Ким -Трамп нар Улаанбаатарт “нүүр тулах” уу

БНСУ-ын Пёнчан хотод болсон өвлийн 23 дахь удаагийн олимпын нээлтэд Умардын тэргүүн Ким Жон Ун төрсөн дүүгээрээ удирдуулсан тусгай төлөөлөгчдөө илгээсэн билээ. Түүний томилсон төлөөлөгчид олимпын нээлтэд оролцсоноос гадна Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй тусгай уулзалт хийж, энэ үеэр Кимийн барим­талж буй бодлогыг танил­цуулж, ирэх сард Пхеньянд айлчлахыг урьсан юм. Гэхдээ өдөр нь хараахан товлогдоогүй. Харин өнгөрсөн долоо хоногт Сөүл Үндэсний аюулгүй байдлын зөвлөх тэргүүтэй 10 тусгай төлөөлөгчөө Пхеньян руу илгээсөн бөгөөд тэд БНАСАУ-ын тэргүүн Ким Жон Унтай уулзаж, Солонгосын хойгийн нөхцөл байдлыг тогтворжуулах асуудлаар хэлэлцээр хийсэн байдаг. Сөүлийн тусгай төлөөлөгчдийн хувьд энэ уулзалт БНАСАУ-ын байр суурийг тандах, Солонгосын хойгийн нөхцөл байдлыг тогтворжуулах зорилготой байв. Гэхдээ тэдний хүлээлтээс ч илүү үр дүнг авчирч чадлаа.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Чон Ый Ён Пхеньянд айлчлаад Сөүлд газардмагцаа хэвлэлийн бага хурал хийж, Ким Жон Ун Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгоход хүчин чармайлт гаргахаа илэрхийлсэн гэдгийг зарлав. Харин дараа нь Пхеньянд айлчилсан тусгай төлөөлөгчид Вашингтоныг зорьж, Ким Жон Унтай хийсэн уулзалтынхаа үр дүнг АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампт танилцууллаа.
Цаашид ОХУ, БНХАУ, Япон зэрэг улсаар айлчилж, Солонгосын хойгийн нөхцөл байдлын асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байгаа аж. Түүнчлэн, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Умард Солонгосын тэргүүн Ким Жон Унтай тавдугаар сар хүртэлх хугацаанд нүүр тулж уулзахаар болсон нь олон улсын анхаарлыг татсан юм. Тэдний уулзалтын гол сэдэв “Солонгосын хойг дахь цөмийн зэвсгийг халах” асуудал байх аж. Одоогоор тэд хаана, хэдний өдөр уулзах нь тодорхойгүй байгаа юм.

Хамгийн сонирхолтой нь, Ким-Трамп нарын уулзах газрын нэг хувилбар нь манай улсын нийслэл Улаанбаатар болж магадгүй байна. Шинжээчдийн үзэж буйгаар хоёр Солонгосын хооронд оршдог Панмүнжом тосгонд эл уулзалт болж магадгүй ч, АНУ-ын Ерөнхийлөгч тус түүхэн уулзалтын төлөө Солонгосын хойгт очихгүй гэнэ. Тиймээс тэдний уулзалт төвийг сахисан статустай өөр улсад болох магадлал өндөртэй аж.
Энэ утгаараа манай экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ким-Трамп нарын түүхэн уулзалтыг эх орондоо зохион байгуулах санал гаргасан нь олон улсын хэвлэлүүдийн онцлох сэдвийн нэг болов. Тэрбээр твиттертээ “Нэг санал байна. АНУ-ын Ерөнхийлөгч Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким нарын уулзалтыг Улаанбаатарт зохион байгуулахыг санал болгож байна. Монгол бол хамгийн тохиромжтой, төвийг сахисан улс бөгөөд бид Япон, Хойд Солонгосын чухал уулзалтуудыг зохион байгуулж байсан. Хойд Солонгосын төлөөлөгчид Монголд байсан АНУ-ын хуучин албан тушаалтнуудтай уулзаж, хоёр улс урьдчилсан уулзалт зохион байгуулж байсан” гэж жиргэснийг “The Sun” ишлэн мэдээлсэн юм.

Харин үүний дараа “The Diplomat” онлайн сэтгүүлд “Трамп-Кимийн дээд хэмжээний уулзалтыг Монголын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулж болох найман шалтгаан” гэсэн нийтлэл хэвлэгдсэн байлаа. Сэтгүүлд нийтлэгдсэнээр, Ким-Трамп Улаанбаатарт уулзаж болох эхний шалтгаан нь Монгол Улсын төвийг сахисан байдал.
Монгол 1990 оны ардчилсан хувьсгалаас хойш улс төрийн төвийг сахисан байр суурийг баримталж, бүс нутгийнхаа бүх улстай найрсаг харилцаатай байдаг. Мөн 2015 онд төвийг сахисан статус баримтлах асуудлаар нэг бус удаа хэлэлцүүлэг өрнүүлж байсныг дурьджээ. Өөр нэгэн шалтгаан нь манай улс АНУ, БНАСАУ-ын аль алинтай нь найрсаг харилцаатай явдал аж. Монгол Улс 1990-ээд оноос хойш АНУ-тай найрсаг харилцаатай байгаа бол саяхан л гэхэд Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар Пхеньянд айлчилсан удаатай. Түүнчлэн, Трамп-Кимийн уулзалт Азид болох нь тодорхой бөгөөд Улаанбаатарт Умард Солонгос, АНУ-ын аль ч төлөөлөгчид төвөггүйхэн хүрэх боломжтой.

Нөгөөтэйгүүр, манайх БНАСАУ болон өөр улс орон хоорондын уулзалтыг зуучлан зохион байгуулж байсан туршлагатайгаас гадна Засгийн газар зохион байгуулсан олон улсын шинжтэй арга хэмжээнүүддээ Умард Солонгосын төлөөлөгчдийг байнга оролцуулсаар ирсэн юм. Үүнийг ч тус нийтлэлд дурьдсан байлаа. Өмнө нь 2007 болон 2012 онд Япон-БНАСАУ хоорондын уулзалт Улаанбаатарт болж байв. 2017 онд Монголын Засгийн газар Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээг зохион байгуулсан билээ. Энэ уулзалтад БНАСАУ-ын Гадаад харилцааны сайд Ри Ён Хо оролцож, бусад улс орны албаны хүмүүстэй хоёр талын уулзалтууд хийж байсан юм. БНАСАУ-ын албаны хүмүүс тав тухыг мэдэрч чадсан учир эдгээр уулзалтыг Монгол Улс маш амжилттай зохион байгуулж чадсан байдаг.

Өөр нэгэн шалтгаан нь, найдвартай байдал гэнэ. Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх нь Трамп-Кимийн уулзалтыг тойрсон гол асуудлуудын нэг. Тэгвэл Монгол Улс “цөмийн зэвгээс ангид бүс” болохоо 2012 онд эрхзүйн хувьд албан ёсоор баталгаажуулж чадсан гэдэг шалтгаанаар энэ удаагийн түүхэн уулзалтыг зохион байгуулах боломжит хувилбарын нэг болж байна. Мөн тус нийтлэлд “Хятадын дарга Ши Жиньпин, Оросын Ерөнхийлөгч Владимир Путин тэргүүтэй хүмүүс энэ уулзалтыг хийх өөр ямар нэгэн газар санал болгочихгүй бол Улаанбаатарт энэ уулзалтыг зохион байгуулахыг АНУ болон БНАСАУ-ын аль аль нь хүлээн зөвшөөрөх магадлалтай.Трамп-Кимийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахад холбогдох талуудаас хэдэн зуун албаны хүн оролцох нь мэдээж. Тэднийг хүлээн авах нь Улаанбаатарын хувьд тийм ч хэцүү асуудал биш. Улаанбаатарт өмнө нь томоохон хэмжээний арга хэмжээнүүд болж байсан. Тухайлбал, хамгийн сүүлд л гэхэд 2016 онд Улаанбаатар нь Ази-Европын удирдагчдын дээд төвшний уулзалтыг зохион байгуулсан билээ. Мөн тавдугаар сард Монголд цаг агаар тийм ч сайн дулаараагүй байх учир жуулчид цөөн байна. Тиймээс уг уулзалтад оролцох албаны хүмүүсийг байрлуулах зочид буудал, тэднийг тээвэрлэх нисэх онгоц хангалттай байна гэсэн үг. В.Путин, Ши Жиньпинээс гадна Деннис Родман мэтийн хэн нэгэн хөндлөнгөөс оролцохгүй, Панмүнжомд зохион байгуулахгүй л бол энэ уулзалтыг зохион байгуулахад тохиромжтой газар Улаанбаатараас өөр байхгүй” гэжээ.
Ямартай ч, олон жилийн турш “шүдний өвчин” болж байсан Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох асуудлаарх Ким, Трамп нарын түүхэн уулзалт өөр хувилбар гарч ирэхгүй тохиолдолд манай улсын нийслэл Улаанбаатарт болж магадгүй нь ээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here