Скотт Лудлам: Австралийн нэг сайд Монголын Ерөнхий сайдтай утсаар ярьж, “Рио Тинто”-гоор татвар төлүүлж болохгүй гэж хэлсэн

-Оюутолгойгоор бус оюунаараа амьдарч, хөгжилд хүрээсэй гэж хүсч байна-

Австрали улсын Сенатын гишүүн асан Скотт Лудламыг энэ удаагийн “Ярилцах танхим” буландаа урьж ярилцлаа.

-Манай улс олон на­мын тогтолцоотой, пар­ла­ментын засаглалтай. Улстөрч хүний хувьд Монгол Улсыг, улс төрийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Улстөрч хүнийхээ хувьд анхны төрсөн сэтгэгдлээ хэлье. Монголын улс төр Австралийн улс төр хоорондоо төстэй. Гэхдээ мэдээж ялгаатай олон зүйл бий. Энэ бүхнийг нэгбүрчлэн дурьдвал маш их цаг орно. Тэгэхээр үндсэн гол зүйлийг нь хэлэх юм бол Монгол Улс өөрөө ардчилсан биш хоёр орны дунд оршдог. Одоогийн мөрдөж яваа Үндсэн хууль нь боломжийн дажгүй мэт харагдаж байгаа ч, хэтэрхий хүнийг айлгасан, дарамталсан байдалтай байна. Хуулиудыг хэрэгжүүлэх, мөрдүүлэх төрийн байгууллагууд нь дотроосоо ялзарсан, дотоод үйл ажиллагаа нь тодорхой бус байна. Өөрөөр хэлбэл, том аалзны тор шиг ажил­лаж байна. Үүнээс болоод хууль нь хэрэгжихгүй, мөрдөгдөхгүй байна гэж харж байгаа.

-Бид энэ нөхцөл байдлаас яаж гарах ёстой юм бэ. Арга зам байгаа юу. Монголчууд тэмцдэггүй ард тү­мэн биш. Тэгсэн хэдий ч үр дүн­гүй юм шиг харагдаад байх юм?

-Энэ ганцхан Монголд байгаа зүйл биш. Олон улсад ийм асуудал, зовлон бэрхшээл байгаа. Гэхдээ энэ бүхнээс гарах гарц нь ард түмэн. Миний харсан, ойлгосноор УИХ-д суудалгүй бусад намууд хамтарч ажиллаад эх орноо аврахаар явах ёстой. Энэ нь өөрийн тань асуусан асуултын гарц байх болно. Үүнийг ард түмэн л шийдэж чадна. Монголчуудын тэмцэл үр дүнгүй байна гэж харахгүй байгаа. Эх орноо гэсэн сэтгэл монголчуудад бий. Тиймээс үүнийг үр дүнгүй хэлж болохгүй юм. Магадгүй бодит үр дүн хүлээж байвал энэ нь 2020 оны УИХ-ын сонгуулиар харагдана. Өнөөдөр нийгэмд өрнөж байгаа жагсаал, цуглаан бүхэн үр дүн. Гомдоллоод, зүгээр суугаад юу ч хийхгүй байвал үр дүн гарахгүй.

-УИХ-ын хаврын чуулганаар Үнд­сэн хуулийн нэмэлт өөрчлөл­тийн ту­хай хуулийг хэлэлцэнэ. Та хүртэл Үнд­сэн хуульд учир дутагдалтай зүйл байгаа гэсэн. Хуульд ямар өөрч­лөлтийг илүүтэй тусгаж өгөх вэ?

-Үндсэн хуулийг өөрчлөхөөсөө, ард түмний дунд хэлэлцүүлэг өрнүү­лэ­хээсээ өмнө нэг зүйлийг асуух хэрэг­тэй. Шинэчлэн өөрчилсөн Үндсэн хууль нь өөрчлөгдөхгүй 100 жилээр үр­гэл­жилж магадгүй юм. Тэр үед энэ Үндсэн хуулийг баталсан хүн бүгд байхгүй байна. Тэгэхээр хэдхэн бүлэг хүмүүсийн санал санаачилгаар хийсэн Үндсэн хуулийг батлах уу эсвэл Монгол Улсын хувь заяаг 100 жил хам­гаалж чадах хуулийг батлахын тулд гар бие оролцох уу гэдгээ монголчууд эх­лээд өөрсдөөсөө асуух ёстой юм. Мөн байгалийн баялгийг ард түмнийх хэ­мээн хуульд тусгасан ч ард түмэн нь өмчилж чадаж байна уу, хувь хүртэж чадаж байгаа юу гэдгийг хангах хууль монголчуудад хэрэгтэй. Хэрэгжүүлэх нөхцлийг нь бүрдүүлж өгөх ёстой. Үндсэн хууль гэдэг бол ямар ч улсын хувьд чухал бичиг баримт нь байдаг. Тиймээс Үндсэн хуульд тусгагдсан заал­тууд амьдралд, нийгэмд хэрэг­жих­гүй бол хэнд ч хэрэггүй цаас болж хувирна.

-Манай улсад хуулийн хэрэгжилт хангалтгүй байдаг. Үүний шалтгаан нь юу юм бол. Хуулийг хэрэгжүүлдэг, мөрдүүлдэг байгууллагуудын буруу юм болов уу?

-Миний хувьд тэрнийх нь буруу, зөв гэж хэлэхэд хэцүү. АНУ-ын Үндсэн хууль 200 жил болж байгаа хэдий ч учир дутагдалтай хууль. Үүнийг өөрч­лөхөд маш хэцүү. Манай улсын Үндсэн хууль ч маш их асуудалтай. Өөрчлөлт оруу­лахад хүндрэлтэй. Харин Монгол Улсын хувьд Үндсэн хуулиа өөрчлөх бо­ломж нь байна. Хуулиа сайжруулах, өөрч­лөх бололцоо нь хангалттай бай­на.

-Дэлхийн нийтийн анхаарлыг та­таж байгаа томоохон төслийн нэг бол “Оюутолгой” төсөл юм. Энэ­­хүү төслийн маргаан нь өнөө хэр нам­жаагүй, ар араасаа асуу­дал дагуулж байна. Төсөлтэй холбог­дуу­лан ха­риуц­лагын асуудлыг хийж эхлээд бай­гаа. Энэ талаар таныг нэлээд шүүмж­лэлтэй ярьдаг гэж дуулсан юм байна?

-Миний хувьд “Оюутолгой” төслийг бу­сад улс орнуудад хийгддэг баялгийн хараа­лыг бүрэн утгаар нь хийж байна гэж хэлнэ. Учир нь “Оюутолгой” тө­сөл дээр ажиллаж байгаа “Рио Тинто” шиг компаниуд тухайн улсын хувь заяаг өөрчлөх хэмжээний хахуулийн үйл ажиллагааг системтэй явуулдаг. Хө­рөн­гө оруулж байгаа мөнгөнийхөө тодор­хой хувийг тухайн улсын улс­төрчид болон хуулийнхныг өөрс­дийнхөө талд оруулахын тулд хахууль хэл­бэрээр өгдөг. “Оюутолгой” төсөл дээр маш их хэмжээний авлига яриг­даж байгаа. Австрали улсад ч адилхан 10 жилийн өмнө ийм зүйл тулгарч бай­сан. Тиймээс бид энэ асуудлыг эрэн сурвалжлаад явж байна. Хэрвээ түүн шиг монголчууд шалгаад явбал маш их хэмжээний хахуулийн асуудал хөн­­дөгдөнө. Өмнө нь энэ асуудалд Австралийн Ногоон намын лидер, Сенатын гишүүн асан Боб Браун Оюутолгой төсөлд олгогдсон 10 тэр­бум ам.долларын хахуулийн нууц ма­те­риалыг дэлгэж, Монгол Улсад өг­сөн бай­даг. Одоо энэ материал ал­га бол­чих­сон гээд байгаа. Миний хувь энэ бич­гийг олж өгөхөд анхаарч ажил­лах болно.

-Энэхүү бичгийн эх хувийг хэд, хэдэн хүнд дамжуулсан юм билээ. Одоо эх хувийг хайгаад олохгүй байгаа. Зарим эх сурвалжийн хувьд ТЕГ-т байна гэх мэдээлэл ч бай­гаа юм. Дахин хүсэлт гаргаад эр­гэж олж авах магадлал хэр өндөр бай­гаа вэ?

-Би Монголд ирээд удаагүй байна. Олж авахын тулд чадах бүхнээ хийнэ. Энэ баримтыг ил болгоно.

-“Оюутолгой” төсөл ашигтай, ашиггүй байж гээд хоёр хуваагдаад байна. Хэрхэхээ мэдэхгүй талцаж байх юм?

-“Рио Тинто” шиг компаниуд улс орнуу­дад очоод хануур, шимэгч хор­хой шиг ажилладаг. Тухайн улсад очоод хөрөнгө оруулалт хийхгүй, аль болох бага татвар төлөөд, газрын баял­гийг хурдан хугацаанд сорж аваад явдаг. Тухайн улсыг алт, зэсгүй, хоосон га­зар нутагтай нь үлдээгээд гараад явдаг. Тэгэ­хээр үүнийг ойлгуулахын тулд үндэсний хэмжээнд кампанит ажил зохион байгуулах ёстой. “Рио Тинто” ингэж үйл ажиллагаа явуулдаг юм байна. Бусад улс орнуудыг ингэж хохироосон юм байна гэдэг компанит ажлыг өрнүүлэх хэрэгтэй. Тэгж байж хүмүүсийн сэтгэлгээг нэгэн зүгт болгож чадна. Үүнээс өөрөөр ямар ч боломж байхгүй. Түүнчлэн 2012 онд Австралийн Засгийн газар Монгол Улсын Ерөнхий сайд, Уул уурхайн хүнд үйлдвэрийн сайд руу утсаар ярьсан байдаг. Утсаар ярихдаа “Рио Тинто” Монгол Улсад татвар төлөх ёсгүй. Энэ асуудлыг шийдвэрлэж өг. Татвар төлөхгүйгээр уул уурхайн олборлолт хийх хэрэгтэй байна гэдгийг ярьсан байгаа юм. Энэ нь яг бодит амьдралд хэрэгжсэн. Тэгэхээр миний хувьд яахаараа Австралийн нэг сайд Монгол Ерөнхий сайдтай утсаар яриад, татвар төлж болохгүй гэж хэлсэн юм бэ. Мөн яагаад Монгол Улсын дотоод асуудалд оролцсон юм бэ гэдгийг энд байх хугацаандаа судална. Энэ бол ганцхан Монгол Улсын асуудал биш. Олон улсын асуудал болж хувираад байна. Би үүнд анхаарлаа хандуулж ажиллана. Монголчууд ухаантай ард түмэн. Тиймээс өөрсдөөсөө асуух хэрэгтэй.

-Монголчууд эргэлзэж, төөрөг­дөлд орж байна. Аль болох асуудлыг ашигтай байдлаар шийдээсэй гэсэн хүсэл их байгаа?

-Дэлхийн эдийн засгийг хоёр ху­ваа­даг. Нэг нь өөртөө байгаа бай­га­лийн баялгаа ухаад дуусах хүртлээ өөрс­дий­гөө тэжээдэг. Нөгөө хэсэг нь илүү оюуны тал руугаа орчихсон байдаг. Тэд технологийн бизнес рүү ороод энэ нь эдийн засагтаа орж, улс орныг хөг­жилд хөтөлж байдаг. Оюуны бүтээл, оюуны баялаг хэзээ ч шавхагддаггүй. Тэгэхээр монголчуудыг байгалийн баял­гаа орхиод, оюуныхаа салбарт илүү анхаараасай гэж хэлмээр байна. Оюу­­тол­гойгоор бус оюунаараа амь­дарч, хөгжилд хүрээсэй гэж хүсч бай­на.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here