НӨАТ-ын баримтаа гуйлгахгүй өгчихмөөр юм

Хот суурин газар болгон өөр өөрийн гэсэн онцлог шинж, соёлыг агуулж ирсэн байдаг. Харин нүүдлийн соёл иргэншилтэй байсан манай орны хувьд сүүлийн 90 гаруй жил л хот гэдэг суурин газар амьдарч сурч байгаа ард түмэн. Гэхдээ хотын соёл яг ийм байна гэсэн журам, дүрэм нийслэлд байхгүй.

Ер нь заавал ийм журам, дүрэм байх ч шаардлагагүй мэт санагддаг. Нэгэнт л их хотын иргэн болж, суурин иргэншил рүү тэмүүлж байгаа бол хийж буй үйлдэл бүхнээ хянах нь өөрөө соёл билээ. Дэлхийд данстай Монгол Улсын нийслэл хотын оршин суугч гэсэн омогших бодол л таны тархинд суух нь л агуу их соёлын үндсийг соёолуулж буй том үйлсийн эхлэл юм.

Ингэж омогшсон хүн хэзээ ч гудамжинд хог хаяхгүй. Зөрж өнгөрсөн бүхэнтэй зүй бус харьцахгүй. Ингэж л хотын соёл эхэлнэ. Тэгэхээр энгийн л зүйл байгаа биз. Агуу бүхэн энгийн байдаг гэдэг. Бид ч гэсэн энгийн атлаа хэрэгжүүлж чаддаггүй бүхнээ хэвшил болгож чадвал их хотын маань соёл тэр. Тэгвэл тун энгийн зүйлийг эхлээд хэвшүүлье гэж санал гаргах гэсэн юм.

НӨАТ-ын буцаан олголтын хууль хэрэгжиж эхлээд гурван жилийн нүүр үзэж байна. Энэ хуулийг хэрэгжүүлэх нь хэн хэндээ ашигтай гэхэд болно. Аж ахуйн нэгж борлуулалтынхаа хэмжээгээр улсдаа татвар төлнө. Харин иргэд худалдан авсан үнийн дүнгийнхээ тодорхой хувийг эргүүлж авна.

Ийм л зарчим үйлчилж байгаа. Гэтэл дэлгүүрээс худалдан авалт хийсэн иргэн НӨАТ-ын буцаан олголтын баримтаа заавал гуйж авах юм. Уг нь дэлгүүрүүд хариулт мөнгө шиг л өгөх ёстой. Ингэж хэвшихгүй байгаа олон ч үйлчилгээний газрууд байна. Манай иргэд бас ч соёлтой болжээ.

НӨАТ-ын буцаан олголтын баримтаа өгсөнгүй гэж хараал хэрүүл үүсгэхгүй байгаа. Харин гуйдаг болсон. Дэлгүүрүүд энэ баримтыг гуйлгахгүй өгчихдөг л болчихвол хотын бас нэгэн том соёл төлөвшиж буй хэрэг. Улсынхаа нийслэлд амьдарч байгаа юм чинь жижиг гэж гололгүй энгийн харьцаа, хэрэглээнээсээ хотын соёлоо эхлүүлэх бидний ирээдүйд төсөөлж буй их хотын гэрэл гэгээ билээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here