Хятадын Азид амьдрах ямар байх вэ?

Америкийн хятад судлаач эрдэмтэн, Дартмаутын Их сургуулийн Профессор Женнифэр Линдийн “Foreign Affairs” сэтгүүлд 2018 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр нийтэлсэн “Хятадын Азид амьдрах ямар байх вэ” нийтлэлийг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна. Эл нийтлэл нь өдрөөс өдөр ирэх тусам улам бүр хүчирхэгжиж буй манай өмнөд хөршийн явуулж буй бодлогын тухай бичсэн тун сонирхолтой нийтлэл юм.

Одоохондоо Зүүн Азид АНУ зонхилогч хүчин байгаа ч Хятад эн зэрэгцэхээр гүйцэн ирж байна. Хятадын өсөлтийг эдийн засгийн хямрал, дотоодын улс төрийн үймээн зогсоож мэдэх хэдий ч одоогийн чиг хандлага үргэлжилбэл АНУ-ын бүс нутаг дахь эдийн засаг, цэрэг, улс төрийн жанжлалыг Хятад удахгүй орлох болно.

Тэр өдөр ирэх үед бүс нутаг дахь АНУ-ын холбоотон, түншүүд болох Австрали, Япон, Филиппин, Өмнөд Солонгос зэрэг орнууд хүндхэн асуулттай тулгарах юм. Тодруулбал, эдгээр улс орнууд нь дор бүрнээ батлан хамгаалах үйл ажиллагаагаа эрчимжүүлж бүс нутаг дахь бусад орнуудтайгаа хамтын ажиллагаагаа сайжруулах уу? эсвэл Хятадын жанжлалыг хүлээн зөвшөөрч өнгөрсөн хагас зууны хугацаанд Вашингтон руу хардаг байсан шигээ Бээжингийн зүг харах уу? Хятадыг харьцангуй аюул заналхийлэлгүй жанжлагч орон болно гэж хууртагдах магадлал байгаа. Улс орнуудын эдийн засгийн харилцан хамааралтай байдал Хятадын түрэмгийллийг хазаарлана гэж үзэж болох юм.

Учир нь Хятадын Коммунист нам (ХКН)-ыг дэмжих ард түмний дэмжлэг эдийн засгийн өсөлт дээр тогтдог. Энэ өсөлт нь гадаад худалдаанаас шууд хамааралтай бөгөөд ингэхийн тулд Бээжин хөрш зэргэлдээ орнуудтайгаа энх тайванч харилцааг эрхэмлэх ёстой болно. Үүний дээр Хятад бусад хүчирхэг орноос ялгаатай гэж өөрсдийгөө тайлбарладаг билээ. Хятадын албан тушаалтнууд болон эрдэмтэд аливаа улсын хэрэгт хөндлөнгөөс оролцохын эсрэг байдаг байр сууриа байнга илэрхийлж “нөлөөллийн хүрээг” хүйтэн дайны үеийн хуучирсан ухагдахуун хэмээн хүлээн зөвшөөрдөггүй. Хятадын Ерөнхийлөгч Ши Жиньпин өөрсдийгөө “энх тайвныг эрхэмлэгч соёл уламжлалтай” Хятад орон “хэзээ ч колоничлол, түрэмгийлэл үйлдэж байгаагүй” гэж хэлсэн байдаг. Энэ өнцгөөр харвал Хятадын Ази дахь амьдрал өнөөддрийнхөөс тийм ч өөр байхгүй байх нь.

Гэвч бүс нутгийн жанжлагч орон ингэдэггүй билээ. Их гүрнүүд өөрсдийн аюулгүй байдлаа хангахын тулд бүс нутгийн орнуудаа өөрсдийн эрхшээлд оруулах нь олонтаа байдаг. Тэдгээр их гүрнүүд эдийн засгийн асар их хүчийг бий болгож, бусад руу далайдаг. Тэд цэргийн хүчээ илэрхий ихээр нөөж, гадны өрсөлдөгчдөө шахан хөөж, бүс нутгийн институциуд болон соёлын хөтөлбөрүүдээр дамжуулан өөрсдийн нөлөөллийг бий болгодог байна. Жанжлагч орнууд өөрсдийн хөрш зэргэлдээ улс орнуудад нь гадаад өрсөлдөгчид цэргийн хүч байршуулахаас эмээдэг учраас хөршүүдийнхээ дотоод улс төрийг асар ихээр сонирхож, бусад орнуудыг өөртөө татахын тулд өөрсдийн соёлыг хүртэл түгээн дэлгэрүүлэхийг эрмэлздэг байна. Хятад аль хэдийнэ өмнөх жанжлагч орнуудын стратегийг мөрдөөд эхэлжээ.

Тэд эдийн засгийн хүчээр бусад орнуудыг өөрийн эрхшээлд оруулж байна. Тэд өрсөлдөгчдөө няцаахын тулд цэргийн хүчээ нөөж байна. Тэд өөрсдөд нь тааламжтай харилцааг бий болгохын тулд бусад орнуудын дотоод улс төрд оролцож байна. Түүнчлэн тэд өөрсдийн зөөлөн хүчийг ихэсгэхийн тулд боловсрол, соёлын хөтөлбөрүүддээ асар их хөрөнгө зарцуулж байна. Хятадын хүч, амбиц нь ихсэх тусам ийм оролдлогууд улам бүр ихсэх нь дамжиггүй. Хятадын хөрш орнууд ирээдүйд ийм нөхцөл байдалд оршин тогтнохдоо хэр тааламжтай байх, хэрвээ үүнийг өөртөө тааруулж өөрчлөх эсвэл амдах бол ямаршуухан золиос гаргаж чадах талаараа одооноос ярилцаж эхлэх нь зүйтэй болов уу.

Эдийн засгийн голлох үүрэг

Сүүлийн хэдэн арван жилд Хятад Зүүн Азийн ихэнх орнуудын хамгийн том худалдааны түнш хийгээд экспортолдог голлох орон нь болжээ. Бээжингийн зүгээс хэд хэдэн бүс нутгийн эдийн засгийн зөвшилцөл, тэр дундаа Австрали, Сингапур, Өмнөд Солонгос, АСЕАН зэрэг орнууд, байгууллагуудтай чөлөөт худалдааны хэлэлцээрийг байгуулаад байна. АНУ-ыг оруулаагүй ийм төрлийн яриа хэлэлцээрүүдээр дамжуулж Бээжингийн зүгээс Хятад давамгайлсан Зүүн Азийг бий болгохоор зорьж байгаа болно.

Бээжин мөн өөрсдийн нөлөөгөө ихэсгэхийн тулд институцүүдийн дэд бүтцийг бий болгож, АНУ-ын тэргүүлсэн ОУВС, Дэлхийн Банк, Японы тэргүүлсэн Азийн Хөгжлийн Банк зэрэг байгууллагуудыг орлохыг эрмэлзэж байна. Хятад 2014 онд Шанхай хотод төвтэй Шинэ хөгжлийн банкийг Бразил, Орос, Энэтхэг хамтаар 100 тэрбум ам.долларын санхүүжилттэйгээр байгуулсан.

2015 онд Азийн дэд бүтцийн банкийг 100 тэрбум ам.долларын санхүүжилттэйгээр мөн байгуулсан бөгөөд одоогоор 80 гаруй улс тус банканд нэгдээд байна. Үүнээс гадна Ши Жиньпиний “Бүс ба Зам” санаачилга нь Хятадын худалдаа, санхүүгийн хамтын ажиллагааг бүс нутаг даяар дэмжихээс гадна бүс нутгийн дэд бүтэц, байгалийн баялагт Хятадын асар их хөрөнгө оруулалтыг хийх юм. Хятадын хөгжлийн банк 250 тэрбум ам.долларыг уг төсөлд зориулахаа мэдэгдээд байгаа.

Иймэрхүү бодлогууд нь өмнөх бүс нутгийн жанжлагч орнуудын эдийн засгийн стратегиудтай тун адил юм. Хятадын хувьд 19-р зуун хүртэл Зүүн Ази дахь тэргүүлэгч эдийн засаг, цэргийн хүч байлаа. Хятадууд худалдаа хийх эрхийг бусад орнуудад олгохдоо өргөл барьцийн нарийн түвэгтэй дэг жаяг ашигладаг байв. Үүнд нь элч төлөөлөгчдөө илгээж, бэлэг сэлт өгөх, Хятадын эзэн хаанд сөгдөх зэрэг арга хэмжээ багтдаг байв. Хятадын эзэнт гүрэн өөрийн эдийн засгийн хүч чадлаа хөдөө аж ахуй болон төмөр замд хөрөнгө оруулж, эрдэс баялгийг олборлож, бүс нутаг даяарх худалдааны интеграцыг дэмжиж бий болгосон байдаг.

Латин Америкт яг энэ замаар АНУ өөрийгөө бүс нутгийн гол эдийн засгийн тоглогч болгосон байдаг. 19-р зуунд “United Fruit” хэмээх Америкийн компани Төв Америкийн жимсний экспортыг тэр чигт нь мэдэлдээ авсан юм. Үүнд санхүү голлох арга хэрэгсэл байлаа. Уругвайн сэтгүүлч Эдуардо Галеаногийн хэлсэнчлэн АНУ “банкны системийн дайралт” хийж тухайн улсын хөрөнгийг Америкийн компаниуд руу чиглүүлсэн байдаг.

Европын өрсөлдөгчдийнхөө нөлөөг багасгахын тулд Вашингтоны зүгээс Америкийн банкууд Европын зээлдэгчдийн зээлийг худалдаж авахыг дэмжиж байлаа. Бараг 100-аад жил гадаад бодлогоороо дамжуулан АНУ бүс нутаг дахь худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих 1880-аад оны үеийн “Big Brother” бодлого, 1900-аад оны эхэн үеийн “долларын гадаад бодлого”, 1960-аад оны “Alliance for Progress” зэрэг санаачилгуудыг ашиглаж өөрийн эдийн засгийн ашиг сонирхлоо хэрэгжүүлсэн байдаг.

Өөрсдийн бодлогоо хэрэгжүүлэхийн тулд АНУ бүс нутгийн институцүүдийн дэд бүтцийг бий болгожээ. 1948 онд АНУ бүс нутгийн аюулгүй байдал, хамтын ажиллагааг дэмжихийн тулд Вашингтон хотноо төвтэй Америк тивийн улсуудын байгууллагыг байгуулсан байдаг. Америкийн нөлөөгөөр уг байгууллага Латин Америк дахь АНУ-ын цэргийн болон улс төрийн оролцооны талаар таг дуугүй байж, зарим тохиолдолд бүр хүлээн зөвшөөрч байв. Бусад хөгжлийн байгууллагууд болох ОУВС, Дэлхийн банк, Интер-Америкийн хөгжлийн банк, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг мөн л Америкийн ашиг сонирхлыг хэрэгжүүлсэн юм. “Уяатай тусламж” гэгчээр дамжуулан эдгээр байгууллагууд өөрсдийн санхүүжүүлсэн төслүүдийг Америкийн компаниудаар гүйцэтгүүлэхийг тулгадаг байсан аж. Сэтгүүлч Галеаногийн хэлсэнчлэн ОУВС нь “Америкт төрсөн, Америкт төвтэй, Америкийн төлөө ажилладаг байгууллага”.

Өөр нэг бүс нутгийн жанжлагч орон болох Японы мөн адил стратегийг 20-р зууны эхэн үед бүс нутгийн эзэнт гүрэн байхдаа хэрэгжүүлж байв. Барууны колоничлогч гүрнүүдийг хөөхөөр шийдсэн Токио өөрсдийгөө “Зүүн Азийн хамтын хөгжил цэцэглэлтийн хүрээ”-ний тэргүүлэгч нь гэж нэрийдэж байлаа. Өөрсдийн аж үйлдвэржсэн эдийн засаг болон цэрэг армийг тэтгэхийн тулд Токио өөрсдийн эзэлсэн улс орнуудаас түүхий эдийг нь сордог байсан юм.

Японы голлох үүргийг дэмжихийн дээр өрсөлдөгч орнуудын эдийн засгийн хэвийн үйл ажиллагаанд саад хийхийн тулд тэд улс орнуудын эдийн засагт реформ хийн бүс нутгийн сүлжээнд багтааж, тэдгээр улсуудын валютыг “иенийн бүлэг”-т оруулан стандартчилж банкны хадгаламжуудын ихэнхийг өөрийн мэдэлд байлгах зорилгоор Японы банкуудыг бүс нутгийн өнцөг булан бүрт байгуулж байсан байдаг. Эзлэгдсэн газар нутгуудад санхүүгийн үйлчилгээ үзүүлэх, мөнгө хэвлэх үүрэгтэй Өмнөдийн хөгжлийн банкийг Токио мөн байгуулж байв.

Үүний нэгэн адилаар Дэлхийн II дайны дараа Зүүн Европыг эрхшээлдээ байлгахын тулд ЗХУ эдийн засаг, санхүүгийн арга барилыг ашигласан байдаг. Москвагийн зүгээс Зүүн Европын орнуудад Баруун Европтой хийх бүх худалдааг болон 1948 оны Маршаллын төлөвлөгөөний хүрээнд тусламж авахыг хориглосон юм. Харин оронд нь бүс нутгийн эдийн засгийг удирдах, интеграц хийх зорилгоор Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийг байгуулсан. Зөвлөлтийн хөрөнгө оруулалт, худалдааны гэрээнүүд, худалдааны зээлүүд нь Зүүн Европын орнуудыг Зөвлөлтийн экспортын гол зах зээл хийгээд тэдний түүхий эд болон эрчим хүчний нийлүүлэгчийн хувьд эдийн засгаараа Москвагаас хараат болгосон түүхтэй. Түүхий эдийг зах зээлийн үнээс доогуур нийлүүлж Москва тэдгээр улсуудын удирдагчдыг татаасаараа өөрсдийн хараат болгож дөнгөсөн байдаг.

Эдийн засгаараа ноёрхох давуу байдал бүс нутгийн жанжлагч орнуудад өөрсдийн бодлогоо хэрэгжүүлэхдээ эдийн засгийн тулган шахалт ашиглах боломжийг олгодог. Латин Америкт жишээ нь АНУ улс орнуудыг эдийн засгийн санкциар дэмжүүлж тулган шахалт хийдэг урт удаан түүхтэй. Он удаан жил хүчинтэй байгаа (тэгсэн мөртөө амжилт олоогүй) АНУ-ын Куба дахь хоригоос гадна Вашингтоны зүгээс санхүүгийн дарамт шахалт ашиглан 1970-аад оны үед Чилийн Ерөнхийлөгч Сальвадор Аллендэгийн хүчийг сулруулсан бол 1985 онд мөн Сандинистагийн Засгийн газрын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээг авч байв. Үүний нэгэн адилаар Зүүн Европт Москвагийн зүгээс удирдагчид нь өөрийн бие даасан бодлого явуулахыг эрмэлзсэн Югославын эсрэг 1948 онд, Албанийн эсрэг 1961 онд, Румыны эсрэг 1964 онд эдийн засгийн хориг тавьж байсан байдаг.

Бээжин ийм төрлийн эдийн засгийн дарамт шахалтын арга барилыг хэдийн хэрэглээд эхэлжээ. 2017 онд АНУ-ын THAAD пуужингийн хамгаалалтын хөтөлбөртэй хамтран ажилласных нь төлөө Өмнөд Солонгос болон Япон-Өмнөд Солонгосын Лоттэ компанийг Хятадууд шийтгэсэн. (Лоттэгийн хувьд Өмнөд Солонгосын засгийн газрын байршуулсан THAAD пуужингийн газрыг нь зарсан.) Бээжингийн зүгээс Хятадын аяллын бүлгүүдийг Өмнөд Солонгост жуулчлахыг хориглож, Лоттэгийн супермаркетууд болон Солонгосчуудын эзэмшдэг дэлгүүрүүдийн 80 хувийг хааж (Хятадын талын мэтгэж буйгаар галын аюулаас хамгаалах шаардлагыг хангаагүйн улмаас), мөн төрийн мэдлийн хэвлэл мэдээллүүд Солонгосын бараа бүтээгдэхүүн авахгүй байхыг уриалж байв.

Үүний дээр Бээжин эдийн засгийн шахалтаа Японд (2009 онд усан онгоц мөргөлдсөн явдлаас хойш Хятадын газрын ховор элементүүдийг Япон руу экспортлохыг хориглосон) болон Норвегид (Хятадын тэрс үзэлтэн Лю Сяобод Нобелийн Энх тайвны шагнал хүртээснийх нь төлөө Норвегийн загасны экспортод худалдааны хориг тавьсан) үзүүлсэн юм. Цаашилсаар 2016 онд Монгол Улс Далай ламыг айлчлуулсанд Бээжингийн зүгээс нутгаар нь дайран өнгөрч буй түүхий эдүүдэд нэмэлт төлбөр ногдуулж тухайн үед ярилцаж байсан Хятадын дөрвөн тэрбум ам.долларын зээлийн хэлэлцээрээс авахуулаад бүхий л дипломат үйл ажиллагаагаа зогсоосон. Хятадын Гадаад хэргийн сайд нь мэдэгдэлдээ “энэхүү үйл явдлаас Монгол Улс маш сайн сургамж авсан байх аа гэж найдаж байна” гэсэн байна. Сургамж ч авсан бололтой шашны тэргүүнийг дахиж урихгүй гэдгээ Монголын төр мэдэгдсэн юм.

Ирээдүйд Бээжингээс болгоомжлон бусад орны удирдагчид өөрсдийн бодлогоо урьдаас тааруулах тул иймэрхүү дарамт шахалт цаашид шаардлагатай болохгүй байх болов уу. Филиппинийг жишээг авч үзэхэд, энэ орон өмнө нь Хятадын эсрэг зогсдог байлаа. Тэд Гаагын Олон улсын шүүхэд Хятадын газар нутгийн түрэмгийллийн эсрэг 2013 онд гомдол гаргаж байв. Гэтэл Хятадаас 24 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах ам авсан Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дүтэртэ ойрмогхоноос Хятадтай харилцах харилцаагаа сайжруулж, өөрийн улсаа Америкаас улам зай бариулах болсон юм.

Үргэлжлэл дараагийн дугаарт

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here