Орон орны шинэ жилийн өвөрмөц уламжлалууд

Манай улс өнгөрсөн зууны 20-иод оны эцсээс аргын тооллын шинэ жилийг тэмдэглэж эхэлсэн. Анх хойд туйлын цагаан сахалтай өвгөн, цасан охидын хамт хүүхэд багачуудад бэлэг тараадаг байсан бол сүүлийн жилүүдэд цагаан сахал, улаан хувцастай залуус тэрхүү өвгөнийг орлох болсон юм. Энэ мэтээр шинэ жилийг угтах, тэмдэглэх уламжлал дэлхийн орон бүрт өөр өөр байдаг аж. Ингээд орон орны шинэ жилийн өвөрмөц уламжлалуудыг танилцуулья.

Австрали шинэ жил

Австралид шинэ жил бараг зуны дундуур болдог учир бүгд наран шарлагын газарт очиж усанд сэлэн зугаацдаг байна. Орой болоход энд тэндгүй хэдэн мянган түүдэг асч, улаан өнгийн шорт өмссөн Санта Клаус үүгээр түүгээр зочилж  шинэ оны мэнд хүргэдэг.

Орос шинэ жил

Славянчуудын энэ баяр МЭӨ XV зууныг хүртэл Юллианы тооллын дагуу жил бүрийн гуравдугаар сарын 1-ний өдөр тохиодог байсан ажээ. Харин 1348 онд Москва хотноо шинэ оныг гуравдугаар сард биш харин есдүгээр сард тэмдэглэж байх тушаал гарсан байна. XVIII зуунд Европын бараг бүх католик шашинтай ард түмэн Григорийн тоололд шилжсэний дараа Орос оронд Европын баяртай адил 1919 оноос эхлэн Григорийн тооллыг мөрдөж шинэ оныг тэмдэглэх болжээ.

Англи шинэ жил

Англи улсад шинэ жилээр “Fatter new year” гэгчид захиа бичдэг, түүндээ зөвхөн бэлэг сэлтийн зүйл төдийгүй хүсэл бодлоо ч илчилнэ. Бичсэн захиагаа пийшиндээ хийж шатаадаг аж. Пийшингээс гарч буй утаа шинэ жилийн эцэгт захисан бүгдийг хүргэдэг гэж тэд үздэг байна. Энэ нь уламжилсаар бие биедээ шинэ оны мэнд дэвшүүлсэн ил захидал бичих болсон гэдэг.

Франц шинэ жил

Францад шинэ жилээр айлд уригдсан зочид тэр гэр бүлийнхэнд анхаарал тавьсны тэмдэг болгож хэрчим мод авчирдаг. Шинэ жилийг угтан хүүхдүүд цасан хүн хийж, тойрон бүжиглэдэг. Хийсэн цасан хүн нь хамгийн сүүлд хайлсан хүүхдийг хамгийн азтайд тооцдог.

Финланд шинэ жил

Финляндад өвлийн өвгөн айлд зочлоод “Энд томоогүй хүүхэд бий юу?” гэж асууна. Тэгээд зөвхөн дуулгавартай хүүхдэд бэлэг өгдөг гэнэ. Финчүүд шинэ жилийн шөнө сармисыг зөгийн балтай хольж иднэ. Нөхөрт гарах охид нуруугаараа хаалга налан зогсоод гутлаа тайлан мөрөөрөө давуулан шиднэ. Гутал нь хаалга хамраараа мөргөж унасан бол гарч байгаа онд хурим болно гэж бэлгэддэг ажээ.

Шотланд шинэ жил

Шотландад шинэ, хуучин жил солигдоход торхон дотор давирхай шатааж гудамжаар өнхрүүлдэг. Шөнийн 00 цаг болмогц гэр бүлийн хамгийн нэр хүндтэй хүн хэсэг зуур үүдээ онгойлогдог. Энэ нь шинэ оныг гэртээ урьж буй хэрэг гэнэ. Айлд шинэ жилийн өглөө хамгийн түрүүн орж хүнийг аз жаргал авчирлаа гэж хүндэтгэн зочилдог байна.

Унгарын шинэ жил

Унгарт шинэ жилд зориулсан идээ будаалгад шувууны мах огт тавьдаггүй. Эртний энэ уламжлал ёсоор шинэ жилээр шувууны мах идвэл тэр хүний аз жаргал нисээд явчихна гэж үздэг.

Энэтхэг шинэ жил

Энэтхэгт шинэ жилийг шөнө дунд биш нар мандахад угтдаг. Хувцсаа ягаан, улаан, цагаан өнгийн цэцгээр, хаалга цонхоо гэрлээр чимж, эелдэг зантай байхыг хүн бүр эрхэмлэнэ. Уурлаж, маргасан хүн жилийн турш өөдлөхгүй гэж үздэг. Тийм учраас босгоныхоо өмнө зочломтгой эзний тэмдэг болгож өнгөт зураг тавьдаг байна. Он солигдох шөнө, хүүхдүүдэд өгөх бэлгээ тусгай тавиур дээр бэлтгэнэ. Шинэ оны өглөө хүүхдүүд нүдээ анин тавиур дээрээс бэлгээ авдаг заншилтай. Шинийн нэгний өглөө Энэтхэгчүүд аз жаргалын бурхан – лашмид мөргөдөг.

Японы шинэ жил

Япончууд шинэ оныг “Шёо гацү” гэдэг. Нэг жилийн амьдрал улиран өнгөрөх, дахин нэг шинэ жилийн амьдрал эхлэх үйл явцыг заагладаг цаг тооллын баяр гэж үздэг байна. Япончууд шинэ жилээр гэрийнхээ үүдийг бэрсүүт жүрж болон нарсны төрлийн модоор чимэглэдэг. Энэ нь урт удаан амьдрал, аз жаргал, эрүүл мэндийг бэлгэдсэн утгатай. Он солигдох мөчид сүмүүд 108 удаа харанга хэнгэрэг дэлдэнэ. Хүүхдүүд бодол санаагаа шингээн зурсан зургаа дэрэн доороо хийж угтана. Японд шинэ оны нэгдүгээр сар гарахаар христийн нийтийн он тооллын шинэ жил, Японы эзэн хааны он тооллын шинэ жил, манайхны 12 жилээр тоолдог аргын цагаан сар цөм нэгэн зэрэг эхлэн тоологддог онцлогтой байна.

Швейцарт, Австрийн шинэ жил

Швейцарь, Австрид шинэ жилээр багт наадмын хувцас өмсч өөрсдийгөө Сильвестр Клаус гэж нэрлэнэ. Энэ нь Ромын хамба лам Сильвестрийн тухай эртний домогтой холбоотой ажээ. Домогт, далайн аймшигт мангасыг хамба лам Сильвестр 313 онд устгасан тухай өгүүлдэг. 1000 он гарахад мангас дахин амилж ертөнцийг сөнөөж хариугаа авна гэж үздэг байжээ. Тэр мөчид хүмүүс баг өмсч мангастай тулалдахад бэлтгэсэн боловч ямар ч муу үйл тохиолдоогүй ажээ. Үүнээс хойш шинэ жилийг угтан багт наадам зохиох болжээ. Шинэ жилийн үдэш хүмүүс асч байгаа лааны дүрс бүхий хувцас өмсөөд мангасыг хөөж байгаа дүр үзүүлэн тоглодог байна.

Герман шинэ жил

Германд шинэ жилийг голдуу гэр бүлийн хүрээнд тэмдэглэнэ. Хуучин оныг үдэх мөчид гэр бүлээрээ цугалж нэг нэгэндээ бэлэг өгдөг. Тэдний нэг онцлог нь 12 сарыг төлөөлүүлэн 12 сонгины үндсийг ухаж аваад давс хийж тавьдаг. 12 цагт сонгиноо үзэхэд аль сарынх нь давсыг бүгдийг нь уусгасан бол тэр сарыг хур бороотой, уусгаж чадаагүй нь гантай болно гэж таамагладаг.

Нидерланд шинэ жил

Нидерландчууд шинэ жилийн баярын өдөр дугариг хэлбэртэй жигнэмэг идвэл ирэх ондоо амжилт дүүрэн байна гэдэгт итгэдэг. Учир нь эхлэл төгсгөлгүй, голдоо нүхтэй цагираган жигнэмэг төгс бүхнийг бэлгэддэг байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here