Los Angeles Times: “Улаанбаатар” хаана байдгийг мэдэх хүн байна уу

Ирэх тавдугаар сард Умард Солонгосын залуу удирдагч Ким Жон Ун, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нар түүхэн уулзалт хийх билээ. Тэдний уулзалтын гол сэдэв нь Солонгосын хойг дахь цөмийн зэвсгийн асуудал байх юм.

Харин уг уулзалт чухам хаана болох нь дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа бөгөөд манай нийслэл Улаанбаатар ч уг уулзалтыг зохион байгуулах боломжит хувилбарын нэгд тооцогдож буй билээ. Энэ асуудалтай холбоотойгоор сүүлийн өдрүүдэд дэлхийн томоохон мэдээллийн агентлагууд өөр өөрийн өнцгөөс мэдээлж буй. Харин “Los Angeles Times”-д манай улсын талаар таагүй үг унагасан байлаа. Ингээд “Los Angeles Times” сонинд гарсан нийтлэлийг орчуулан хүргэе.

Гурав хүрэхгүй сарын дараа Ерөнхийлөгч Доналд Трамп БНАСАУ-ын удирдагчтай анхны бөгөөд түүхэн уулзалт хийх билээ. Гэхдээ тэд яг хаана уулзах вэ гэдэг нь энэ түүхэн үйл явдлын чухал асуудал болоод байна.

Одоогоор Монгол, Швед “Бяцхан пуужинтай залуу” гэж Трампын тодорхойлсон 34 настай удирдагч Ким Жон Ун болон АНУ-ын Ерөнхийлөгчийн уулзалтыг зохион байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Харин БНСУ-ын хувьд Умард болон Өмнөд Солонгосын дунд орших “цэрэггүй бүс”-ийг санал болгож байгаа юм. Бээжин ч гэсэн дэлхийн хэмжээний зуучлагч байх боломжтойгоос гадна Ким Жон Ун сургуульд нь сурч байсан байнгын төвийг сахих статустай Швейцарьт ч энэ боломж бүрэн бий. Эсвэл далайд завин дээр уулзвал ямар вэ. Гуам ч яагаад байж болохгүй гэж. Энэ бол ердийн нэг уулзалт биш билээ.

Ким Жон Ун 2011 оноос хойш Умард Солонгосын хилийн гадна нэг ч удаа гишгэж байсангүй. Харин Трамп Пхеньянд зүгээр яваад оччихгүй нь лавтай. Саяхныг хүртэл хоёр удирдагч нэг нэгнийгээ гутаан доромжилж байсан юм. Ингээд тэдний уулзаж болох газруудыг авч үзье.

Вашингтон

Ямартай ч, энэ удаагийн түүхэн уулзалтад оптик асуудал хамгийн чухал. Вашингтоны тухайд 1968 оны Умард, Өмнөд Вьетнамын Парисын энхтайвны яриа хэлэлцээрийг зохион байгуулж байсан. Ким Жон Ун Умард Солонгосыг дэлхий нийтэд АНУ-тай зиндаа нэг гэдгийг харуулахыг хүсвэл мэдээж Вашингтоныг зорихыг үгүйсгэхгүй. Бээжин дэх “Carnegie-Tsinghua” төвийн Умард Солонгос судлаач Тонг Жао “Умард Солонгосын бүх л удирдагчид АНУ-тай эн тэнцүү төвшинд хүрэхийг хүсч байсан. Харин АНУ-д хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг нь тэдний хувьд хүрч болох хамгийн дээд төвшин” гэж ярьж байна. Д.Трамп Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байхдаа Кимийг АНУ-д урьж, хачиртай талх идэнгээ цөмийн зэвсгийн асуудлаар ярилцана хэмээж байсан удаатай. Гэхдээ хэрэв Ким аюулгүй байдлаа бодож байгаа бол Умард Солонгосын нисэх онгоцнууд холын зайд нисэх боломжгүй билээ. Тэгэхээр түүнд гадны аль нэг агаарын тээврийн компанийг сонгох шаардлага тулгарна гэсэн үг. Гэвч, Ким эх орноо орхиод алсыг зорихыг хүсэхгүй нь лавтай.

Пхеньян

АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон, Жимми Картер нарын аль аль нь харилцаагаа сайжруулах зорилгоор Умард Солонгосын нийслэлд зочилж байжээ. Гэхдээ мэдээж Ерөнхийлөгчийн албан тушаалаа хашч байхдаа биш. Харин Ерөнхийлөгч Д.Трамп Пхеньянд очвол тэр нь Кимийг илүү их эрх мэдэлтэй болоход хүргэж магадгүй. Тиймээс Пхеньян руу очихгүй л болов уу.

Ази эсвэл Европ дахь төвийг сахисан аль нэг улс

Умард Солонгосын цорын ганц холбоотон болох БНХАУ өмнө нь хэд хэдэн хэлэлцээрийг зохион байгуулж байсан юм. Трамп ч Ерөнхийлөгч Ши Жиньпинд муугүй бөгөөд “Сайн залуу” хэмээн магтаж байсан удаатай. Гэвч, Хятад Умардын цөмийн зэвсгийн хөгжүүлэлтийг таслан зогсоох НҮБ-ын хориг арга хэмжээг хүлээн зөвшөөрч, Кимээс нүүр буруулж байсан юм. Түүнчлэн, Ши даваа гарагт Хойд Солонгосын албан тушаалтан биш, БНСУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөхтэй нь уулзсан байдаг билээ.

Нөгөөтэйгүүр, Монгол Улсын экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж твиттер хуудсаараа дамжуулж, өөрийн улсаа “Хамгийн тохиромжтой төвийн сахисан улс” хэмээж, түүхэн уулзалтыг эх орондоо зохион байгуулахыг санал болгосон юм. Монгол Умард Солонгос, АНУ-ын аль алинтай нь найрсаг харилцаатай. Гэхдээ хоёр удирдагчийн түүхэн уулзалтын сүрийг дарж магадгүй юм. Ингэхэд Улаанбаатар хаана байдгийг мэдэх хэн нэгэн байна уу?.

Зарим ажиглагчид 2015 онд Тайваны Ерөнхийлөгч Ма, Хятадын дарга Ши нарын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж байсан гэдэг утгаар Сингапурыг энэ удаагийн түүхэн уулзалтад яг тохирох газар хэмээн үзэж байгаа аж. Лови институтын шинжээч Грахам “Аюулгүй байдлыг хангасан. Төвийн сахисан байр суурьтай, зохион байгуулалт ч сайтай” гэж Сингапурыг үзэж байна.

Түүнчлэн, Европт хэзээ ч мартагдахааргүй дээд хэмжээний уулзалт хийх боломжтой. Швед Пхеньянтай харилцаатай боловч америкчуудын хувьд консулын газраас өөрцгүй. Харин төвийг сахисан статустай Швейцарьт Ким өсвөр насаа өнгөрүүлсэн билээ. Гэхдээ Ким долоон жилийн турш нэг ч удаа гадагш яваагүй учраас Швейцарьт очихын тулд бараг нэг өдрийг зарцуулах болно. Тиймээс түүнд ОХУ-ын зүүн өмнөд этгээдийн Владивосток хот илүү ойр байж мэднэ.

Хүнгүй газар

Хамгийн боломжит хувилбар нь Панмунжом тосгон. Тус тосгонд Умард, Өмнөд Солонгосын төрийн тэргүүнүүд ирэх дөрөвдүгээр сард түүхэн яриа хэлэлцээр хийхээр зэхэж байгаа юм. Хоёр Солонгосын хооронд орших уг цэрэггүй бүсэд Ким, Трамп нар уулзаж магадгүй. Гэвч, зарим судлаачид мөн л түүхэн уулзалтад тийм ч тохиромжтой бус хэмээн үзэж байгаа юм. БНСУ-ын Жэжү ч уг уулзалтыг хийхэд тохирох нэг хувилбар боловч аюулгүй байдал талаасаа байршил нь тохирохгүй байгаа юм.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here