсэнд баярлалаа. Миний дүүгийн энгэрт байх ёстой зүйл. Байх ёстой газраа байг” гээд эргүүлж аваачиж өгсөн. Түүний дараа найзууд, хүмүүс над руу “Найраа хэзээ хийх вэ гэж их ярьсан”. Их хэцүү юм байна лээ. Их хүнд санагдсан. Тавлаад ч байгаа юм шиг санагдаад. Төр нь өгөөгүй цагт би юу гэж найр хийх билээ.

-Та ер нь ямар шагналтай хүн бэ?
-Цэргийн ансамбльд байхад Батлан хамгаалахын яамнаас “Цэргийн алдар медаль”-аар шагнасан. Тэр бол миний хувьд их том шагнал байлаа. 2000 онд Соёлын тэргүүний ажилтан болсон. 2012 онд Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнуулсан. Тэгэхээр төр намайг соёрхоогүй биш соёрхсон байгаа биз.

-Танд “Би ч гавьяатын дайны зүйл хийсэн дээ” гэж бодогдох үе бий юу?
-(нэлээд бодолхийлэв) Заримдаа ч байдаг юм. Нэг удаа Төрийн ордны хажуугаар явж байтал шагнал авч байсан хүмүүс зургаа авахуулж байна. Гэтэл нот мэдэхгүй шахуу хүн гавьяат авчихсан байхыг хараад гол зурах шиг болсон (нүдэнд нь нулимс цийлгэнэв). Тэгэхдээ би тэр хүнд атаархаж байгаа юм биш шүү. Би нэг юмыг чаддаг байхад тэр хүн өөр зүйлийг надаас илүү чаддаг байгаа болоод л авах ёстой зүйлээ авч байгаа шүү дээ. Аваргыг ч унагаадаг дархан мэхтэй аймгийн цолтон байдагтай адил тэр хүнд бас сайн сайхан олон чанар байгаа болоод төр шагналаа хайрласан байлгүй гэж боддог юм аа. Нэг удаа би бас гавьяат авч байна гэж зүүдэлж байсан. Тэр болгон хүнд хэлж байсангүй. Чамд ярьчихлаа. Дууг минь ард түмэн дуулаад явж байхад тэр чинь том гавьяа шүү дээ.

-Танд яагаад өгдөггүй юм бол гэж бодож байв уу?
-Би яаж мэдэх билээ дээ. Миний мэдээлэл төрийн удирдах төвшний хүмүүст очдоггүй байлгүй дээ. Хөөцөлддөг хүмүүс нь авдаг байх. Би ч өөрөө хөөцөлдөж явахгүй болохоор, хөөцөлдөж явах ч сонирхолгүй болохоор төрийн чихэнд хүрдэггүй байх.

-Таныг шагналд тодорхойлсон материал тэнд бий болов уу?
-Бий байх аа. Хөгжмийн зохиолчдын холбоо явуулсан сураг байсан. Сонгууль таараад тоосонд дарагдсан байлгүй дээ.

-Одоо та ямар уран бүтээл хийж байна?
-Би дааж давшгүй нэг зүйл амлаад авчихсан байгаа. Их том зүйл эхэлчихсэн. Дамбын Төрбаттай дуурь хийж байгаа. Дуурьтай хоёр гурван жил ноцолддог юм шиг байгаа юм аа. Д.Төрбат авчирч өгсөн. Дуунаас дуурь ургадаг гэдэг шиг л дууны зохиолоос дуурийн зохиол бичих гэж оролдож байна даа.

Ийнхүү ярилцсанаар бидний ярилцлага өндөрлөлөө. Яагаад ч юм олон сайхан дууг нь сонсож өссөн алдартай хөгжмийн зохиолчийг харахад өмссөн зүүсэн нь төдийлөн сайн бус аж. Миний өмнө сууж яриа өгөх эл эрхэм их эгэлхэн харагдах хэдий ч эгэлгүй авьяастайг мэдэх болохоор өөрийн эрхгүй бахархаж суулаа. Гэхдээ
…Ноорхой эвий Адарсүрэн найран дундаас өндөлзөхөд
Нодогтой төрийн алга тэнийж, одонгоо шагнахыг үзнэ ээ… гэсэн яруу найрагчийн шүлэг чээжнээ хөндүүрлээд болдоггүй ээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here