Г.Бум-Эрдэнэ: Би сайдын өөдөөс үгүй гэж хэлж чадахгүй шүү дээ

0
3580

Нэгдүгээр сургуульд хүүхдүүдээ оруулах гэсэн эцэг, эхийн тоо жилээс жилд өсөж байгаа. Тус сургуульд хүүхэд элсүүлэх жишиг үнэ нь найман сая төгрөг хүрсэн гэх мэдээлэл гадуур бий. Энэ бүхэнд хариулт авахаар Нэгдүгээр сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Бум-Эрдэнэтэй ярилцлаа.

-Та энэ сургуулийн захирлаар өнгөрсөн хавар томилогдсон бил үү?
-Би Нийслэлийн засаг даргын захирамжаар 2017 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр томилогдсон.

-Таныг ажлаа авсан эхний жилд нэгдүгээр ангид хэдэн хүүхэд шинээр элссэн бэ?
-2017-2018 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид 350 орчим хүүхэд шинээр элссэн.

-Үүнээс хамран сургах тойргийн хүрээний хэдэн хүүхэд элсэв?
-180 орчим байсан гэхээр шинээр элссэн хүүхдүүдийн тал нь болж таарч байна. Хамран сургах тойргийн хүрээг Нийслэлийн боловсролын газраас гаргадаг. Бид гаргадаггүй. Хичээлийн шинэ жил эхэлснээс хойш тойргийн хүрээний хүүхдээ бүртгүүлэхээр эцэг, эхчүүд мэр сэр ханддаг. Тэр үед нь тухайн хүүхдийг суулгах суудлын тоо байгаа тохиолдолд бүртгэж аваад хичээлд нь оруулдаг. Гэхдээ хамран сургах, тойргийн хүрээний хүүхэд цаг хугацаандаа ирж бүртгүүлээгүй тохиолдолд тэр хүүхэд ирж сурах ёстой гэж суудлын тоог нь хадгалах боломж бидэнд байхгүй. Эцэг, эхчүүдээс нийтлэг гаргадаг гомдол байдаг л даа. Манайх гадаадад байж байгаад ирлээ. Хамрах хүрээний сургуульд хүүхдээ заавал оруулмаар байна гэдэг. Гэвч тэр хүмүүсийн гадаадад байсан нь тэдний л асуудал шүү дээ. Тийм учраас бүртгэж аваад байх боломж байдаггүй. Үүнээс болоод зөрчил үүсдэг тал бий.

-Танай нэгдүгээр анги хэчнээн бүлэгтэй вэ?
-Энэ жилийн хувьд долоон бүлэг хичээллэж байна. Дунджаар нэг бүлэг 50-60 хүүхэдтэй байгаа. Өмнө нь зургаан бүлэгтэй байсан. Гэтэл нэг анги хэтэрхий олон хүүхэдтэй болчихоод байсан. Дээрээс нь энэ тэндээс шалгалт ирээд зөрчилтэй байна зас гэсэн даалгавар өгсөн учир бид сургуулийнхаа анги танхимыг тооцоолж үзээд энэ жилдээ шинээр нэг бүлэг нээе, харин ирэх жилээс таван бүлгээр хичээллүүлье гэж тогтсон.

-Ер нь нэг ангид хэчнээн хүүхэд сурна гэсэн нормтой вэ?
-Хуульд анги дүүргэлтийн тоо 35 байна гэсэн байдаг. Нийслэлийн сургуулиуд гэтэл 35 битгий хэл гурван ээлжээр хичээллэж байгаа шүү дээ. Тэгэхээр 35 гэдэг бол цаасан дээрх тоо болчихож байгаа юм. Жишээлбэл, сая манай сургуульд шалгалт ирээд нэг ангийн хүүхдийн тоо 35 байх ёстой. Байлга гэсэн үүрэг өгсөн. Нийслэлд хангалттай сургууль байхгүй энэ үед тэр тоог барих боломж байхгүй. Манай сургуульд социализмын үеэс баримталж байсан стандарт гэж байсан. Тэр стандартаар нэг ангид дээд тал нь 36 хүүхэд байхаар бүртгэдэг байсан. Тэр бол манай сургуулийн анги танхимын хэмжээнд яг таарсан тоо. Цаашид энэ стандартаа бариулъя гэсэн бодолтой л байгаа. Гэвч бодит байдал тэс өөр шүү дээ.

-Танайх хамран сургах тойрогоос өөр хүүхэд авахгүй гэж гүрийчихэж болдоггүй юм уу. Уг нь тэгж чадвал анги танхим чинь стандартаа яг барих л юм байна?
-Хамран сургах тойргийн хүүхдээ 100 хувь элсүүлж авна. Авах ч ёстой. Энэ бол бидний үндсэн үүрэг. Аваад цаана нь хүүхдийн суудал байх юм бол нэмэлт элсэлтээ сургуулийн дотоод дүрэм журамд тааруулаад авдаг. Хүүхдийг сургуулиар хангах чинь монголчуудын асуудал болчихоод байгаа шүү дээ. Сургуулийнхаа тоо хэмжээг бүх хүүхдэд хангалттай хүрэлцэхээр барьчихаад ингэж ярьж байвал болно. Тэгээгүй тохиолдолд хэцүү.

-Улстөрчид, олны танил хүмүүс, мөнгө хөрөнгөтэй бизнесменүүд танай сургуульд хүүхдээ сургах сонирхол өндөр байдаг байх?
-Үе үедээ л байсан юм. Одоо энэ асуудал бүр хурцаар тавигдаж байна. Боловсролын бодлого дөрөв дөрвөн жилээр өөрчлөгдөн нуран унаж байна. Нэг Засгийн газар гарч ирэнгүүт өмнөх бодлогоо өөрчилсөөр байгаад боловсролын салбар элгээрээ хэвтчихлээ шүү дээ. Яах гэж байгаагаа ч мэдэхээ больсон. Олон улсын хөтөлбөр, цөм хөтөлбөр л гэнэ. Тэгснээ ерөөсөө энэ олон хөтөлбөр хэрэггүй ганц л байхад болно гэх зэргээр үе үеийн сайдууд өөрчилдөг. Манай сургууль энэ олон хөтөлбөрийн золиос болоогүй. 1947 онд манай сургуулийн энэ байр ашиглалтад орсноос хойш гуравхан бага ангийн багш өөрчлөгдсөн. Хамгийн анхных нь хүн болгоны сайн мэдэх Цэвэгийн Цэрэннадмид багш байна. Үе үеийн бүх сурагчдаа овог нэрээр нь дууддаг гавьяат багш байна. Энэ агуу хүний тогтоож өгсөн бат суурин дээр сурч бойжсон хүүхдүүдийг манай сургуулийн намын үүргийн даргаар ажиллаж байсан н.Цэрэнхүү багш залгаж аваад цааш нь сургадаг. Ийм сайн суурин дээр өсөж бойжсоор ирсэн учраас Нэгдүгээр сургуулийн сургалтын чанар сайн гэж дүгнэдэг юм. Бусад бүх сургууль учраа олохоо байсан байхад манай сургууль сайн гэж хэлэгдэж, хүмүүст сайшаагдсаар байгаагийн учир энэ. Хүн бүхэн хүүхдээ Нэгдүгээр сургуульд оруулъя гэж зүтгэдгээс болоод эрэлт хэрэгцээ үүсгэчихэж байна. Хүмүүс өндөр төлбөртэй хувийн сургуульд жил бүр өндөр төлбөр төлж байхаар яаж ийж байгаад Нэгдүгээр сургуульд оруулчихъя гэдэг болсон. Энэ жилийн хувьд би захирал болоод туршлага муутай байсны улмаас жаахан асуудал үүссэн. Манай сургууль социализмын үеэс төрийнхөө, түмэн олныхоо төлөө өдөр шөнөгүй зүтгэж байгаа үе үеийн удирдлагуудын хойч үеийг, ар талыг хүн болгоно гэсэн бичигдээгүй хууль мөрдөж ирсэн. Энэ уламжлалыг таслахгүй байх үүднээс хүүхдийн суудал байгаа л бол тэдний хүүхдүүдийг бүртгэж ирсэн. Насаараа энэ сургуульд ажилласан хүмүүсийн үр хүүхдүүдийг бүртгэхэд дэмжлэг үзүүлнэ гэсэн сургуулийн дотоод журам байдгаас үүдэн даац жаахан хэтэрсэн.

ҮРГЭЛЖЛЭЛИЙГ МОНГОЛЫН МЭДЭЭ СОНИНООС

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here