Бусадтай инээж харьцвал таны ажил ч бүтэмжтэй байна

Улаанбаатар хотоос хөдөлсөн Ховдын хот хоорондын автобусанд зэрэгцэн суусан хоёр хөгшин хонины бэлчээрт таарсан танилууд шиг л хөөрөг зөрүүлэн тамхилж, өндөр дуугаар амар мэндээ мэдэлцэв. Замын хань яриа хөөрөөтэй бол газар хорох нь хурдан хэмээн настай эр сөөнгө хоолойгоор хөгжилтэй өгүүлэв. Харин хажуу дахь хөгшин ч түүнийг дэмжиж ийн ярьсан юм.

Тэрбээр, “Улаанбаатар танигдахын аргагүй болжээ. Байшин барилга, гудамж хүрээний гоё сайхныг хэлэх юм биш. Бие жаахан чилээрхээд хүүхдүүд хэд хоног эмнэлэг бараадуулсан ухаантай юм. Хөдөөнөөс ирээд хоёр сар шахуу боллоо. Тэтгэврийн хэдэн төгрөгөө авах санаатай хотын төвд хүүхдийн гэрийн хажуугийн банкинд орсон чинь үүдэнд зогсч байсан залуу “Сайн байна уу та.

Танд юугаар туслах вэ” гээд л тохойноос түшээд авлаа. Миний цочсон гэж. Надтай хүн тэгж тоож дуугарч байсан биш. Танихгүй хүн өөдөөс инээгээд ирэхээр нь таньдаг билүү гэж бодохоор юм байна лээ шүү.

Харин улсын эмнэлгээр явж байхад хаанаас ямар үйлчилгээ авахаа мэдэхгүй толгой тархи эргээд, ганцаараа бол бүтэх янзгүй ээ. Охины хүүг дагуулаад явсан чинь хөгшин, хүүхэд хоёрыг хүн тоох янзгүй” хэмээн ярилаа. Үнэхээр ч хөдөөний настай хөгшин битгий хэл хотын бид ч заримдаа гайхмаар найрсаг соёлтой харьцдаг үйлчилгээний ажилтантай газар олон болчихож. Бүх зүйлийг муулж, шүүмжилнэ гэж юу байхав.

Тухайлбал, “Монос” эмийн сангийн салбаруудын хөтөч эм зүйч нар эелдэг намуухан дуугаар “Танд юугаар туслах вэ” хэмээн найрсгаар угтан үйлчлэх нь сэтгэлд нэг л сайхан мэдрэмж төрүүлдэг юм. Дахиж орж үйлчлүүлмээр ч санагддаг. Цаг зав багатай яарч яваа үед угтан үйлчилж, иргэдийг чиглүүлэн цагийг хэмнэх, мэдээллээр хангах, хөнгөн шуурхай үйлчилгээ үзүүлж, зөвлөгөө өгөх нь хотын соёлын том илэрхийлэл.

Банк, санхүүгийн байгууллага, худалдаа, үйлчилгээний газар, хувийн эмнэлэг гэх мэт олон хүн үйлчлүүлдэг бизнесийн байгууллагууд хэрэглэгчээ өөртөө татах үйлчилгээний соёлыг соргогоор мэдэрч, үйл ажиллагаандаа нэвтрүүлж байна. Тэднээс төрийн албаныхан суралцаасай билээ.

Үйлчлүүлэгчээ хүндлэх энгийн соёл эргээд байгууллагын нэр хүнд, цаашлаад үйлчлүүлэгчээ татах том пиар болдог ажээ. “Хаан мэт хүндэл” гэж дарамтлах ч хаашаа юм. Гэхдээ миний харилцаа бусдад ямар сэтгэгдэл төрүүлэх вэ гэдгийг мэдэрч ажлаа хийгээрэй, хүмүүс минь. Бусадтай инээж харьцсан таны ажил ч бүтэмжтэй байх нь дамжиггүй.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here