С.Байгалмаа: Харшлын сорилыг харьяалал харгалзахгүй, үнэ төлбөргүй авна

Манай орны хувьд шарилжны харшлын эсрэг урьдчилан сэргийлэх эмчилгээг хийдэг бөгөөд бусад төрлийн ургамлын харшилд тохирсон өвөрмөц эмчилгээ байдаггүй аж. Шарилжны харшлын эсрэг урьдчилан сэргийлэх вакциныг Арьсны өвчин судлалын үндэсний төвд энэ оны дөрөвдүгээр сарын 05-наас хийж эхлэх гэнэ. Энэ талаар АӨСҮТ-ийн Харшил, дотрын эмч С.Байгалмаагаас тодрууллаа.

-Шарилжны вакциныг хэзээнээс хийж эхэлсэн бэ?

-Анх 1990 оноос нэгдүгээр эмнэлэгт туршилтын шугамаар хийж эхэлсэн байдаг. Харин 2007 оноос манай төвд шарилжны вакциныг хэрэглэж эхэлсэн. Шарилжны вакциныг анх тарилга, дусаалга, цацлага гэсэн гурван хэлбэрээр хэрэглэж байсан. Улмаар клиникийн судалгаа хийж, үр дүнтэй гэж үзсэн учраас сүүлийн жилүүдэд бүх нийтээрээ шарилжны вакцинд хамрагдах болсон.

-Урин дулаан болж, өвс ургамал ургах үеэс хүмүүсийн харшил хөдөлж эхэлдэг шүү дээ. Энэ вакциныг хэзээнээс хийж эхлэх вэ?

-Шарилжны вакцин гэхээр хүмүүс нэг удаагийн тариа гэж ойлгоод байх шиг байна. Уг вакцин нь нэг хайрцагтаа 12 шилтэй байдаг. Энэ оны дөрөвдүгээр сарын 05-наас хийж эхэлнэ.

-Төлбөрийн хувьд ямар байдаг вэ?

-Өмнө нь курс эмчилгээг 38 мянган төгрөгөөр хийж байсан. Харин одоо 50 мянган төгрөгөөр хийж байгаа. 70-80 хувийн үр дүнтэй гэж үздэг.

-Сорил тавихад төлбөртэй юу. Харьяалал харгалзах уу?

-Эрүүл мэндийн даатгалын дэвтрээ үзүүлээд, үнэ төлбөргүй сорил өгөх боломжтой. Ингэхдээ цахим бүртгэлээс цаг авах хэрэгтэй. Эрүүл мэндийн даатгалын дэвтэр бүрэн бөглөгдсөн тохиолдолд харьяалал харгалзахгүй, үнэ төлбөргүй сорил авдаг.

-Өдөртөө хэчнээн хүн ирж сорил тавиулдаг вэ. Насны хувьд ямар байна вэ?

-Өнгөрсөн онд 4000 орчим харшилтай хүн ирсэн. Эдгээр хүмүүсийн 1200 нь сорил тавиулсан. Шарилж илэрсэн нь 63, гэр ахуйн тоос 30, олон төрлийн ургамалд харшилсан нь 34 хувь байсан. Харин сүүлийн үед хүүхдүүд их ирэх болсон. Тодруулбал, 5-16 насны хүүхдүүд их ирж үзүүлдэг.

-Сорил тавиулж болохгүй тохиолдол байдаг уу?

-Сорил өгөхөд эсрэг заалт гэж бий. Жирэмсэн болон хөхүүл эх, тав хүртэлх насны хүүхэд, 70-аас дээш настай болон астамтай, арьсны тууралттай иргэд сорил тавиулж болохгүй. Үүнээс гадна, сүүлийн 72 цагт харшлын эм уугаагүй байх ёстой. Мөн уушгины болон зүрх судасны хүнд хэлбэрийн өвчтэй, хавдартай, өндөр даралттай, сүрьеэтэй хүмүүс сорил тавиулж болдоггүй. Гэхдээ арьсны сорил тавиулах боломжгүй дээр дурьдсан шалтгаантай хүмүүс цусаар сорил өгөх боломжтой. Энэ нь төлбөртэй байдаг юм.

-Сорил өгөх гэж байгаа хүн дээр дурьдсан өвчнүүдийн аль нэгээр өвчилснөө мэдэхгүй байж болох уу?

-Эмч, өвчтөн хоёулаа хариуцлагатай байх ёстой. Дээр дурьдсан өвчнүүдийн аль нэгээр өвчилж байсан эсэхийг нь сайн асуух хэрэгтэй. Мөн арьсыг нь харна. Арьс цэвэрхэн тууралтгүй байх ёстой. Гэхдээ арьсыг зурж үздэг. Тэр үед улайж, үрэвсэж эхэлвэл сорил тавьж болохгүй гэсэн үг. Тэгэхээр эмч, өвчтөн хоорондоо ярилцах, өвчтөн юу ч нуухгүй бүх зүйлээ хэлэх хэрэгтэй. Тэгж байж л сорил тавина.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here